Аялал жуулчлалын чиглэлээр дагнан бичдэг Travelandtourworld.com цахим хуудас Азийн улс орнууд шинэ оныг хэрхэн угтсан талаар мэдээлэл бэлтгэжээ. Мэдээлэлд Азийн улс орнууд шинэ оныг угтах ёслолоо улам үзүүштэй, сүр жавхлантай болгохын хэрээр гаднын жуулчдыг татаж, аялал жуучлалын нэгэн брэнд болгож байгаа нийтлэг байдлыг онцолсон байна.
Улмаар БНХАУ, Филиппин, Сингапур, Тайвань, Бруней, Монгол, Малайз, Индонез улсуудын он солигдох мөчийг онцолж, тус бүрт нь тодорхойлолт бичжээ. Түүнийг товчлон хүргэе.
БНХАУ: Галын наадам, үндэсний эв нэгдлийг голчилсон ёслол, арга хэмжээнүүд
Дэлхийн гүрэн болж, “хамгийн, хамгийн” гэх тодотголд олонтаа дурдагдах болсон БНХАУ энэ жил Бээжин, Шанхай зэрэг томоохон хотууддаа нүд гялбам галын шоу зохион байгуулж иргэд болон гадаадаас хуран чуулагсдын нүд, сэтгэлийг баясгажээ.
Гадаадын жуулчид ихээр цугларсан Их цагаан хэрэм, Тянь Аньмэний талбай зэрэг дурсгалт газруудад тусгай арга хэмжээ, урлагийн тоглолтууд зохион байгуулж, баярын уур амьсгалыг бүрдүүлсэн байна.
Сингапур: Галын наадмын гайхамшиг
Сингапурчууд шинэ жилийг дэлхийд хамгийн шилдгүүдийн нэгт тооцогдох галын шоугаар угтдагаараа алдартай. Энэ жил ч ялгаагүй Марина Бэйд уламжлалт галын шоугаа зохион байгуулж, хуран чуулагсдын нүд, сэтгэлийг баясгасан байна.
Түүнчлэн олон соёлын өвийн үзэсгэлэн, урлагийн тоглолтууд, хоолны наадам зэрэг нь шинэ илийн баяр тус улсын аялал жуулчлалын брэндүүд дотор онцгой байр эзэлдгийг харууллаа гэжээ.
Хятадын Тайвань: Баяр хөөр дүүрэн ч үл ялиг улс төрийн агуулгатай
Хятадын Тайвань энэ жил шинэ оныг баяр ёслолоос гадна улс төрийн уур амьсгалтай тэмдэглэснийг бичигч онцолсон байна. Тодруулбал, нийслэл Тайпей зэрэг том хотуудад галын шоу, урлагийн тоглолт, үзвэр үйлчилгээг олноор зохион байгуулснаас гадна БНХАУ-тай нэгдэх яриа хэлэлцээрийн асуудлаар ард иргэдийнхээ санаа бодлыг нэгтгэх агуулгатай суртал ухуулгууд явж байсан гэнэ.
Филиппин: Амьд хөгжим, зочломтгой зан...
Филиппинчүүд 2025 оныг Манила, Себу зэрэг томоохон хотдоо амьд хөгжмийн тоглолт, баярын жагсаал, соёлын үзүүлбэрүүд зохион байгуулан эрч хүч, сүр жавхаа дүүрэн угтаж авчээ. Зочломтгой зангаараа алдартай филиппинчүүд энэ өдөр бүр ч онцгой уриалгахан байж, аялагч, жуулчдад найрсаг хандаж сайхан сэтгэгдэл төрүүлсэн байна.
Баярын уур амьсгал далайн эрэг дээр ч адилхан байсан бөгөөд жуулчид ихтэй байсан аж.
Малайз: Соёлын олон янз байдлыг нэг дор мэдрэх боломж
Малайзчуудын 2025 оныг угтсан ёслол арга хэмжээнүүд тус улсын соёлын олон янз байдлыг илтгэн харуулсан Travelandtourworld.com бичжээ. Нийслэл Куала Лумпурын алдарт Петронас цамхагууд галын наадмын төв цэг болсон бол бусад мужууд өөр, өөрсдийн соёл, уламжлалаараа шинэ оны баярыг зохион байгуулсан байна.
Гудамжны хоолны наадам, уламжлалт бүжгийн үзүүлбэр зэрэг олон арга хэмжээ нь цаашдаа шинэ жилээр тус улсыг зорих жуулчдын тоог нэмэх нөлөө үзүүлнэ гэж эцэст нь дүгнэсэн байна.
Индонез: Бали ба бусад...
Индонезийн шинэ жилийн баярын гол газар нь Бали арал байжээ. Үзэсгэлэнт байгаль, зөөлөн дулаан уур амьсгал, амгалан тайван байдлаараа алдартай тус арал шинэ оныг хамтдаа угтсан жуулчдад уламжлал бүжгийн наадам, нийтийн залбирал зэрэг содон арга хэмжээг санал болгосон байна.
Нийслэл Жакарта болон бусад хотуудад ч улсжлал, орчин үеийг хослуулсан арга хэмжээнүүд зохион байгуулагджээ.
Бруней, Монгол: Чимээгүй, сэтгэл татам
“Томоохон улс орнууд сүр жавхлантай баяраа тэмдэглэж байхад Бруней, Монгол хоёр илүү нам гүм боловч адилхан утга учиртай баяруудыг санал болгов” гэж Travelandtourworld.com бичжээ. Тодруулбал, Брунейд шинэ оныг залбирал, сүнслэг, оюунлаг байдлыг шингээсэн соёлын арга хэмжээнүүд зохион байгуулсан нь ер бусын амгалан тайван уур амьсгалыг мэдрүүлсэн гэсэн бол Монголын баяр ёслолын арга хэмжээг “Соёлын өвөрмөц онцлогийг харуулсан” гэж тодорхойлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна