Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, ажлын цагийг багасгах нөлөө үзүүлж байна. Өөрөөр хэлбэл, бүтээмжийг буурулахгүйгээр ажлын цагаа багасгах боломж зарим улсад бүрдэж эхэлжээ. Энэ үзэгдэл эхлээд тодорхой компаниуд дээр яригдаж байсан бол одоо улс орны хэмжээнд турших хэмжээнд очжээ.
Жишээ нь, бидний сайн мэдэх БНСУ-д ажлын дөрвөн өдөртэй болох асуудал ид яригдаж, олны анхаарлын төвд байгаа бол Япон улс 2025 оноос хэрэгжүүлнэ гээд зарлачихлаа.
БНСУ-ын хувьд, 2010 онд Чунжу хотын гоо сайхны бараа үйлдвэрлэгч 2010 онд ийм туршилт хийгээд гайхалтай эерэг үр дүн гаргасан нь ажлын дөрвөн өдрийг судлах гол шалтгаан болсон юм. Тэр үйлдвэр долоо хоногт ажлын дөрвөн өдөртэй болсноор борлуулалт нь 20 хувиар нэмэгдэж, ажилчдынхаа тоог хоёр дахин нэмэх боломж гарсан гэнэ.
Ажлын зургаан өдрийг тав болгож бууруулах шилжилт улс орон бүрт эсэргүүцэл, үл итгэлцэх явдалтай нүүр тулж байсан аж. Жишээ нь, 18 жилийн өмнө БНСУ ажлын таван өдөртэй болоход хэвлэл мэдээллийн хэрэгслүүд баруун солгойгүй шүүмжилж, “Эдийн засгийг сүйрүүлнэ” гэцгээж байж. БНСУ өдөрт олон цаг ажилладаг болохоор жилд 500 шахам цагийн хөдөлмөр үгүй болчих гээд байж ядаад байж л дээ. Гэвч ухаантай улсууд бодож тооцоолоод хийсэн ажил учраас бүтээмж буураагүйн дээр эдийн засаг улам хүчирхэгжсэн аж. Тиймээс долоо хоногт ажлын дөрвөн өдөртэй болох санаачилгыг гаргасан нөхөд энэ удаагийн шилжилт ч эдийн засаг төдийгүй иргэдийн амьдралд эерэг нөлөө авчирна хэмээн үзэж байгаа юм байна.
Жирийн иргэдийн хувьд, энэ санааг талархан хүлээн авч байгаа ч боломж байгаа эсэхэд эргэлзээтэй хандаж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, ажлын цаг багасгах нь сайхан ч цалин хөлс хэвэндээ байж чадах эсэх дээр асуултын тэмдэг тавьж байгаа аж. Үйлдвэрлэгчдийн хувьд энэ боломжийг бүрдүүлэхийн тулд бүтээмж өндөртэй тоног төхөөрөмжөөс авахуулаад олон урьдач нөхцлийг хангах шаардлагатай учир магадгүй, тодорхой хугацаа шаардагдах бололтой. Гэхдээ, “Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал”-тай уялдаж гарч ирж байгаа “ажлын цагийг хорогдуулах” үйл явцыг яагаад ч сөрж чадахааргүй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа нь нэг ололт болж байна.
БНСУ-ын хувьд, хөдөлмөрийн хуулиар бол долоо хоногт ажлын 40 цагтай гэж явдаг, илүү гарвал илүү цагаар ажилласанд тооцдог. Гэхдээ амьдрал дээр долоо хоногт 40 цаг ажилладаг үйлдвэр, албан газар бараг байдаггүй гэдгийг Солонгосын нийгэм, хөдөлмөр судлалын институтээс хийсэн судалгаа бэлээхэн харуулж байгаа аж.
Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, технологийн дэвшил хүн төрөлхтнийг хөл хөсөр, гар газар байлгах төвшин рүү бага, багаар дөтөлж байгааг бид бүгд мэддэг. Хүний хийх ажлыг робот хийдэг болсон. Ийм боломж бүрдэж байхад хүн төрөлхтөн махан бодиороо хөдөлмөрлөөд байх шаардлага үнэндээ байхгүй. Гэхдээ энэ тохиолдолд баялаг үйлдвэрлэгчид цуглардаг тул баялгийн хуваарилалтыг хэтэрхий нэг талд гаргачих эрсдэлтэй юм. Тиймээс ажлын дөрвөн цагт шилжихдээ цалин хөлсний хуваарилалтын асуудлыг нэн тэргүүнд бодолцох ёстой гэж байгаа нь зөв юм.
Хүний хийж чаддаг олон ажлыг цаашдаа роботууд хийх нь зайлшгүй болсон. Роботод ажлаа булаалгасан ажилчдын арми өдрөөс өдөрт ихсэж байна. Хэрвээ ажлын цаг ихтэй байгаад шууд ажилгүйдэлтэй нүүр тулбал тухайн хүндээ их хүн тусна. Үйлдвэрлэгчдийн эсрэг хувьсгалд ч түлхэхийг хэн мэдлээ. Чухам тийм учраас л ирж яваа цагийн өнгийг мэдрээд одооноос ажлын цагийг багасгах талаар бодитой алхам хийх ёстой гэж алсын хараатай хүмүүс хэлээд байгаа нь зөв юм. Ажлын цагийг багасгах санаа ч эндээс үүджээ.
Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал бүх улсад гарааны ижил нөхцөл санал болгож байгаагаараа урьд өмнөх бүх хувьсгалуудаас онцлог. Тиймээс том жижиг, баян ядуу гэлтгүй хоцрохгүйг хичээж байгаа байдал ажиглагддаг. Ингэхгүй бол бусад улсууд энхжингийн орон болж, хоцорсон нь иргэдээ улсдаа тогтоож барих гэж зовох цаг энүүхэн ойрхон ирж яваа ажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна