Ерөнхийлөгчид дайны байдал зарлахыг зөвлөсөн гэх БНСУ-ын Батлан хамгаалахын сайд асан амиа хорлохыг оролджээ

Zuv.mn
2024/12/11

БНСУ-ын Батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хён  амиа холохыг оролдсон талаар ВВС мэдээллээ. Тэрбээр нийслэл Сөүлийн зүүн этгээдэд байх тусгаарлах байранд хоригдож байгаа юм.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр, сайд асан амиа хорлох оролдлого хийсэн даруйд тусгаарлах байрны ажилтан шуурхай арга хэмжээ авч, үйлдлийг нь таслан зогсоосон аж. Улмаар эмнэлгийн үзлэгт оруулсан, биеийн байдал нь сайн байгаа гэнэ. Энэ явдал мягмар гарагийн орой буюу өчигдөр, түүнийг шүүхийн шийдвэрээр баривчлаад удаагүй /бүтэн сайн өдөр баривчилжээ/ байхад болсон байна.

Ким Ён Хён нь Ерөнхийлөгч Юн Сог Ёльд дайны байдал зарлахыг зөвлөж, цэргийнхэнд Парламентын ордныг бүслэхийг үүрэгдсэн хүн юм. Тэрбээр өмгөөлөгчөөрөө дамжуулж хийсэн мэдэгдэлдээ ард түмнээсээ уучлалт хүсээд бүх бурууг зөвхөн өөрт нь тохохыг хүссэн байна.  

Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагийн орой зарлагдаж, зургаан цаг үргэлжилсэн дайны байдалтай холбоотой буруутгагдаж байгаа өөр нэг гол хүн Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн тухайд, хуулийн байгууллага түүнд хилийн хориг тавьж, өнөөдөр /XII.11/ албан өрөөнд нь нэгжлэг хийжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна