М.Батчимэг: Үндэсний бичиг соёлоо хадгалж хамгаалах, үр хойчдоо өвлүүлэн үлдээх нь монгол хүн бүрийн журамт үүрэг

Х.Батсайхан
2025/01/02

2015 онд батлагдсан Монгол хэлний тухай хуульд заасан уйгаржин бичигт шилжих "Завсрын хугацаа" дуусаж, өнөөдрөөс төрийн хэргийг уйгаржин монгол бичгээр давхар хөтлөхөөр болж байгаа билээ. Энэ түүхэн цаг мөчид бид уг хуулийг санаачлан батлуулсан, УИХ-ын гишүүн М.Батчимэг агсны ярилцлагыг хүргэж байна. Хууль батлагдсаны дараа иргэд шууд төрийн албанд уйгаржин бичиг хэрэглэх мэтээр ойлгож, эсэргүүцэж байсан үед гишүүнтэй Төрийн ордон дахь өрөөнд нь уулзаж, ярилцсан юм. 

Гишүүний яриа бүхэлдээ хуулиа тайлбарлаж, олонд тарсан ташаа ойлголтыг залруулахад чиглэсэн нь одоо ч үнэ цэнээ алдаагүй гэж бодно. Аливааг тулгаж хийдэг зантай монголчуудыг сайтар мэдэж, 10 жилийг урьдчилан харж үндэсний хэл бичгийн тухай хууль санаачилсан нь М.Батчимэг гишүүний улсдаа үлдээсэн нэг том үйл хэрэг мөнөөсөө мөн билээ.  

-УИХ-аас Монгол хэлний тухай хуулийг батлаад удаагүй байна. Уйгаржин монгол бичигт шилжих бүтэлгүй оролдлогууд, хэлбичгийн дүрэмд өөрчлөлт орсон нэрээр сурах бичиг, уран зохиолын номуудыг дахин хэвлэх яриа гарч байсан зэргээс үүдээд иргэдийн дунд энэ хуулийн талаар зөрүүтэй ойлголтууд яваад байх шиг. Тэгэхээр хууль батлах болсон шалтгаан, гол ач холбогдлын талаар зөв ойлголт өгөхөөс ярилцлагаа эхэлье.

-Дэлхий дахин өдрөөс өдөрт даяарчлагдаж байгаа энэ үед зөвхөн Монгол гэлтгүй бусад орнууд ч энэ даяаршлын давалгаанд ихээр өртөж байна. Англи хэл хэрэглээнд ихээр нэвтэрч, үндэсний хэл соёлд нь нөлөөлөх хэмжээнд хүрсэн учраас улс орнууд эх хэлээ хамгаалж үлдэх талаар маш их анхаарал тавьдаг болсон. Монгол Улс ч хүссэн хүсээгүй энэ давалгаанд өртөж байгааг бүгд мэдэж байгаа. Гэхдээ бид нэгэнт гарцаагүй болсон энэ давалгааг эсэргүүцэх биш, харин хууль батлах замаар үндэсний хэл, бичиг соёлын талаар баримтлах бодлогоо тогтвортой болгоод цаашид хамгаалж үлдэх замыг сонгосон.    

Хууль батлагдсанаар бий болох хамгийн гол үр дүн гэвэл Монгол хэлний нэгдмэл байдал хадгалагдана, хэлний засаглал бий болох юм. Өнгөрсөн жилүүдэд манай улс монгол хэл, монгол бичгийн талаар төрөөс баримтлах бодлого, зохицуулалтгүй явж ирсэн. Хэн дуртай нь толь бичиг гаргадаг, эрдэмтэд нь эрвээхэй гэж бичих уу, эрвээхий гэж бичих үү гэх мэт дэмий асуудлаар маргалддаг, монгол хэл, бичгийн дүрмийг хэн баталдаг, хэний хэлсэн дүрмийг Монгол Улсад дагаж мөрдөх юм бэ гэдэг нь тодорхойгүй замбараагүй байдал бий болсон. Хууль батлагдсанаар энэ байдал цэгцлэгдэнэ. Дэлхийн улс орнууд энэ чиглэлээр судалгаа явуулдаг, нэр томьёрны орчуулга, хэлбичгийн дүрмийг нэг мөр болгож цэгцэлдэг эрх бүхий хүрээлэнтэй байдаг. Манай Шинжлэх ухааны академийн дэргэдэх Хэл зохиолын хүрээлэнд ийм эрхийг нь олгоогүй байсан юм. Хууль батлагдсанаар энэ эрх нь нээлттэй болж байгаа. Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд “Үндэстний цөөнхийн хэл, монгол угсаатны аман аялгууг судлах, хамгаалах, хөгжүүлэх, гадаад оронд суугаа монгол үндэстнүүд, олон улсын хэмжээнд монгол хэл, бичиг үсгийн хэрэглээ, сургалт судалгааг өргөжүүлэх, дэмжих чиглэлээр бодлого боловсруулах” үүрэгтэй Хэлний бодлогын үндэсний зөвлөл гэж байгуулагдана. ШУА-ийн дэргэдэх эрх бүхий судалгааны байгууллагаас боловсруулсан зөв бичгийн дүрэм, толь бичиг, гадаад нэр томьёоны орчуулга, монгол хэлний үгийн санд оруулах шинэ нэр томьёо зэргийг Хэлний бодлогын үндэсний зөвлөл батламжилдаг болох юм. Энэ батламжилсан дүрэм, нэр томъёог мөрдөөд ирэхээр Монгол Улс хэл, бичигийн нэгдмэл зохион байгуулалтад орно. Олон будилаан арилна, нэр томъогоо нэгмөр ойлгодог, мэдлэгийн систем маань цэгцэрч ирэх боломж нээгдэнэ. Монгол Улс үндэсний хэл бичиг, соёлоо дэлхийн улс орнууд яаж хамгаалдаг юм бэ, яг тэр жишгээр хамгаалж байгаа гэж ойлгож болно.

-Бид өмнө нь монгол бичигт шилжих гэж үзээд чадаагүй. Үүнээс болж олон сөрөг үр дагавар гарч байсан. Тиймээс иргэд энэ удаагийн хуулинд ч “Удахгүй өөрчлөгдчих юм биш биз” гэсэн байдлаар итгэл муутай хандаж байх шиг. Хуулийг тогтвортой мөрдүүлэхийн тулд “Гишүүдийн 2/3-ын саналаар өөрчилнө, хүчингүй болгоно” гэсэн дархлаа суулгаж өгдөг шүү дээ. Жигээлбэл Уул уурхайн салбарын зарим зарим хууль тогтоомж байна. Монгол хэлний тухай хуульд ийм хамгаалалт, өөрөөр хэлбэл цаашид тогтвортой хэрэгжинэ гэсэн баталгаа байгаа юу?

-Монгол хэлний тухай хууль ердийн журмаар батлагдсан. Гэхдээ энэ бол эдийн засгийн эрх ашиг, эдийн засгийн өрсөлдөөнтэй холбоотой хууль биш, үндэсний хэл соёлоо авч үлдэх, хамгаалах зорилготой хууль учраас цаашдаа өөрчлөгдөнө, хүчингүй болно гэж бодохгүй байна. Монгол бичгийн тухайд хэлэхэд, 2025 оноос эхлээд хэрэглээг нь нэмэгдүүлэх заалтууд орсон байгаа. Шилжих биш юм шүү. Энийг зөв ойлгоосой. Монголчуудын хүн төрөлхтний соёлд оруулсан том хувь нэмэр гэж ЮНЕСКО-гоос хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний бичгээ монгол хүн бүр мэддэг байх ёстой, хойч үедээ өвлүүлэх зүй ёсны шаардлагатай гэж үзсэн учраас хуульд хэрэглээг нь нэмэгдүүлэх заалт тусгаж өгсөн. Уйгаржин монгол бичгийн төлөө санаа тавьдаг, хамгаалдаг хүмүүс харин таны асуудаг шиг “дараагийн Парламент гарч ирээд өөрчилчихвөл яах юм бэ” гэж санаа зовж байсан. Гэхдээ энэ бол монгол хүн бүртэй холбоотой, Монголыг тусгаар нэгэн үндэстэн гэдгийг харуулж байгаа гол зүйл болох үндэсний хэл, бичгээ хамгаалах  тухай хууль учраас өөрчлөгдөнө гэж бодохгүй байна.

Гадныхан “Монголчууд түүхээрээ бахархдаг ард түмэн ч 70 жилийн өмнөх түүхээ уншиж чадахгүй байна” гэж ярьдаг. Үнэхээр ч 100 хүрэхгүй жилийн өмнөх түүхээ бид уншиж чадахгүй байгаа нь үнэн. Тиймээс 1000 жилийн түүхээ бичсэн уйгаржин бичгээ мэддэг байх нь чухал гэж үзсэн. Үүний тулд 10 жилийн турш хүндрэл үүсгэхгүйгээр зааж сургаад 2025 оноос хэрэглээг нь нэмэгдүүлье гэж байгаа юм. Гэхдээ зөвхөн төрийн хэрэгт монгол бичгийг давхар хэрэглэдэг болох талаар байгаа. Хувь хүнд ямар ч хүндрэлгүй. Кирилл бичиг мэддэг бол кириллээрээ, монгол бичиг мэддэг бол монгол бичгээрээ мэдээлэл аваад явж болно гэсэн үг. Хуульд монгол бичгийг хүүхэд бага ангидаа кирил бичигт сайтар суралцсаны дараа 6 дугаар ангиас эхлэн төгстөл нь заахаар хуульчилсан байгаа.    

-Өмнө нь хэлний чиглэлийн нэр бүхий эрдэмтэд кирилл бичгийн цагаан толгойн /ъ, ь щ, й/ дөрвөн үсгийг байхгүй болгоно, эгшиг гээхээ болино гэсэн асуудал гаргаж тавьж байсан. Хэрвээ тэр ёсоор болсон бол бүх ном, зохиол, сурах бичгийг дахин хэвлэж асар их зардал гарах байсныг олон хүн хэлдэг. Тэгвэл хуулийн дагуу эрхээ авсан ШУА-ийн дэргэдэх байгууллага янз бүоийн шийдвэр гаргаж, баахан ном сурах бичиг шинээр хэвлэх болох юм биш биз?

-Ер нь бол цаашдаа дүрэм болон нэр томъёоны өөрчлөлт нь шинээр хэвлэгдэх сурах бичиг, ном зохиолуудад л тусгалаа олоод явна уу гэхээс шууд нэгэнт хэвоэгдчихсэн сурах бичгийг хураагаад шинээр хэвлэх гэсэн асуудал байхгүй.

-Буруу бичвэл өндөр торгууль төлөх заалт орсон гэж яригдаад байгаа. Энэ үнэн үү?

-Иргэд хуулиа сайн уншиж ойлгоогүйгээс ийм ташаарал гарч байна. Монгол хэлний тухай хууль бусад хуулийг бодвол хариуцлага харин ч багатай. Нэгэнт хууль баталсан юм чинь хариуцлагын тогтолцоо байх нь ойлгомжтой. Гэхдээ энэ нь зөвхөн төрийн өндөр албан тушаалтан, аж ахуйн нэгж байгууллага буюу хуулийн этгээдэд хамааралтай. Жишээлбэл, хаягжуулалтын асуудал дээр “Албан байгууллагын хаяг монгол хэлээр байна” гэж заасан. Үүнийг зөрчиж болохгүй. Заавал монгол хэлээр байна, хүсвэл гадаад хэлээр давхар хаягжуулж болно гэсэн санаа. Зөрчвөл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15-20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгоно. Хөдөөний хүн хүртэл хотод орж ирээд хотын дүрэм журмыг биелүүлэх ёстой болдог байтал Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадныхан хаягаа дураараа тавьдаг. Энэ байдлыг Монгол хэлний тухай хууль цэгцэлнэ. Монгол хэлээр хаяг тавьчихсан байхад торгож шийтгэхгүй нь ойлгомжтой.

-Гадаад хэлийг хүүхдэд бага наснаас нь зааж болохгүй болсон гэсэн ташаа ойлголт яваад байх шиг. Үүнд тайлбар өгөөч?

-Гадаад хэлний сургалттай холбоотой хоёр гол агуулга хуульд туссан. Нэгд, гадаад хэлээр сургалт явуулдаг хувийн сургуулиудад монгол хүүхдэд монгол хэл, уран зохиол, монгол бичгийн хичээлийг нэгдүгээр ангиас төгсөх хүртэл батлагдсан хөтөлбөрөөр заахаар хуульчилсан. Эдгээр сургуулиудад гадаад хэлийг бэлтгэл ангиас нь эхлээд заах боломжтой. Гагцхүү монгол хэлийг заавал заа гэж байгаа юм. Гадаад хэлний сургалттай зарим сургуулиуд монгол хэл бичгийн хичээлийг заахгүй орхидог явдал байгаа учраас ийм заалт оруулсан. 

Хоёрт, төрөөс бүх нийтэд үнэ төлбөргүй боловсрол олгодог ЕБС-иудад гадаад хэлийг тавдугаар ангиас эхлэн заахаар тусгасан. Төрөөс үнэгүй олгодог албан сургалтаараа хүүхдэд эхлээд төрөлх хэлээ сайн сурсны дараа 10-11 наснаас гадаад хэл заах бодлогыг дэлхийн олон оронд баримталдаг. Энэ жишгээр хуулинд тусгасан.

Эцэст нь, монгол хэл, үндэсний бичиг соёлоо хадгалж хамгаалах, үр хойчдоо өвлүүлэн үлдээх нь монгол хүн бүрийн журамт үүрэг. Тиймээс хуулиа сайн уншиж, зөв мэдээлэл авсан нь дутуу дулимаг мэдээлэлтэй байгаа нэгэндээ хэлж, тайлбарлаж нэг ойлголттой болж аваарай гэж нийт монголчууддаа хэлье дээ. 

2015.II.23 төрийн ордон. Ярилцлага "Монголын мэдээ" сонинд хэвлэгдсэн. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.217.45
    Өчигдөр

    Алсыг хардаг, ноён нуруутай, ухаалаг улс төрч бсан даа.

    Хариулах