2025 оны төсвийн таналтын хүрээнд Соёл урлаг, спортын салбар хамгийн өндөр буюу нийт төсвийнхөө 13 хувийг хасуулсан билээ. ингэж танахдаа Кино урлагийг дэмжих санг татан буулгах шийдвэрийг Засгийн газраас оруулсан саналын дагуу УИХ-аас гаргаад буй.
Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан энэ шийдвэрийн талаар "Соёлоо экспортлоё" хэмээх нийтлэл бичиж үзэл бодлоо илэрхийлсэн байна.
"Кино урлагаар дэлхийг “эзлэн түрэмгийлж” болно" гэсэн дэд гарчигтай нийтлэлдээ тэрбээр "Олны анхааралд өртөөд буй Кино урлагийг дэмжих санг татан буулгах тухай асуудал УИХ аар хэлэлцэгдсэн. Хэлэлцсний үр дүнд хуулийн заалтыг хэвээр үлдээсэн тул Кино урлагийг дэмжих сан байдгаараа байх л болно. Харин улсын төсвөөс санхүүжүүлэхгүй. Өөрсдөө санхүүжилтээ олохоор болов. Энэ бол зөв шийдэл. Гэхдээ бид хэт хөөсөрсөн попорлоос нэг зүйлийг эрүүлээр олж харах хэрэгтэй. Монгол улс зөвхөн нүүрс, алт, зэс экспортлодог орон баймааргүй байна. Бид соёлоо экспортлох ёстой. Газрын баялаг дуусна. Харин монгол хүний тархи оюун дуусашгүй нөөцтэй. Бид гайхамшигтай түүхтэй, дундрашгүй өв соёлтой ард түмэн. Манай соёл урлагийнхан аль хэдийнэ тив дэлхийд дэвжээнд зодоглосон. Тэднийгээ төрийн бодлогоор дэмжих нь бидний үүрэг юм. Бид Соёлын сайд Ч.Номинд дургүй байж болно оо. Гэхдээ соёл урлагтаа дургүй байж болохгүй...
...Манайх шиг оюуны өндөр чадамжтай , гайхамшигтай өв соёлтой ард түмэнд соёл урлагаа экспортлох гарц байгааг мартаж болохгүй" хэмээн онцолсон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна