Донор болцгооё

Х.Батсайхан
3 цаг 25 минутын өмнө

Шүүхээс Монгол Улсын хүний гавьяат эмч П.Батчулууныг "Бусдын эд, эрхтнийг зөвшөөрөлгүй авсан" гэх хэрэгт буруутгаж 2.6 жил хорих ял ногдуулсан билээ. 

Тодруулбал, автомашины осолд орсны улмаас тархи нь үхэжсэн иргэн А-гаас ар гэрийн зөвшөөрөлд дурдагдсан эрхтнүүдээс /Элэг, бөөр, шөрмөс/ илүү эд эрхтэн /тойгийн яс, шаант, ясны бурзан, дунд чөмгийн доод булуу, борвины шандас/ авч бусдад шилжүүлэн суулгасан нь тогтоогдсоны улмаас эмч яллагдсан. 

Энэ хэрэгтэй холбоотойгоор нийгэмд "Донорын тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй юу" гэсэн хэлэлцүүлэг өрнөж байна. 

Энэ нь зүй ёсны хэрэг бөгөөд "Донорын олдоц нь тухайн улс донороос зөвшөөрөл авахдаа баримталж байгаа зарчмаас шалтгаалж байгаа"  нь яах аргагүй үнэн юм. 

Дэлхийн улс орнуудад эд эрхтний донороос зөвшөөрөл авах “Opt Out”, “Opt In” гэсэн түгээмэл хоёр хэлбэр байна. Донорын олдоц энэ хоёр хэлбэрийн алиныг хэрэглэж байгаагаас шалтгаалдаг гэж үзэх болсон гэсэн санаа юм.

Opt-Out хэлбэр нь амьд ахуйдаа донор болохоос албан ёсоор татгалзаагүй л бол нас барахад нь донор болгох боломжтой. Энэ зарчмын үед эмнэлгийн байгууллага нас барагчийн эрхтнийг донор болгосон гэдгийг ар гэрийнхэнд нь мэдэгдэх үүрэг хүлээдэггүй. “Дуугуй байх нь зөвшөөрсний шинж” гээд л эрхтнийг нь авч, шаардлагатай хэн нэгэнд өгч орхидог гэсэн үг. 

Үхсэн хүн үг хэлдэггүй болохоор эрүүл саруул эрхтэнтэй нас барж байгаа бүх хүн эмнэлгийн мэдэлд очдог. Манай хойд хөрш Донорын тухай хуулиа 1990 онд батлахдаа энэ загварыг авсан. Гэвч сүүлийн үед хүний эрхийн байгууллагууд нь энэ загварыг шүүмжилж, олон нийт ч дэмжих хандлагатай болжээ. Нэгэн төрийн бус байгууллага хуулийн энэ загварыг хүний суурь эрхийг зөрчсөн гэж үзээд хандсаныг НҮБ-ын Хүний эрхийн байгууллага энэ оны тавдугаар сард хэлэлцэх гэж байгаа аж. Харин албаны хүмүүс одоо хэрэгжиж байгаа загвараа хамгаалж, “Хэрвээ “Opt in” загвар руу шилжих юм бол тэртэй тэргүй олдоцгүй байгаа донор улам ховордож, одоо жилд хийж байгаа эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны тоо 30 хувиар буурна” гэсэн тайлбарыг өгч байгаа юм. 

ОХУ нэг сая хүнд ногдох эрхтэн шилжүүлэх мэс заслын тоогоор (9.3) дэлхийд хойгуур орж байгаа. 

Энэ загвараа бариад явах нь ядаж донорын хүрэлцээнд эерэг нөлөөтэй гэж үзсэн учраас л өөрчлөхгүй явж байгаа нь дээрх тайлбараас харагдана.

Харин нөгөөх нь Opt-In буюу өвчтөн эсвэл ар гэрийнхний тодорхой зөвшөөрөл авч байж донор болгох загвар. АНУ, Их Британи, Герман зэрэг улс энэ загварыг хэрэглэдэг. Эдгээр орнуудад иргэдээсээ нас барсныхаа дараа эрхтнээ бусдад шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч байгаа эсэх саналыг нь авдаг. Зөвхөн улсдаа төдийгүй олон улсад ийм бүртгэл, мэдээллийн систем ажиллуулдаг байна. 

Донор болох нь олон хүнд амьдрал бэлэглэсэн буянтай зүйл гэдгийг ятгах аргаар бүр иргэдээ зөвшөөрүүлэх нь энэ зарчмын туйлын зорилго байдаг. Европчуудын хувьд энэ тал дээр тун ч өндөр амжилтад хүрсэн гэж хэлж болно. 

Тухайлбал, Швед улсад иргэдийнх нь 83, испаничуудын 63 хувь нь нас барсныхаа дараа эрхтнээ бусдад ашиглуулахыг зөвшөөрдөг. Нийт Европын хэмжээнд энэ үзүүлэлт 40 хувьтай байна.

Монголын зохицуулалт, сайжруулах боломж

Манай улс opt-in буюу ар гэрийн зөвшөөрлийг заавал авч байж донор болгодог хуулийн зохицуулалттай. Авах авахдаа тусгайлан эрхтэн нэрлэж зөвшөөрөл өгдөг нь П.Батчулуун эмчийн яллагдсан кэйсээс тодорхой харагдана. Тэр ч утгаараа донор маш хомсдолтой байдаг. Ихэвчлэн гаднын улс оронд очиж өндөр өртгөөр эмчилгээ хийлгэдэг. Дотоодын эмнэлгүүд эрхтэн шилжүүлэх хагалгааг хийдэг болж байгаа ч донор олдох найдвар байхгүй. Хагалгаанудад бараг бүгдэд нь ойр дотнын хүмүүс нь донор болж буй.

Тиймээс энэ аргыг өөрчлөх боломжийг хайх, эмч хүн дахиж яллагдах эрсдлийг хаах талаар санаа оноо уралдуулах цаг нь ирсэн байна. 

Хэрвээ донор болох зөвшөөрлийг урьдчилж авдаг болчихвол донор эрхтний хомсдлоос гарах боломж бий. Манайх Донорын тухай хуульдаа "15.2.Энэ хуулийн 13.2-т зааснаас бусад амьгүй донороос эс, эд, эрхтэн авахдаа нас барагчийн гэрээслэл, түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, хамтын амьдрал бүхий гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг бичгээр авна" гэж зааснаар хууль, эрхзүйн орчин бүрдсэн

Гэсэн ч амьдралд хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд энэ асуудлаар иргэд хаана, хэрхэн хандахаа мэдэхгүй, тусгайлсан платформ ч алга байна.    

Амьдрал дээр амжилттай хэрэгжүүлж байгаа улсуудын жишээнээс харвал, "Донор болох нь олон хүнд амьдрал бэлэглэсэн буянтай зүйл" гэдгийг ятгах аргаар иргэдээ зөвшөөрүүлэх нь энэ зарчмын туйлын зорилго байдаг. Европчуудын хувьд энэ тал дээр тун ч өндөр амжилтад хүрсэн гэж хэлж болно. 

Тухайлбал, Швед улсад иргэдийнх нь 83, испаничуудын 63 хувь нь нас барсныхаа дараа эрхтнээ бусдад ашиглуулахыг зөвшөөрдөг. Нийт Европын хэмжээнд энэ үзүүлэлт 40 хувьтай байна.

Хэрвээ бид энэ талын сурталчилгааг сайтар явуулж чадвал донорын хомсдлоос гарах боломж байна. 





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.45
    2 цагийн өмнө

    Миний зүгээс хийж чадах зүйлээ өгхөд бэлэн байна.

    Хариулах