Монгол Улсын Засгийн газар Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг байгуулахаар ажиллаж байгаа билээ. Энэхүү хэлэлцээрийн талаар УИХ-ын гишүүд, салбар чиглэлийн холбоод, иргэдийн байр суурь харилцан адилгүй байгаа. Тэгвэл энэ хэлэлцээр хойшилж магадгүй гэсэн мэдээллийг албаны эх сурвалж өгчээ.
Тодруулбал, өнөөдөр МҮХАҮТ-аас Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтран зохион байгуулсан “Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээрт бизнес эрхлэгчдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү "Чөлөөт худалдааны хэлэлцээр байгууллаа ч худалдааг хувийн хэвшлийнхэн хийнэ. Төр худалдаа хийнэ гэж байхгүй. Тиймээс хувийн хэвшлийнхэн санал дүгнэлт гаргах нь зөв. Аж ахуйн нэгжүүд дахин санал гаргаж, нэгтгэж байгаа гэж ойлголоо. Бид та бүгдийн саналыг дахин уламжилна. Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хугацаа хойшилж магадгүй. Гэхдээ бид үргэлжлүүлэн ажиллана.
Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хувьсгал"-тай зөрчилдсөн зүйл байхгүй" гэсэн байна.
Хэлэлцүүлгийн үеэр үйлдвэр эрхлэгчид нэгд, дотооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг импортын татвараас чөлөөлөхгүй байхыг хүсэж буйгаа илэрхийлсэн, хоёрт, холбооны гишүүн улсуудад тавигддаг шаардлагыг давж мах экспортлоход хүндрэл гарахыг сануулсны дараа тэрбээр дээрх мэдэгдлийг хийсэн аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна