-Нүүрс биш, өндөр технологийн түүхий эд, газрын ховор элемент бидний найдвар-
Манай улсын экспортын гол түүхий эд болох нүүрсний хэрэглээ ирэх жилүүдэд багасч, дагаад үнэ ханш буурах төлөв ажиглагдаж байгаа талаар уул уурхай, эдийн засгаар дагнан бичдэг хэвлэлүүдэд бичсээр байна.
Дэлхийн банкны таамаглалд бичсэнээр, 2024 онд нүүрсний хувьд үнэ ханш өндөр байсан сүүлийн жил, дулааны эрчим хүчнээс сэргээгдэх эрчим хүч рүү шилжих эргэлтийн цэг гэж тэмдглэгдэж магадгүй гэнэ. Тодруулбал, нүүрсний эрэлт, үнэ ханш 2024 онд өссөн бол 2025 онд буурч, 2026 он үргэлжлэх төлөвтэй байгааг онцолжээ.
Том зургаар харвал, энэ жил нүүрсний том хэрэглэгчдээс Энэтхэгийн эрэлт өсөж, АНУ-ынх тогтвортой байсан бол Европын хэрэглээ буурчээ. 2025, 2026 онд энэ төлөв байдал хэвээр хадгалагдах бөгөөд сэргээгдэх эрчим хүч рүү хийж буй шилжилт ийм хүлээлт үүсгэж байгааг тэмдэглэсэн байна.
Өөр эх сурвалжуудад мөн ийм агуулгаар мэдээлэл орж байгаа ч “Эрэлт өсөх, буурах магадлал тэнцвэртэй” гэсэн тайлбар хийж, “хаяагаа манаж” байна. Энэ нь эрэлт баталгаатай буурч үнэ ханш унана гэх баталгаа байхгүйг харуулж буй. Гэхдээ, чиг хандлага сэргээгдэх эрчим хүч рүү чиглэж байгаа нь гарцаагүй үнэн бөгөөд энэ нь манай улсын хувьд анхаарал хандуулах шалтгаан мөн.
Нүүрсний хэрэглээний 2/3-ыг бүрдүүлдэг Энэтхэг, БНХАУ-ын эрэлт өсөх магадлалтай
Нүүрсний эрэлт, үнэ буурах таамаг хэвлэлээр их гарч байгаа ч манай талд ашигтай байж болох нөхцлүүд бас дурдагдаж байгааг энд цуглуулж үзье.
Манай улсын хувьд, нүүрсний ханш БНХАУ-ын зах зээлээс шууд шалтгаалдаг. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп БНХАУ-тай худалдааны дайнаа үргэлжлүүлэх хүрээнд үйлдвэрүүдээ тус улсаас гаргана гэсэн хүлээлт байгаа нь урд хөршийн нүүрсний эрэлтийг багасгана гэсэн болгоомжлол бодитой.
Гэхдээ ган гачиг болох, урьдчилж тооцоолоогүй нөхцөл байдлын улмаас эрэлт, үнэ өсөхийг ч үгүйсгэхгүй байна.
Түүнчлэн, газрын ховор элементийн зах зээлийн 90 хувийг дангаараа базаж буй давуу талаа ашиглаад сэргэгдэх эрчим хүчний эх үүсвэрийн үйлдвэрлэлд ноёлж эхэлсэн нь хэрэглээг барих хүчин зүйл болж магадгүй байгаа юм. Тодруулбал, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл барууны орнуудын гол зэвсэг байхаа больж, БНХАУ илүү хямд, найдвартай тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх болжээ.
Энэтхэгийн хувьд, коксжих нүүрсний дотоодын хэрэглээгээ хангаж чадахгүй, БНХАУ-аас импортлож байгаа ч бүс нутгийн гол өрсөлдөгчөөсөө хараат болохгүйн тулд өөр нийлүүлэгчийг эрчимтэй хайж буй. Тэдгээрийн тоонд Монгол багтсан яваа гэдгийг бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Дээрх бүх мэдээллийг нэгтгээд үзвэл, нүүрсний хэрэглээ ойрын жилүүдэд биш гэхэд алсдаа улам хумигдах дохиог хангалттай өгч байгаа бөгөөд орлох түүхий эдийн эрэл хайгуулыг эрчимжүүлэх цаг болсныг дахин нэг сануулж байна.
Чиг хандлагаа харвал, ирээдүйд эрэлт, үнэ өсөх нь тодорхой өндөр технологийн бүтээгдэхүүнд ордог зэс, хөнгөн цагаан, цайр зэрэг ашигт малтмалын хайгуул, судалгааны ажлыг эрс эрчимжүүлэх шаардлага байна.
Ялангуяа газрын ховор элементийг эдийн засгийн эргэлтэд оруулах тал дээр яаравчлахгүй бол улс орнууд БНХАУ-ын хамаарлаас гарахын тулд энэ салбартаа их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна.
Бид одооноос шуурхайлахгүй бол удахгүй Австрали, Канад, АНУ гэх мэт уул уурхайн тэргүүлэх улсуудад газрын ховор элементийн ордууд ээлж дараалан нээгдэж, хөрөнгө оруулалт татах боломж багасах эрсдэл байгааг бид хайхрахгүй орхиж болохгүй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна