Индонезид юу болоод байна вэ

Zuv.mn
1 цаг 0 минутын өмнө

-БНХАУ-ын нүүрсний гол нийлүүлэгч улс уул уурхайн экспортоо төрийн хяналтад авч байгаа нь Монголд хэрхэн нөлөөлөх вэ-

Индонезийн Төлөөлөгчдийн танхимын өнгөрсөн сарын 20-ны өдрийн хуралдаан дээр Ерөнхийлөгч Прабово Субианто улс орон нь цаашид нүүрс, далдуу модны тос болон уул уурхайн бусад бүтээгдэхүүний экспортод төрийн монополь тогтооно гэж мэдэгджээ.

Тэрбээр энэхүү арга хэмжээ нь байгалийн баялгийн хяналтыг сайжруулах зорилготой бөгөөд энэ ажлыг хэрэгжүүлэх ТӨК байгуулж, уг компаниараа дамжуулан экспортыг 100 хувь хянана гэсэн байна. 

Зөвхөн экспортыг хянаад зогсохгүй худалдааны гэрээ хэлэлцээр, гүйцэтгэлд хяналт тавина, ингэснээрээ нүүрс болон бусад бүтээгдэхүүний гаалийн мэдүүлгийг хуурамчаар үйлдэх, үнийг үндэслэлгүй тогтоох, хилийн цаана давхар үнэ тогтоож орж ирэх валютаас хулгайлах зэрэг практик дээр нотлогдсон сөрөг үзэгдлүүдийг таслан зогсооно гэдгээ тэрбээр зарлажээ.


“Энэ алхмыг хийснээр байгалийн баялгаас олох орлого бүрэн бүтэн болж, Мексик, Филиппин зэрэг улсуудтай өрсөлдөх чадвартай болно гэж найдаж байна” гэж Прабово Субианто онцолсон байна.

“Стратегийн байгалийн баялгийн экспортыг Төрийн өмчит компаниудаар дамжуулан удирдах тухай” тогтоолын төслийг тэрбээр танилцуулсан бөгөөд Стратегийн бүтээгдэхүүн гэдэгт а/ Нүүрс, б/ Далдуу модны тос, в/ Стратегийн гэж тооцогддог бусад байгалийн нөөц баялагийг хамруулжээ.

Хэрэгжилтийн хувьд, хоёр үе шаттай зохион байгуулахаар төлөвлөсөн байна

I үе шат /Бэлтгэл хангах/: 2026 оны VI.01-VIII.31. Стратегийн ашигт малтмал, бүтээгдэхүүн экспортлодог ААН-үүд экспортын үйл ажиллагаагаа шинээр байгуулагдах Төрийн өмчит компаниуд руу шилжүүлнэ. Шилжүүлж авсан Төрийн өмчит компаниуд гадаадын бүх худалдан авагчидтай гэрээ байгуулна.

II үе шат (Экспортын үйл ажиллагааг хэрэгжүүлэх): 2026 оны IX.01-нээс эхлэн гадаадын худалдан авагчидтай хийх бүх гүйлгээ, гэрээг төрийн өмчит экспортын аж ахуйн нэгжүүд бүрэн хэрэгжүүлнэ. Тэд экспорттой холбоотой бүх эрхийг эдэлж, хариуцлага хүлээнэ.

Олон улсын зах зээл, худалдааны бодлогод хэрхэн нөлөөлөх вэ

Индонези улс нүүрс болон далдуу модны тосны зах зээлд дэлхийн том тоглогч гэж тооцогддог. Тэгвэл эрх баригчдын энэ шинэ бодлого нь тухайлсан зах зээл дээрээ ямар нөлөө үзүүлэх вэ.

Шинэжээчдийн үзэж байгаагаар, шинэ бодлого нь одоо тогтсон худалдааны загварт өөрчлөлт оруулах нь зайлшгүй бөгөөд уян хатан байдал, үнийн механизмыг алдагдуулах магадлал өндөр. 


Энэ нь Индонезиэс экспортлодог дээр дурдсан нэр төрлийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой, уян хатан байдалд сөргөөр нөлөөлөх бөгөөд импортлогч улсуудад ашиггүй байдал үүсгэнэ гэж үзэж байна.

Монголд хэрхэн нөлөөлөх вэ

Монгол, Индонези улсууд нүүрсний хувьд нэг гол зах зээлтэй. Гэхдээ нүүрс нь таваарын гэхээсээ илүүтэй ложистикийн бизнес гэж тооцогддог, тээврийн зардал чухал үүрэгтэй тул нэг, нэгэндээ зах зээлээ алдах эрсдэл харьцангуй бага. Гэвч Индонезийн зүгээс тодорхой хүндрэлүүд үүсэж гэмээ нь БНХАУ-ын нүүрсний зах зээлд сөргөөр нөлөөлнө. Үнэ өсөх магадлалтай бөгөөд энэ нь БНХАУ-ын боомтуудын үнийн дунджаар экспортын үнэ тогтох гэрээнүүдэд эерэг нөлөөтэй.

БНХАУ Монгол Улсаас өнгөрсөн дөрөвдүгээр сард 11.33 сая тонн нүүрс авч, өнгөрсөн оны мөн үеэс 61 хувь өссөн үзүүлэлт гаргасан. Ингэснээр Индонезийг гүйцэж түрүүлэн тус улсын №1 нүүрс ханган нийлүүлэгч болсон талаар бид өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.

Он гарснаас хойших дөрвөн сарын нийлбэрээр тооцвол Индонези улс БНХАУ-ын хамгийн том нийлүүлэгч хэвээр байгаа ч дөрөвдүгээр сард гэхэд 22 хувиар буурсан, оны эхнээс тооцвол есөн хулийн бууралттай, тус улсад явагдаж байгаа уул уурхайн салбарын экспортыг төрийн хяналтад авах бодлого үүнд нөлөөлж байгааг “Ройтерс” агентлаг мэдээлэлдээ дурдсан байсан.

Тиймээс Индонезсийн бодлого яг хэрэгжиж эхлэх есдүгээр сард ямар нөлөөлөл байхыг харах үлдэж байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна