Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй “Газрын тос боловсруулах үйлдвэрт гал гарсан” гэх гарчигтай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн. Тэгвэл энэ мэдээлэл нь ташаа бөгөөд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК дээрх мэдээллийг залруулж, бодит нөхцөл байдлын талаар мэдэгдэл гаргасан байна.
Мэдэгдэлдээ "Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй “Газрын тос боловсруулах үйлдвэрт гал гарсан” гэх гарчигтай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэнд тайлбар өгөх үүднээс төсөл хэрэгжүүлэгч компанийн зүгээс дараах мэдээллийг хүргэж байна.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайн хашаанаас 500 метрийн зайд байрладаг БНЭУ-ын компанийн кемпийн гадна орших зөөврийн оффис (portable cabin), агуулахад 2024 оны 01 сарын 02-ны 23:00 цаг орчимд гал гарсан бөгөөд Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах анги дагуу газар дээр нь шуурхай ажиллаж, галыг бүрэн унтраасан. Гал гарсан хэсэг нь Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайгаас хол байрлах бөгөөд үйлдвэрийн барилга байгууламжууд галд огт өртөөгүй болно. Уг галын улмаас хүний амь нас эрсдээгүй, гэмтэж бэртээгүй бөгөөд галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил өвлийн горимд шилжиж, барилга угсралтын ажил түр зогсолтын байдалтай байгаа бөгөөд ирэх барилгын улирлын бэлтгэл ажил хэвийн үргэлжилж байна" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна