Тэрбумын мөчлөг

Х.Батсайхан
2025/01/03

-Дэлхийн нөөц хэдэн хүнийг тэжээж хүрэлцэх вэ

-Дэлхий есөн тэрбум дахь иргэнээ 2037 онд, Монгол Улс дөрвөн сая дахь иргэнээ 2030 онд хүлээж авна

-2050 он гэхэд 80-аас дээш насныхан эрс олширч, төрөлт багассаны улмаас цөөн хэдэн улсын хүн ам л өсөж, бусад нь буурах төлөв байна.

Хүн төрөлхтөн өсөж олшрох тусам тэрбумын босго давах хугацаа улам богиноссоор байна. Хүн төрөлхтний тоо хэзээ 3, 4 тэрбумын босго давсныг хэн ч мэдэхгүй. Гэхдээ Олон улсын тоо баримтын товчоо 1959 оны зургадугаар сард гурван тэрбум, 1974 оны дөрөвдүгээр сард дөрвөн тэрбумын босго давсан гэж ойролцоогоор тооцдог. Тодруулбал, дайн дуусч, төрөлтийн тэсрэлт болж байсан ч хүн төрөлхтөн нэг тэрбумаар өсөхийн тулд 15 жил шаардагдаж байж. Тэгвэл дэлхийн таван тэрбум дахь иргэнийг НҮБ-ын Хүн амын сан 1987 оны зургадугаар сарын 11-нд төрсөн гэж үзэн Хорватын Загребт төрсөн Матей Гашпарыг “Дэлхийн таван тэрбум дахь иргэн” болгож, мөн өдөр төрсөн бусад хүүхдийг үе чацуутнуудаар зарласан юм.    

Зургаан тэрбум дахь иргэнийг тогтоох ажил харин нэлээд будилсан. НҮБ-ын Хүн амын сан 1999 оны аравдугаар сарын 12-ны хавьцаа дэлхий зургаан тэрбум дахь иргэнээ хүлээж авна хэмээн тооцоолж, энэ өдрийг албан ёсоор зарласан бол АНУ 1999 оны дөрөвдүгээр сарын 21 гэсэн өөр нэг огноо гаргаж ирсэн байдаг.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан Дейтоны тунхаглалын биелэлтийг шалгахаар Босни Герцоговинд очоод байхдаа Кошево хотоын төрөх эмнэлэгт шөнө дөлөөр очин байж, Фатима, Ясминко Мевич нарын ууган хүү, дөнгөж мэндэлсэн Аднан Мевичийг “Дэлхийн зургаан тэрбум дахь иргэн” хэмээн бэлгэдлийн чанартайгаар тодруулж байв.

Долоон тэрбум дахь иргэнээ хүн төрөлхтөн НҮБ-ын Хүн амын сангаас гаргасан тооцооллоор 2011 оны аравдугаар сарын 30-31-нд шилжих шөнө угтаж авсан. НҮБ-ын ЕНБД Бан Ги Мун нэг хүүхдийг онцлоогүй ч Энэтхэгийн Уттар Прадеш мужид төрсөн Наргис Кумар, Филиппиний Манилад төрсөн Даника Мэй Камачо, Шириланкийн Коломбод төрсөн Ватталаге Мутумай нарыг долоон тэрбум дахь иргэн гэж тооцсон юм.

Даника Мэй Камачо.

Манай улс ч үүнээс дуталгүй Үндэсний Статистикийн төв газар, Монгол дахь НҮБ-ын Хүн амын сантай хамтран дэлхийн долон тэрбум дахь иргэний үе чацуутнуудыг улсдаа тодруулсан нь зүй ёсны хэрэг байв (2011 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 01 цаг 50 минутад Орхон аймгийн иргэн Шарав овогтой Цэндийн хүү, Улаанбаатар хотын иргэн Б.Насанжаргалын хүү дэлхийн 7 тэрбум дахь иргэний чацуутанаар тодорсон).    

15, 13 жилийн зайтай мэндэлсэн 4, 5, 6 тэрбум дахь хүүхэд хүн төрөлхтөнд баяр баясгалан авчирч байсан бол зургаан тэрбум дахь иргэн Боснийн Аднан Мевич дөнгөж 11 настай байхад мэндэлсэн энэ хүүхдүүд харин дэлхийн хэмжээнд аваад үзвэл айдас хүйдэс сэтгэл зовинол дагуулсан. НАйман тэрбум дахь хүүхэд долоон тэрбум дахь хүүхдийг мөн л 11 настай байхад буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 15-нд мэндэлсэн болохыг НҮБ тогтоосон юм. Дэлхийн найман тэрбум дахь иргэнээр Индонезийн Винис Велоренте Мабансанг хэмээх хүүхэд тодорсон. 

Монгол Улсын хүн амын өсөлтийн хурдац ХХ зуунд хамгийн өндөр байсан

 Монгол улсын хүн ам ХХ зуунд эрчимтэй өссөн юм. Манай улс хүн амаа 1935 оноос 2010 он хүртэл нийт есөн удаа хүн амын тоолжээ. 

1918 онд Оросын эрдэмтэн И.М.Майский шинжилгээний анги Монгол улсын хүн амыг тоолж 647.5 мянга хүн амтай гэж үзсэн. Гэхдээ И.М.Майскийн тооллогод Монгол улсад худалдаа наймаа, ажил эрхэлдэг хятад, орос хүмүүсийг хамруулсан хэр нь Ховдын хязгаар, Хөвсгөл нуурын урианхай, Богдын Их шавийн нутаг дэвсгэрт амьдарч буй хүмүүсийн тоо ороогүй юм. 

1935 оны хүн амын тооллогоор 738.2 мянган хүн ам тоологдсон нь 1918 оноос  17 жилийн дараа хүн амын тоо дөнгөж 90.7 мянган хүнээр нэмэгдсэн байсан бөгөөд энэ нь жилийн дундаж өсөлт 0.77 хувь байсан гэсэн үг. 

Үүнд төр, засгийн алдаатай бодлогын уршгаар 1930 оноос 1934 оны хооронд дүрвэн нүүх хөдөлгөөн өрнөж, Монгол орны бүх аймгийн хамарсан 37,700 гаруй хүн БНМАУ-ын нутаг дэвсгэрийг орхин өмнө тийш нүүсэн, 1932 онд Монгол улсад зэвсэгт бослого гарч 6000 гаруй хүн алагдсан зэрэг ихээхэн нөлөөлсөн. 


1944 онд 759.1 мянган хүн тоологдож, 9 жилийн дотор 21.3 мянган хүнээр нэмэгдэн, жилийн дундаж өсөлт 0.32 хувь болж бүр ч багассан. Монгол оронд өрнөсөн их хэлмэгдүүлэлтийн уршгаар 30 гаруй мянган хүнийг хилсээр хороосон нь өсөлт бага байхад нөлөөлсөн юм. 

Харин 1956 онд болсон дөрөв дэхь тооллогоор 845.5 мянган хүнтэй болж, 12 жилийн дотор 86.0 мянган хүнээр нэмэгдсэн нь эерэг үзүүлт бөгөөд дайн дуусаж, улс орон тайван замаар нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийг хөгжүүлэх таатай нөхцөл бүрэлдсэн явдал үүнд голлон нөлөөлсөн юм. 

Улмаар 1963 онд анх удаа 1017.1 мянга буюу нэг сая хүнтэй болж, жилийн дундаж өсөлт 2.7 хувьд хүрчээ. 

Үүнээс хойш хүн амын өсөлт тогтворжиж, 1969 онд 1197.6 мянган хүн амтай болсон. Жилийн дундаж өсөлт 2.8 хувь болжээ. 

1979 онд 1595.0 мянга болсон бөгөөд 10 жилийн дотор 400,000-аар нэмэгдсэн нь өсөлтийн хурдацаар хамгийн өндөр үзүүлэлттэй үе байсан гэсэн үг юм. 

Монгол Улсын гурван сая дахь иргэн Монголжин охин.

1989 оны тооллогоор 2044.0 мянган хүн тооллогдож хоёр саяын босгыг давсан бөгөөд  1988 оны долдугаар сарын 11-нд төрсөн 25 хүүхдийг 2 сая дахь иргэн хэмээн батламжилсан байдаг. Энэ үед жилийн дундаж өсөлт 2.5 хувьтай байв. 

Гэвч шилжилтийн хүнд жилүүдэд төрөлт огцом багасаж, 2000 оны тооллогоор хүн амын тоо 2373.5 мянга, жилийн дундаж өсөлт 1.4 хувьтай болж буурсан. 1990-ээд оны эхнээс зах зээлийн харилцаанд шилжиж, нийгэм, эдийн засгийн хөгжилд гарсан өөрчлөлт зэрэг олон шалтгаан нөлөөлжээ. 

Хамгийн сүүлд 2010 оны тооллогоор 2754.6 мянга болж,  2015 онд нэгдүгээр сарын 24-нд Монгол улсын гурван сая дахь иргэн мэндэлсэн билээ.

Битүү айдас

Монгол Улсын хувьд хүн амын тоо өсөх нь хамгийн сайн мэдээ. Харин дэлхий нийтийн хувьд, манай гараг энэ олон тэрбум хүнийг энгэртээ багтааж чадах уу гэдэг тэгшитгэл хар аяндаа урган гарч, хариу нь “үгүй” гэж гарах магадлал өдрөөс өдөрт өндөрсөж байна. Гэхдээ, тооны хувьд өсөж байгаа ч хурдцын хувьд буурч байгааг энд бас дурдах ёстой.

НҮБ, АНУ-ын тооцоолол. Найман тэрбум дахь иргэн 2022 онд мэндэлсэн гэхээр, АНУ-ынх нь илүү оносон тооцоолол байж магадгүй.  

Гэхдээ, хэдий хүн амын насжилт өндөрсөж, төрөлт буурч байгаа хэдий ч дэлхийн хүн ам жилд ойролцоогоор 83 саяар өсөж байна. НҮБ-ын Дэлхийн хүн амын сан хүн төрөлхтний тоо 2023 онд найман тэрбум, 2037 онд есөн тэрбумд хүрнэ гэж тооцоолжээ.  Мөн 80-аас дээш насныхан эрс олширч, төрөлт багассаны улмаас цөөн хэдэн улсын хүн ам л өсөж, бусад нь буурах төлөв ч харагдаж байгаа аж. Харин манай улсын хувьд, хүн амын тоо 2030 онд дөрвөн сая, 2041 онд таван сая хүрэх төлөв байгааг ҮСХ тооцоолжээ.    



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна