Хойд Солонгосын удирдагч шинэ жилийн мэндчилгээндээ В.Путиныг өргөж, Ши Жиньпинийг “доош хийжээ”

Х.Батсайхан
2025/01/02

Хойд Солонгос улс шинэ жилийн баярыг тэмдэглэхдээ ОХУ-ыг илүүтэй өргөж, БНХАУ-д төдийлэн ач холбогдол өгөөгүй гэсэн мэдээллийг chosun.com бэлтгэжээ.

Тус улсын төрийн төв хэвлэлд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины илгээсэн баярын мэндчилгээг бүрэн эхээр нь нэгдүгээр нүүрнээс хоёрдугаар нүүр рүү давуулж нийтэлсэн бол БНХАУ-ын удирдагч Ши Жиньпиний мэндчилгээг бусад улсын удирдагчдын мэндчилгээтэй хамт товч хэлбэрээр нийтэлсэн байсан аж.

Энэ шинэ жилээр Ким Жон Унд Монгол, Вьетнам, Тажикистан, Туркменистан, Беларусь зэрэг улсын удирдагчид мэндчилгээ илгээсэн бөгөөд Ши Жиньпиний мэндчилгээ тэдгээртэй хамт нийтлэгджээ. 

В.Путин шинэ жилээс өмнө Ким Жон Унд захидал илгээсэн бөгөөд тэр захидал нь ч "Нодон шинмүн" сонины нэгдүгээр нүүрт гарч байсан гэнэ. БНАСАУ, ОХУ Украинд цэргийн ажиллагаанд хамтарсан гэдэг утгаараа ийнхүү эдийн засаг, улс төрөөр нягт харилцаатай БНХАУ-аас илүү гарсан байж болохыг мэдээлэлд дурджээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.93.84
    2025/01/02

    мэдрэл муутай юм биш үү

    Хариулах