Баярын сар дундаа орж, албан байгууллага, анд нөхдийн шинэ жилүүд эхэлж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэнтэй холбоотой дуудлага мэдээлэл ихэссэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлж буй.
Хүйтний эрч чангарсан энэ үед биеэ хянах чадваргүй болтлоо согтох нь гудамжинд осгох, бэртэж гэмтэх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Мөн бусадтай гар зөрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг зөрчил их гарч байгааг албаныхан хэлж байгаа юм.
Зөв.мн сайтын сурвалжлах баг Улаанбаатар хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй байдаг баасан гарагийн шөнийн бодит байдлыг харуулахаар цагдаагийн алба хаагчидтай дуудлаганд явж, газар дээр нь ажиллалаа.
“Битгий надад хүр. Муусайн цагдаа нар...”
Шөнийн 00:30 цаг гэхэд замын хөдөлгөөн эрс багасаж, харьцангуй тайван байсан ч Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс рүү ороход гадна орчноос шал өөр нөхцөл байдал угтав. Энд дөнгөж ажил эхэлж буй мэт. Ээлжтэй алба хаагчид нааш, цааш тасралтгүй орж, гарч байгаа нь дуудлагаас ирээд удалгүй дараагийнх руугаа явж буй үйл явц аж.
Хамгийн завгүй нь ээлжийн жижүүр бөгөөд утас нь тасралтгүй хангинаж, дуудлага мэдээллүүдийг бүртгэж, алба хаагчдаа хуваарилан гаргаж байлаа. Эхнийх нь Зуун айлын урд автозамын нэгдүгээр эгнээнд хүн ухаангүй байна гэх дуудлага. Биднийг цагдаа нартай очиход биеэ авч явах чадваргүй болтлоо согтсон 30-40 насны эрэгтэй, толгойноос нь цус гарчихсан, биеийн байдал нь сайнгүй хэвтэж байгаа нөхцөл байдал угтав.
Цагдаа нар тухайн эрэгтэйг замаас зөөж, явган хүний зам дээр гаргахад бага зэрэг ухаан орж харагдлаа. Нэр, регистрийн дугаар, гэрийн хаягийг нь тодруулахад хариулах ч сөхөөгүй байгаа нь илт.
Эргүүлийн офицер түүний түрүүвчийг олж, нэр усыг нь сая мэдэв. Бэртэж гэмтсэн, согтуу хүнийг цагдаа нар шууд эрүүлжүүлэх байр руу авч явдаггүй. Эхлээд түргэн тусламж дуудаж, тухайн иргэний гэмтэл, биеийн нөхцөл байдлыг тодорхой болгосны дараа дараагийн арга хэмжээг авдаг аж.
Учир нь ямар нэгэн гэмтэлтэй байхад нь тусламж үзүүлэлгүй шууд эрүүлжүүлэх байр, цагдаагийн байр руу авч явснаар тухайн иргэнд ямар нэгэн аюул учирч болзошгүй байдаг гэдгийг эргүүлийн цагдаа нар тайлбарлаж байлаа.
Биднийг очсоноос 6 орчим минутын дараа түргэн тусламжийн машин ирлээ. Ингээд гэмтсэн иргэнийг эмч, цагдаа нар нийлж, түргэн тусламжийн машинд оруулж, улмаар гэмтэл, биеийн байдлыг нь үзэж, тусламж үзүүлэх гэсэн боловч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэн уурлаж, элдвээр хэлж, эсэргүүцсэн нь гайхшрал төрүүлж байв. Өөрийнх нь хэлснээр зам дээр хэвтэж байх нь өөрийнх нь дур хэдий ч иргэдийн аюулгүй байдал, амь насыг сахин хамгаалах нь тангараг өргөсөн алба хаагчдын ажил, үүрэг нь юм. Согтчихоод өөрийн ухаагүй туйлж буй нөхрийг өнөөх хэд маань гуйж, аргадаж, өргөж, дүүрсээр түргэн тусламжийн машинд оруулж, гэмтсэн толгойг нь боож, ариутгаж эхлэв.
Энэ хооронд агсам эр зүгээр байсангүй. “Битгий надад хүр. Муусайн цагдаа нар...” гээд элдэв хараал хэлж, уусан архидаа хөлчүүрхэж, чанга хашгичаж агсамнасаар...
Тусламж үзүүлэх гэсэн эмчийн гарыг түлхэж, элдэв янз болсоор үзүүлж сая дуусав. Дараа нь эргүүлүүд ирсэн дуудлагыг хүлээн авч, шийдвэрлэсэн талаараа төвдөө мэдэгдээд эхний ажлаа дуусгасан юм.
Энэ үеэр эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Э.Мягмар “Шинэ жилийн баяр нь тарах үеэр үйлчилгээний газруудын гадна орчинд гарсан зөрчил, маргааны дуудлага их ирдэг. Саяных л гэхэд архи согтууруулах зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй иргэн аюултай байдалд байна гэсэн дуудлага. Дуудлага мэдээллийн дагуу ирж ажиллаад 103 дуудаж иргэнд тусламж үзүүлснээр, ар гэрт нь хүлээлгэж өглөө. Ер нь шинэ жил, баяр ёслол тэмдэглэсэн, архи согтууруулах ундаа хэрэглэсэн бол нэгнийгээ ар гэрт хүргэж өгдөг баймаар байна. Биеэ авч явах чадваргүй болтлоо уусан хүн гудамжинд унтаад өгдөг. Гэтэл осгож, бэртэх эрсдэл их байдаг” гэдгийг онцлон сануулж байлаа.
“ Тасарч унатлаа уухаа болиоч ээ, өөртөө хайртай бай”
Ар, араасаа дуудлаганд дарагдсан тунчиг завгүй түргэн тусламжийн эмч нарын нэг Нийслэлийн түргэн тусламжийн дуудлагын хүний их эмч Б.Бямбадоржтой цөөн хором хөөрөлдөв.
“Сүүлийн үед согтуу үедээ бэртэж, гэмтсэн дуудлага эрчимтэй нэмэгдэж байгаа. Цас орохоос өмнө гадаа харьцангуй дулаахан байсан шүү дээ. Хүмүүс тэр үеэрээ л байгаа гэж бодоод байх шиг байна. Огцом хүйтрэлттэй холбоотойгоор осгож, хөлдсөн гэх дуудлага нэмэгдэж байна. Ихэнхи нь согтуу хүн энд, тэнд хэвтэж байна, зодуулсан байна гэх дуудлагууд байдаг. Саяны хүн дээр гэхэд цагдаа нартай хамт байсан учраас харьцангуй гайгүй байлаа. Ихэнхи тохиолдолд түргэний эмч ганцаараа ухаанаа алдатлаа согтсон хүмүүстэй харилцаж, үйлчилгээ үзүүлэх хүндрэлтэй байдаг. Гадаа их хүйтэрч байна. Хүмүүс ээ, биедээ арчаатай, хайртай байгаач ээ. Монголчууд чинь бие биендээ их хайртай, дуудлага мэдээлэл сайн өгдөг. Ядаж тэрийг нь бодоод, өөрсдийгөө хайрлаад энд тэнд тасарч унатлаа уухаа болиоч л гэж хэлмээр байдаг” гэв.
“Баяр олон, амь ганц. Хэтрүүлээд хэрэггүй”
Удаах дуудлага “Сансарт баарны гадна хүмүүс муудалцаад байна” гэх дуудлага байв. Бид дараагийн багтай дуудлага өгсөн газар очсон боловч муудалцсан, зодолдсон хүмүүс хэдийн “зугтчихсан” байх аж.
Шөнийн 01:30 цаг болж байхад энэ хавьд хөл хөдөлгөөн ихтэй, согтуу хөлчүү залуус их харагдана. Гадаа -16 хэм зааж байхад дан пудволк, цамцтай охид залуус алхаж харагдах нь харамсмаар, халагламаар...
Ингээд бид шөнийн 01:50 цагт эхэлсэн цэг болох Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст эргэн ирэв. Энд энхийн манаач нарын тасралтгүй үргэлжлэх хөл хөдөлгөөн, өнөөх согтуу нөхдийн чанга дуу, орилоон хашхираан тасраагүй, харин ч нэмэгдсэн байх юм.
Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлах байцаагч Ц.Булганбат “Баяр ёслолын өдрүүд эхэлсэнтэй холбогдуулаад дуудлага мэдээллийн тоо эрс нэмэгдэж байна. Энгийн үед 70-80 дуудлага бүртгэгддэг байсан бол одоо 100-110 дуудлага болж нэмэгдсэн.
Үүний ихэнх нь архи согтууруулах ундаатай холбоотой дуудлага байгаа. Иргэд та бүхэн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирохгүй байх, баяр ёслолоор архи согтууруулах ундааг тохируулан хэрэглэж байхыг зөвлөж байна” хэмээн сэрэмжлүүллээ.
Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа дуудлага мэдээллийн 70 гаруй хувь нь архи согтууруулах ундаатай холбоотой байгаа ба энэ бүхний ард иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө яригдаж байдаг тул эмч, цагдаа нар өвлийн хүйтэн, шөнийн урт гэлгүй амгалан тайван амьдралын төлөө үүргээ гүйцэтгэж байна.
Иймээс иргэд та бүхэн ухамсартай, өөртөө хайртай байж баяр ёслолыг хавтгайруулсан архидалт болголгүй зүй зохистой хэрэглэхийг сэрэмжлүүлэг болгох үүднээс энэхүү сурвалжлагыг бэлтгэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна