Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлын хэсгээс гурван удаагийн хэлэлцүүлгийг явуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэ хүрээнд “Утааны асуудал: эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдвийн хүрээнд гурав дахь хэлэлцүүлэг өнөөдөр /2025.01.29/ Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд эхлэв.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Б.Бат-Эрдэнэ, П.Батчимэг, Г.Ганбаатар, Ж.Золжаргал, Б.Мөнхсоёл, Ж.Чинбүрэн, Б.Уянга, С.Эрдэнэболд, Х.Булгантуяа, М.Нарантуяа-Нара нар болон холбогдох төрийн байгууллага, яам, агентлагийн удирдах албан тушаалтнууд, салбарын эрдэмтэн судлаачид, иргэд, төрийн бус байгууллагын төлөөлөл болох нийт 111 хүн оролцож байна.
Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар хэлэлцүүлгийг нээж, үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж, асуудлын цар хүрээ, ажиллах боломжийг харгалзан мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасан журмыг тус тус баримтлан Ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны 02 дугаар сарын 03, 04-ний өдөр “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” гэсэн сэдвээр зохион байгуулахаар тогтож, тогтоол баталсныг онцлоод ажлын хэсэг ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах ажлын төлөвлөгөөг баталж, бэлтгэл ажлын хүрээнд гурван удаагийн дэд хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэсэн гэв.
Мөн тэрбээр, өнгөрсөнд Агаарын бохирдол-хүн амын эрүүл мэнд (Амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах) сэдэвт эхний хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Утааны асуудал:Стандарт, хяналт (зуух түлшний технологи) сэдэвт удаах хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн З.Мэндсайхан даргалсныг дурдахын зэрэгцээ эдгээр хэлэлцүүлэгт төрийн болон төрийн байгууллага, иргэдийн төлөөлөл болох нийт 290 гаруй хүн оролцож, 33 иргэн асууж асууж, хариулт авч, санал хэлснийг тэмдэглэлээ.
Өмнөх долоо хоногт зохион байгуулсан хэлэлцүүлгээс зуух, түлшний технологи судлаач, инженер, зохион бүтээгчдээс судалгааны материал, тайланг танилцуулах санал гаргасны дагуу Ажлын хэсгийн гишүүдээс санаачлан энэ долоо хоногийн Баасан гараг буюу 01 дүгээр сарын 31-ний өдөр Төрийн ордонд “Зуух, түлшний технологийн шийдлүүд” сэдвээр уулзалт зохион байгуулахаар төлөвлөснийг Б.Баярбаатар дарга онцлон тэмдэглэв. Түүнчлэн тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу хэлэлцүүлэг явуулах дэг, хөтөлбөрийг танилцуулсан.
Хэлэлцүүлгийн эхэнд Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж “Агаар, орчны бохирдолд зарцуулсан төсвийн сүүлийн 15 жилийн тойм” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Засгийн газраас 2018 оноос эхлэн улсын төсвийн бодлогод агаарын бохирдол гэсэн тусгай арга хэмжээг үүсгэн хөрөнгө төсөвлөх болсныг илтгэгч онцлоод Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр /2018-2025 он/, Монгол Улсын Засгийн газрын “Хөтөлбөр батлах тухай” 2017 оны 98 дугаар тогтоолын хүрээнд /2018-2024 он/ улсын төсвөөс нийт 336.1 тэрбум төгрөг төсөвлөж, үүнээс 276.3 тэрбум төгрөгийг зарцуулж, гүйцэтгэл нь 82.2 хувьтай байна. Улаанбаатар хотын Агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааны зардал 243.6 төгрөгийн санхүүжилт олгосон байна гэв.
Тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлж эхлэхээс өмнө Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд 2010 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, Цэвэр агаар санг байгуулсан. Энэ хүрээнд жилдээ 5-30 тэрбум хүртлэх төгрөгийг зарцуулж ирснийг онцоллоо. Энэ хүрээнд агаар, хөрсний бохирдлыг бууруулах, судалгаа шинжилгээ хийх, авто тээврийн хэрэгслээс ялгарах бохирдлыг бууруулах, Улаанбаатар хотын хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний нөөцийн судалгаа дүгнэлт, агаарын бохирдлыг бууруулах, түүнийг ашиглах мастер төлөвлөгөө боловсруулах, цэвэрлэх байгууламжийн технологийн шинэчлэл гэх мэт арга хэмжээ авч хэрэгжүүлж, нийт 119 тэрбум төгрөг зарцуулсныг илтгэлд дурдсан байлаа.
Илтгэгч тус яамнаас агаар, орчны бохирдлыг бууруулах холбоотойгоор чиг үүрэгт нь багтсан төсвийн байгууллагуудын талаар судалгаа хийсэн гэв. Энэ талаарх мэдээллийг доорх зурагнаас үзнэ үү.
Мөн М.Санжаадорж илтгэлдээ, орон нутгийн төсвөөс гадна гадаадын зээл, тусламжийг агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд зарцуулсан байна. Олон улсын байгууллага, донор орнуудын чиг хандлага ногоон эрчим хүч, ногоон ирээдүй рүү чиглэж, маш чухал үзүүлэлт болсон гэдгийг онцолж байлаа. Дэлгэрэнгүй тоон мэдээллийг доорх зурагнаас харна уу.
Дараа нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа “Агаарын бохирдлыг бууруулах асуудлаарх эрх зүйн орчин, төсөл, арга хэмжээнд зарцуулсан хөрөнгө, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө” сэдвээр илтгэл тавив. Тэрбээр илтгэлдээ салбарын яамны хууль эрхзүйн орчин, агаарын бохирдлыг бууруулах талаар хийсэн төсөл, арга хэмжээнд зарцуулсан төсөв, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа.
Тухайлбал, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийг 1997 онд баталж, ус, цаг агаар, байгаль орчны төлөв байдалд байнгын хяналт шинжилгээ хийх, бодит болон урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллээр нийгмийн хэрэгцээг шуурхай хангах, байгалийн болзошгүй гамшгийн эрсдлээс сэрэмжлүүлэх асуудлыг зохицуулсан. Мөн Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг 2011 онд баталж, агаарын чанарыг сайжруулах бүс тогтоож эрчим хүчний үнийг урамшуулал хэлбэрээр хөнгөлөх, гэр хорооллын айл өрхөд шаардлагатай эрчим хүчний болон бусад хөнгөлөлт, үйлчилгээг хүргэх, гэр хорооллын айл өрхийн газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах барилга, орон сууц барих нөхцөл бүрдүүлэхээр тусгасан.
Агаарын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2010 онд баталж, хүрээлэн байгаа агаарыг хамгаалах, бохирдохоос урьдчилан сэргийлэх, агаар бохирдуулах бодисын хаягдлыг тоолох, бүртгэх, аливаа бохирдуулах бодисын хамгийн их агууламж нь агаарын чанарын стандартаас хэтэрсэн тохиолдолд тавих хяналтыг тодорхой болгох асуудлыг зохицуулсан. Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль 2012 онд анх батлагдаж, агаарын бохирдлын эх үүсвэр хэрэглэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэний агаар бохирдуулах үйл ажиллагаанд төлбөр ногдуулах, төлөх, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулсан гэдгийг салбарын сайд илтгэлдээ онцолсон.
Харин Улсын Их Хурлын 2017 оны 98 дугаар тогтоолоор “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталсан бол мөн оны Засгийн газрын 199, 2020 оны 115, 211 дүгээр тогтоолоор “Нийслэлийн агаарын чанарын бүсэд орсон айл өрхөд цахилгааны хөнгөлөлт үзүүлэх журам”-ын баталж, Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс нийслэл хотод оруулахыг хориглосон шийдвэрийг гаргажээ. Түүнчлэн 2020 онд “Нийслэл Улаанбаатар хотын зүүн бүсэд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барьж ашиглалтад оруулах тухай шийдвэр гарсан. Мөн онд 2018 оны 62 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж Хан-Уул дүүргийн 12,13,14, Сонгинохайрхан дүүргийн 21, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Налайх дүүрэгт тус тус түүхий нүүрс хэрэглэхийг хориглосныг илтгэлд дурдсан байлаа. Агаар, орчны бохирдлыг бууруулахад зарцуулсан төсөв, гүйцэтгэлийн талаар танилцуулсныг доорх зурагнаас харна уу.
Мөн цахилгаан эрчим хүчний хөнгөлөлт урамшуулал, зээлийн хүүгийн татаасын хүрээнд агаарын чанарын бүсэд цахилгаан эрчим хүчний хөнгөлөлт, ногоон зээл татаасад 2019-2024 онд нийт 46.1 тэрбум төгрөг, агаарын чанарын бүсэд айл өрх, аж ахуйн нэгж байгууллагад хийсэн сургалт, өдөрлөг хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулсан зөвлөмж сэрэмжлүүлэг, гарын авлага боршуур хэвлэлийн зардал, шахмал түлшний яндан хөөлөх, угаарын хийн хордлогоос сэргийлэх талаар хийсэн нөлөөллийн арга хэмжээнд нийт 36.1 тэрбум төгрөг, Орчны бохирдлыг бууруулах ажлын албаны үйл ажиллагааны зардалд 2.4 тэрбум төгрөг зарцуулсныг илтгэлд дурдсан байлаа.
Харин Нийслэл, орон нутгийн агаарын чанарын бүсэд чиглэсэн төсөл арга хэмжээний хүрээнд нийслэлийн агаарын чанарын бүсэд чиглэсэн төсөл арга хэмжээний зардал 44.6 тэрбум төгрөг, Орон нутагт агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн төсөл арга хэмжээний зардал 12.3 тэрбум төгрөг, “Таван толгой түлш” ХХК-д сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, түгээлттэй холбоотой санхүүжилтэд 67.8 тэрбум, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт борлуулалт, хадгалалттай холбоотой санхүүжилтэд 37.2 тэрбум, шахмал түлшний үйлдвэрлэлийг дэмжих Дархан-Уул аймгийн ЗДТГ, Өвөрхангай аймагт 4.3 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан байна. Мөн хяналт шалгалтын хүрээнд агаарын чанарын бүсэд түүхий нүүрс оруулахыг хориглох тухай тогтоолын хэрэгжилтийг хангуулах, агаарын чанарын бүсийг дэглэмийг мөрдүүлэх 16.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосныг илтгэлд дурдсан байв.
Илтгэлийн төгсгөлд С.Одонтуяа сайд салбарын яамнаас 2025 онд хийж хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний төлөвлөгөөгөө танилцуулахын зэрэгцээ агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бүх дэвшилтэд техник, технологийг нэгтгэн харуулах үзэсгэлэнгийн төв байгуулахаар төлөвлөн ажиллаж буйг онцлон тэмдэглэсэн.
Дэд хэлэлцүүлэг Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэн “Агаарын бохирдлыг бууруулах талаар хэрэгжүүлсэн арга хэмжээ, санхүүжилт, үр дүн”, “Тавантолгой түлш” ХХК-ийн Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга Х.Ариунзаяа “Бодлого шийдвэр, санхүүжилт, зарцуулалт” сэдвээр илтгэл, хэлэлцүүлэгт оролцогчдын асуулт, хариулт, саналаар үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна