С.Бямбацогтын "Тойргоо усалсан 180 тэрбум" буюу төсвийн мөнгийг нутаг руугаа урсгасан БАРИМТ

С.Гандэлгэр
2024/12/03

Сайд дарга нар улс төрийн сонгуульд ялах амин хувийн эрх ашгаа гүйцээхийн тулд төсвийн хөрөнгийг тойрогт чиглүүлдэг муухай арга байдаг. Жижиг мажоритар тогтолцооны гажиг гэж нэрлэгддэг энэ цоорхойг хамгийн сайн ашигладаг байсан хүмүүсийн нэг нь УИХ-ын гишүүн С.Бямбацогт байжээ. 

2008 оноос хойш завсаргүй УИХ-д сонгогдон. Бүлгийн дарга, Байнгын хорооны дарга, ХЗДХ-ийн сайд, Зам тээврийн сайд, БХ-ын сайд гээд хашиж үзээгүй албан тушаал үгүй энэ хүн ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрс зэрэг олон асуудалд холбогдсон ч сайдын суудал сэлгэсээр байдгийн нэг нууц нь тойргоо төсвийн мөнгөөр "услах" явдал юм. 

Тэрбээр Батлан хамгаалахын сайд болохоосоо өмнө Зам тээврийн сайдаар жил гаруйхан хугацаанд ажиллахдаа өөрийн сонгогдсон Ховд аймаг  руугаа тэрбум тэрбумаар нь төсөл хөтөлбөр, зам барьсан мэдээллийг та бүхэнд хүргэе.  

Хар богоч уулаас Дөргөн сум хүртэлх 40.7 км зам тавих 49.8 тэрбумын тендер

Ховд-Дөргөн сум чиглэлийн хатуу хучилттай авто зам, 40.7 км /Ховд, Дөргөн сум/

Нийт 49 тэрбум 859 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 40.7 км замын төсөл. Зам Хар богоч уулаас Дөргөн сумын хооронд тавигдах бөгөөд Хар ус нуурын баруун болон хойд хэсэгт байрлах юм. Энэ онд санхүүжих дүн 5.5 тэрбум. 

Сумын төвд зам тавих 1.5 тэрбумын тендер

Ховд аймгийн дөргөн сумын төвийн хатуу хучилттай зам

Энэ оны хоёрдугаар сард зарлагдсан тендер. Нийт 1.5 тэрбум төсөвт өртөгтэй. Дөргөн сумын төвд 1км авто зам барих юм. Санхүүжилтийг энэ онд олгоно

Баруун босоо тэнхлэгийн авто замыг Ховдын Мөнххайрхантай холбох 70.1 тэрбумын тендер 

Баруун босоо тэнхлэгийн авто замаас Ховд аймгийн Мөнххайрхан сум чиглэлийн хатуу хучилттай авто зам, 63.5 км /Ховд, Мөнххайрхан сум/

Баруун босоо тэнхлэгийн автозамаас Ховд аймгийн Мөнххайрхан сум чиглэлийн хатуу хучилттай авто зам 63.5 км замын тендер. Төсөвт өртөг нь 70.1 тэрбум. Энэ онд 8.5 тэрбум төгрөгөөр санхүүжнэ. Ерөнхийдөө баруун босоог Ховд аймгийн Мөнххайрхан сумтай холбох зам гэсэн үг. 

Ховдын дарви сумруу чиглэсэн 32.58 тэрбумын тендер

Хэвтээ тэнхлэгийн хатуу хучилттай авто замтай Цэцэг сумыг холбох хатуу хучилттай авто зам, 32.4 км /Ховд, Дарви сум/

Нийт 32.4 км урттай хатуу хучилттай авто зам. Ховд - Улаанбаатар буюу хэвтээ тэнхлэгийн хатуу хучилттай замыг Хөшөөтийн уурхай буюу МоЭнко компанийн уурхайтай холбох авто зам. Нийт төсөвт өртөг нь 32.5 тэрбум. Энэ онд 5 тэрбумаар санхүүжнэ. 

Дээр дурдсанчлан С.Бямбацогт төдийгөөс өдий хүртэл МоЭнко болон Хөшөөтийн уурхайн талаар ганц үг дуугарч байгаагүй. Бүр хамгаалдаг хэмээн УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хэлж байв. Түүгээр зогсохгүй дүүгийнхээ компаниар Хөшөөтийн нүүрс тээвэрлэлт, төсөл хөтөлбөрүүдийг нь авдаг гэх мэдээлэл байдаг. Тодруулбал С.Бямбацогтын төрсөн дүү С.Баянмөнхийн “Алтай строй” ХХК нь “Хөшөөт”-ийн нүүрсний уурхайн нүүрсийг Ховд аймгийн Булган-БНХАУ-ын Такашикен боомтоор дамжуулан урд хөрш рүү гаргах тээвэрлэлтийг хариуцдаг аж. Ингээд харвал түүний сайд байхдаа Хөшөөтийн уурхай руу 32.4 км зам тавих гэсэн үйлдэл ойлгомжтой болно.