Сирид иргэний дайн дэгдлээ

Х.Батсайхан
8 цаг 45 минутын өмнө

 Босогчид Алеппо хотын төв  хэсгийг онцын эсэргүүцэлгүй эзэлж авснаа тэмдэглэж буй нь . Фото: Minene Hindevi / Anadolu / Getty Images

Сирийн босогчид өнгөрсөн сарын 28-ны өдрөөс эхлэн Засгийн газрын эсрэг зэвсэгт тэмцэл өрнүүлж эхэлжээ. Бослого эхэлсэн эхний өдрүүдэд Алеппо хот орчмын 10 гаруй тосгоныг эзлээд босогчид өчигдөр Алеппо хотыг хяналтдаа авсан мэдээлэл олон улсад түгэв.

Ингэснээр, АНУ, ОХУ-ын хооронд маш эрчтэй өрнөж байгаад намжсан Газар дундын тэнгисийн төлөөх эчнээ тэмцэл нь дахин эхэллээ. Сирийн Ерөнхийлөгч Башар Асад бослого дэгдсэний дараа холбоотнууддаа хандаж, та бүхний тусламжтайгаар газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хамгаална гэсэн утгатай мэдэгдэл хийсэн нь эсрэг талынхаа хүчийг дутуу үнэлэхгүй байгааг илтгэсэн. Өөрөөр хэлбэл, Сирийн нэлээд хүч шавхсан, өргөн хүрээтэй тэмцэл өрнөх нь тодорхой болж байна. Нэгэнтээ Б.Асад холбоотнууддаа хандсан учраас улс орнууд татагдан орох нь тодорхой. Тэдгээр нь Сирийн дайнд өмнө нь ил, далд оролцож байсан улсууд байна гэдэг нь ч ойлгомжтой юм.

                                                          Газар дундын тэнгисийн төлөөх тэмцэл

Сирийн одоогийн Ерөнхийлөгчийг ОХУ дэмждэг бөгөөд найдвартай хамгаалагч нь юм.

ОХУ-д Башар Асадын дэглэмийг дэмжих прагматик, стратегийн хоёр шалтгаан бий. Прагматик шалтгаан нь, 1971 оноос Сирийг засаглаж ирсэн Хафез Асадтай ЗХУ сайн харилцаатай байсан. 1990 онд Зөвлөл нуран унасан ч ОХУ харилцаагаа яг урьд өмнөхөөр нь хадгалж үлдсэн. Энэ харилцаа нь эдийн засаг болон цэргийн салбарт илүү үр өгөөжөө өгч байсан, одоо ч хэвээрээ. Харин хоёр дахь шалтгаан нь стратегийн шинжтэй бөгөөд илүү өргөн хүрээтэй. 

АНУ Газрын дундад тэнгист ноёрхлоо тогтоож буй энэ үед ач холбогдол нь бүр ч өсөөд байгаа юм. Хүйтэн дайны жилүүдэд ЗХУ Ойрхи дорнодын орнуудаас Сирид л ашиг сонирхлоо хадгалдаг байсан, Израйльтай хэзээнээсээ таардаггүй энэ улс баруунаас хамгаалах нэг ёсны бамбай байсан юм. Сирид ОХУ тэнгисийн цэргийн баазаа байгуулсан нь одоо ч үйл ажиллагаа явуулсаар байна. ОХУ төрийн бодлогод нь шууд нөлөөлж чадах улс бол ганцхан Сири юм. 

Л.И.Брежнев, Хафез Асад 

Баас нам ЗХУ-ын санхүүгийн шууд дэмжлэгээр 1963 онд Сирийн төрийн эрхэнд гарсан. Энэ нам одоо болтол эрх барьсан хэвээр байгааг та бид мэднэ. ЗХУ-аас Сири рүү асар их зэр зэвсэг, тэсрэх бодис, байлдааны машин, танк, пуужингууд цуварч эхэлсэн юм. Сири улс асар их зэр зэвсэг худалдаж авсан ч өрийг нь төлөлгүй цааргалсан учир 1992 он гэхэд Сири улсын ОХУ-ын өмнө хүлээх өр 13 тэрбум ам.долларт хүрээд байв. 2005 онд хоёр улс 10 зэр зэвсэг нийлүүлэх тэрбум ам.долларын гэрээ хийснээр хуучин харилцаагаа жинхэнэ утгаар нь сэргээжээ. Ингэснээр Сири нь ОХУ-ын эрх ашгийг хамгаалдаг Ойрхи Дорнодын гол улс болсон юм. 

Башар Асад, В.Путин 

Сири улс АНУ, Израильтай эртнээс дайсагнасан харилцаатай байдаг учир зэр зэвсгийг ихээр худалдаж авсаар иржээ. ОХУ Сирид пуужингаас эсэргүүцэн хамгаалах С-300 пуужин, МиГ-31 сөнөөгч онгоц нийлүүлэхэд Израиль улс түгшиж байгаагаа удаа дараа илэрхийлж байв. Тартусыг ОХУ-ын Тэнгисийн цэргийн бааз болгох хэлэлцээр амжилттай төгсөхөд ч энэ үгээ хэлж байлаа. 

Сири улс 2007 онд Израилийн хилийн дагуу хүч төвлөрүүлж эхэлсэн бөгөөд байн байн цэргийн хээрийн сургууль явуулах болсон нь Израилийг байлдааны бэлэн байдал зарлахад хүргэсэн. Энэ үед тэд мөн л ОХУ-ыг буруутгаж байв. Эдүгээ Сирид өрнөж байгаа үйл явдал Египет, Тунист болж байснаас ялгарах юмгүй.

АНУ тэргүүтэй холбоотнууд Газар дундын тэнгист ноёрхлоо бүрэн тогтоогоод байгаа энэ үед ОХУ Тартус баазаа авч үлдэхийн төлөө бүх хүчээ дайчлах нь тодорхой. Ингэснээрээ ОХУ хэрэг дээрээ хоёр дахь фронтыг нээнэ гэсэн үг. А.Гитлер Дэлхийн хоёрдугаар дайнд чухам хоёр дахь фронтыг нээснээс болж Герман ялагдсан гэдэг гаргалгаа байдаг.

Одоо ч барууныхан чухам ингэж төлөвлөж байж мэдэх юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна