Г.Дамдинням: Алдагдалгүй төсвөөр өсөлт гаргах боломжгүй

Zuv.mn
2024/12/05

УИХ-ын чуулганы хуралдаан Төрийн ордонд болж байна. Хурлаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдаж орж ирсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа юм.

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Эдийн засгийг ирэх жил найман хувь өснө гэж төсөөлжээ. Гэтэл хөрөнгө оруулалтын зардлуудаа таначихсан. Зардалгүй төвөөр яаж эдийн засгийн өсөлт бий болгох юм бэ. 

Төсвийн тогтвортой байдлын зөвлөл бол орлого тасрах эрсдэлтэй л гээд байгаа. Зардалгүй төсвийг бид хөрөнгө оруулалтаар л нөхнө. Хөрөнгө оруулалт татах тал дээр ямар ажил хийнэ гэж төлөвлөж байгаа вэ. 

Энэ дөрвөн жилд бидэнд итгээд хөрөнгө оруулах хүн гарч ирэх ч үү, үгүй ч үү. Н.Учрал сайд сүүлийн үед Төрийн өмчит компаниудыг цэгцэлнэ гэж яриад байгаа. Чадах уу. Засаг болгон л ингэж ярьдаг. Баахан дарга нарын тавиулууд. Би бол итгэхгүй л байна” гэж асуув.

Түүний асуултад ЭЗХ-ийн сайд Л.Гантөмөр “Хоёр юм яриад байна шүү дээ. Нэг нь болохоор тэл гээд, нөгөө нь болохоор Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн үгэнд ороод тана гээд... Яг аль нь юм бэ. Бид бодлогоо цуг гаргаж байгаа. 

Парламентаас тусдаа Засгийн газрын бодлого гэж байхгүй шүү дээ. Бид нар нэгнийхээ үгэн дээр тоглоод юу болох юм бэ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг Парламент баталсан шүү дээ. Тэр баталсан төлөвлөгөөнд Эдийн засаг найман хувь өснө гээд байж байгаа. 

Тэгэхээр, Засгийн гэхээсээ Парламентын байр суурь шүү. Ард түмэн Парламентыг л сонгодог. Ерөнхий сайдаа томилдог, Ерөнхий сайд нь танхимаа бүрдүүлээд ажилладаг. 

Парламент бол цэцэн мэргэнээ үздэг газар биш, бодлогын уралдаан явдаг газар. Парламентаас баталсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ТӨК-иудын үр ашгийг нэмэгдүүлэх, цөөлөх гээд орчихсон. Парламентаас баталсан хөтөлбөрийг бид ажил хэрэг болгох нь маш ойлгомжтой гэж хэлье.

Найман хувийн өсөлтийг бид хийнэ. Яагаад гэвэл энэ жилийн импорт асар идэвхжсэн. Энэ импорт дотор хамгийн том тоо нь 2.9 тэрбум ам.долларын тоног төхөөрөмж, машин механизм орж ирсэн. 

Унааны машин биш шүү. Таны сайн мэддэг уул уурхайн тоног төхөөрөмж. Энэ хэмжээний тоног төхөөрөмж орж ирнэ гэдэг олборлолтын хүчин чадал нэмэгдэж байгаа гэсэн үг. Тиймээс бид ирэх жил эдийн засгаа өсгөхийн тулд ажиллана. Парламент бас хамт байх ёстой шүү. Дарга нь цэргээ загнаж байгаа юм шиг ийм байж болохгүй.

ТӨК-иудын тухайд, Н.Учрал сайд төлөвлөгөөн дээрээ яс сууж байгаа шүү. Ард нь гарч чадна гэдэгт итгэж байна. Дарга нарын тавиул гээд халж чадахгүй, татан буулгаж чадахгүй гэсэн юм бид нарт байхгүй. УИХ-ын гишүүд маань араас нь чаргууцалдахгүй байхад бид ёс зүйтэй, хариуцлагатайгаар шийдэж чадна.

Хөрөнгө оруулалтын тухайд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг боловсруулж байгаа. Үзэл баримтлал нь гарчихсэн, ондоо багтаад орж ирнэ. Харин оруулаад ирэхэд нь улстөржилгүйгээр баталъя гэдэг саналтай байгаа” гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна