-“Нийслэлийн газрын наймаачдыг хамгаалагч” гэгдсэн Д.Ганзориг гэж хэн бэ-
"Шүүхийн сонсгол"-ын сураг
УИХ-ын Намрын чуулганы сүүлийн хоёр өдөр “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх үеэр гишүүд Нийслэлийн тулгамдсан асуудлуудын эх үндэс болсон хууль бус газар олголт, авлига хээл хахуулийн асуудлыг гаргахгүй байх тал дээр ямар шийдлүүд туссан талаар их асуусан. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Шулуухан хариулъя. УДШ-ийн Ерөнхий шүүгчээр Д.Ганзориг байгаа тохиолдолд нэг газрын наймаачинд хариуцлага тооцож чадахгүй. Яагаад гэхээр бүх газруудын цаана нууцаар байранд орсон сууц өмчлөгчдийн холбоотой хуйвалдсан нөхөд бүгдээрээ шүүгч нар. Удахгүй О.Алтангэрэл сайд шүүгчидтэй холбоотой хуулийг оруулж ирэх байх. Шүүгч нар хэргээ ч шийдэх чадахаа байсан" гэж мэдэгдсэн билээ.
Д.Ганзориг нь 2020 оны зургадугаар сард Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдсон, бүрэн эрхийн хугацаа нь 2026 онд дуусах тул Ерөнхий сайдын хэлсэн үг нэг ёсондоо “Нийслэлийн газрын наймаатай холбоотой авлига хээл хахуулийн хэрэг 2026 он хүртэл илрэхгүй шүү” гээд хэлчихсэнтэй ялгаагүй. Мөн Шүүхийн сонсгол хийх асуудлыг хөндсөнөөрөө Шүүхийн нэр хүндийг дэнчин тавьсан тул олон нийтийн анхаарлыг татсан.
Сонгуулийн өмнө Нийслэлийн газрын наймаагаар Нээлттэй сонсгол явуулж, хулгайч, луйварчдыг илчлэн, хууль шүүхэд өгч шийдүүлэх боломж байсан ч татгалзсан субъект нь тухайн Парламентын үнэмлэхүй олонхийг бүрдүүлж асан МАН байтал яахаараа Шүүх эрх мэдэл, тэр дундаа нэг шүүгчтэй хамаатуулж наачихдаг билээ гэж эргэлзсэн хэсэг бүлэг ч байна.
Нийслэлд хэдэн үе дамжин З0 гаруй жил үргэлжилсэн газрын наймааг өмгөөлөн хаацайлдаг хэмээн УИХ-ын чуулганд нэр цохуулсан Д.Ганзориг гэж хэн бэ.
Дөрвөн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд шүүгчээр ажилласан
Д.Ганзориг нь 1976 онд Улаанбаатар хотод төрсөн. 1984-1994 онд Өвөрхангай аймагт ЕБС дүүргээд 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг төгсөн эрхзүйч мэргэжлийг эзэмшжээ.
Ажлын гараагаа 1999 онд Нийслэлийн СХД-ийн Шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар эхэлж таван жил ажиллаад 2004 онд шүүгч болон дэвшсэн. Дүүргийн шүүхийн шүүгчээр 2013 он хүртэл ажиллаад мөн ондоо Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч болсон байна.
Дээд шүүхийн шүүгч болох зарлиг нь Ц.Элбэгдоржийн, Дээд шүүхийн Ерөнхний шүүгч болох зарлиг нь Х.Баттулгын үед гарч байж.
Одоо олон нийтэд түгж буй нэг буруу ойлголт нь Шүүгчийг хэн нэг улстөрч томилдог, тиймээс тэр хүндээ үнэнч зүтгэдэг гэх ташаарал юм. Хуулиараа Анхан, Давж заалдах шатны шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөл нь тодорхой шат дамжлагатай шалгалтууд авсны үндсэн дээрээс УИХ-д танилцуулж, Ерөнхийлөгч баталдаг.
Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн УДШ-ийн шүүгчдийн хурлаас буюу Дээд шүүхийн шүүгчид өөрсдөө сонгож, Ерөнхийлөгч баталдаг. Эндээс харахад, Д.Ганзориг нь Н.Багабандийн үед шүүгч болж, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын үед ажиллажээ.
Д.Ганзоригийн тухайд, Улсын дээд шүүхийн шүүгч нарын хурлаас 2019, 2020 онд хоёр удаа Ерөнхий шүүгчээр томилуулахаар санал болгосон содон намтартай хүн байна. 2019 онд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг чөлөөлж, түүний оронд Д.Ганзоригийг томилох саналыг Улсын дээд шүүхийн шүүгч нар санал болгосон ч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга батламжлахаас татгалзаж, Улсын дээд шүүхийн шүүгч нар дахин хуралдаж, Х.Батсүрэнг дэвшүүлснийг Ерөнхийлөгч батламжилж байв. Гэвч жил гаруйн дараа Х.Батсүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, УДШ-ийн шүүгч нар дахин Д.Ганзоригийг санал болгосноор Х.Баттулга аргагүй батламжилж байжээ.
Тухайн үед хэвлэлд “Х.Батсүрэн Ерөнхийлөгчийн үгэнд ороогүй тул зайлуулагдлаа. Харин Д.Ганзориг тохирсон учир хоёр дахиа орж батлагдлаа” гэсэн мэдээлэл гарч байв. Гэхдээ Х.Баттулга Ерөнхийлөгчөөс буугаад өөрийн зарлигаар томилсон Д.Ганзоригийг огцруулахаар Үндсэн хуулийн Цэцэд өгч байсан гэхээр үгээр нь явахаар тохирсон гэх мэдээлэл үгүйсгэгдэж байгаа юм.
Д.Ганзориг шүүгч хэвлэлд өгсөн ярилцлага цөөн, бараг байхгүй гэж хэлж болох ч 2019 онд УДШ-ийн шүүгчдийн хурлаас Ерөнхий шүүгчээр дэмжигдсэнийхээ дараа “Өдрийн сонин”-д ярилцлага өгч байжээ. Түүндээ Шүүхийн хараат бус байдлын талаар “Шүүх эрх мэдэл хүнд хэцүү үеийг туулж байна. Ийм хүнд нөхцөлд орж байсан нь бараг үгүй байх...
...Сүүлийн 10 гаруй жил Улсын Дээд шүүхийн удирдлагууд бодлогын болон зарчмын хэд хэдэн алдаа гаргаж, түүндээ дүгнэлт хийдэггүй, алдаагаа засалгүй даамжруулж явсаар өнөөдрийн нөхцөл байдлыг бий болголоо. Үүний үр дагаврыг үнэнч шударгаар ажлаа хийж яваа олон шүүгч нар шүүх засаглалынхаа нэр хүндтэй хамт цугтаа үүрч гарах болж байгаа нь харамсалтай...
...Хэдийгээр манайд бусад олон зууны түүхтэй ардчилсан улсуудад нэгэнт бэхэжсэн шүүхийн систем шиг сүрхий хөгжөөгүй ч гэсэн зохих хэмжээний дотоод ардчилал Улсын Дээд шүүхийн хэмжээнд байсныг хөгжүүлэх нь битгий хэл бүр байхгүй болгосон.Шүүгчдийн зөвлөгөөнөө зарлахгүй, дотоод, гадаад асуудлуудыг ямар зарчмаар, хэрхэн шийдээд байгаа нь ойлгомжгүй, аливаа асуудлыг нийт шүүгчдээрээ санал солилцдог, нээлттэй ярилцдаг арга барилаар биш, хэдхэн хүмүүсийн дунд нууц далд байдлаар шийддэг, шийдлээ бусад шүүгч нартаа тулгадаг гэх зэрэг олон асуудал ярьж болно.
Дотоод ардчиллыг ингэж байхгүй болгосноор дотроо эрүүл саруул шүүмжлэл өрнүүлэх, алдаа дутагдлаа ярилцах боломжгүй болж, үг сөрж, санал нийлээгүй нэгнээ ад үздэгэрүүл биш үзэгдэл бий болсон.Энэ байдал нь явсаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүгчийн хараат бус байдалд шууд нөлөөлөхөөр хэмжээнд хүрсэн гэж би хувьдаа үзэж байна. Үүнийг засахгүйгээр цааш явах боломжгүй. Ер нь өөр бусад олон асуудал бий...
Бүх нөхцөл байдлуудын талаар саяын болж өнгөрсөн Шүүгчдийн зөвлөгөөнд би ил тод саналаа хэлсэн, манай шүүгч нарын олонхи нь надтай ижил санаа бодолтой байгаа нь харагдлаа, үүнд нь баярлаж байгаа. Хамгийн гол нь бид өөрсдөө өөрчлөх, өөрчлөгдөх хүсэл эрмэлзлэлтэй байгаа нь чухал.
...Юуны өмнө үнэхээр шүүхийг бие даасан, хараат бусаар ажиллуулахыг хүсч байгаа бол төрийн эрх барьж байгаа субьектүүд, улс төрийн нам, албан тушаалтнууд шүүхийн хараат бус байдлыг өөрсдөөсөө хамгаалах хэрэгтэй байна.
Шүүхийн хараат бус байдлыг хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, Ерөнхийлөгч нь бодит байдал дээр хамгаалдаггүй, хараат бусаар ажиллуулах сонирхолгүй, “Шүүх хараат бусаар ажилла” гэж амаараа ярих хэрнээ эргэж хараад,өөрийн эрхшээлд байлгахаар байнга довтолдог бол шүүх хараат бусаар ажиллах бараг боломжгүй. Энэ бол энэ албан тушаалд хэн ажиллахаас хамаарахгүй, тогтолцооны, зарчмын чухал асуудал юм шүү...” гэсэн байр суурь илэрхийлж байжээ.
Шүүхийг хараат бус ажиллахын талд зогсдог, тэрийг нь бусад шүүгч нар ойлгож дэмждэг байсан дээрээс Дээд шүүхийн шүүгчээр хоёр удаа сонгогджээ гэдэг байдал эндээс уншигдаж байна.
АН-ын "Олон толгой"-г цэгцэлж Х.Баттулгын дайсан болж, С.Баярцогтыг цагаатгасан шийдвэрт нөлөөлсөн гэж хардагдав
Д.Ганзориг Ерөнхий шүүгч болчихоод байх үед Ардчилсан намын хоёр хуваагдсан асуудал Дээд шүүхээр шийдэгджээ. Тодруулбал, Дээд шүүхээс С.Эрдэнэ даргатай АН-ыг албан ёсных хэмээн бүртгэж, Х.Баттулга даргатай АН-ыг хүчин төгөлдөр биш гэж үзсэн бөгөөд Д.Ганзоригийн асуудлыг ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар авч хэлэлцсэн явдлыг үүнтэй холбоотой гэдэг. Энэ утгаар нь түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүхэд хөнгөн зууш С.Эрдэнийг олж өгөхөд оролцсон гэж хардаж болох ч нөгөө талдаа С.Эрдэнийн АН яалт ч үгүй хууль ёсных байсан нь үнэн.
Д.Ганзориг шүүгчийг мөн С.Баярцогтыг гэм буруугүйд тооцсон Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт нөлөөлсөн хэмээн хэсэг иргэд АТГ-т өгч шалгуулж байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.177.128
Тун удахгүй идсэн эрүү хувхайрч , идүүлсэн бут ургадгын адилаар ард түмнээс хулгай хийж баяжсан нөхдүүд бүгд үйлийн үрээ эдэлж хийсэн хэрэгтээ гэмшинэ дээ......
Хариулах103.168.34.15
2 hunii shudnii uvchin boljdee zailuul .tsets n tegeed yahiim bol ?
Хариулах103.168.34.15
Ardchilsan nam huvaagdaj ene hun jenkogiin ugeer yvaagui uchir tsetsed ogtsortloo tulgagdjee, tuhain ued batlahdaa ugnees n garahgui gej enduu bodoj baiv .
Хариулах202.126.88.108
Одоо болно. Буг болтлоо шигдсэн байна. Саналаараа огцрооч.
Хариулах202.126.89.71
Unen