Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, бүлгийн 42 гишүүнээс 41 гишүүн оролцож УИХ-ын гишүүн Б.Түвшин 24 гишүүний санал авч, УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонгогдсон байна. Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин 17 хүний санал авчээ.
Хурлын дараа УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийсэн бөгөөд энэ үеэр блүгийн даргаар сонгогдсон Б.Түвшин бүлгийн үйл ажиллагаа болон зарим асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Ардчилсан намыг бүлгийг эв нэгдэлтэй, цул байлгахдаа анхаарна. 42 гишүүнийг хүчтэй сөрөг хүчин байлгахад анхаарна. Бүлгийнхээ гишүүдийн үзэл бодлыг нэг бодлого дээр зангидаж, тодорхой үр дүнд гаргахад чиглэнэ.
УИХ-ын гишүүдийн хувьд Монгол Улсын эдийн засаг болон улс орны аюулгүй байдал үндэсний язгуур эрх ашгийн төлөө тууштай зарчим баримталж, энэ чиглэлийн бодлого явуулах нь бидний зорилго. Тэрнээс өнөө маргаашийн "оноо" авах, улс төржсөн зүйлтэй холбогдохгүй.
Ардчилсан намын бүлгийн даргад нэр дэвших процесс хэн нэгний захиалгаар явагдаагүй. Дотоодод яригддаг хэл ам болохоос Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн захиалгаар нэр дэвшээгүй. Хоёрдугаарт 1XBET-тэй холбоотой асуудлыг эрэн сурвалжлах сэтгүүлчдэд тавимаар байна. Эзэд нь хэн бэ, хэн тоглуулаад байна вэ гэдгийг сурвалжлахыг хүсэж байна. Энэ бол улс төрийн зорилготой гүтгэлэг" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна