Д.Ганбаатар: Компанийн захирал хийж явсан хүн оймс, дотуур хувцас зарж эхлэхдээ ИЧДЭГ л байлаа

Т.Отгонсувд
Өчигдөр 08 цаг 45 минут

Энгийн ардын амьдрал, тэдний үзэл бодол, үзэж туулсан зүйлсийн талаар ярилцдаг "Эгэл Амьдрал" нэвтрүүлэг энэ удаад Хархорин захын жижиглэнгийн худалдаачин Д.Ганбаатарыг онцолж байна.

Д.Ганбаатар цахилгаанчин мэргэжилтэй, Хархорин захын гадна оймс, дотуур хувцас зардаг олны хэлдгээр жижиглэнгийн наймаачин. Эр хүн туг ч барина тугал ч хариулна гэдэг шиг цахилгааны мэргэжлээрээ компани байгуулж захирал гэж дуудуулж явсан тэрбээр төрийн байгууллагын тендерийн наймаа, шударга бус үйлдлүүлээс халширч компаниа заржээ. 

Түүний гэргий жижиглэнгийн наймаа эрхэлдэг байсан бөгөөд эхэндээ тусалж хамт зогсдог байсан. Анх гудамжинд оймс зарж байгаагаасаа ичиж, таньдаг хүн таарвал нуугддаг байсан ч одоо бол Хархорин худалдааны төвийнхөн Ганбаа ах гээд андахгүй архаг наймаачин болжээ. 

Тэрбээр хүн хар бор ажил хийж, амьдралын хат сууж үзэх хэрэгтэй гэж боддог. Оффист сууж, цэвэрхэн хувцасласан бүхэн сайхан биш хүн хөдөлмөрлөж чадвал хаана ч ажиллаж, хэдэн ч төгрөг олох боломжтой шүү гэдгийг залуустаа захиж байлаа. 

Д.Ганбаатар "Ах нь Хархорин зах дээр 10 гаруй жил худалдаа эрхэлж байна. Өмнө нь 19 жил цахилгаанчин хийж байсан. Эзэмшсэн мэргэжилдээ хайртай, бүтээн байгуулалт хийж түүнээсээ урам зориг авдаг байсан. 

Харанхуйд гэрэл асаахад хүмүүсийн нүдэнд ч тэр гэрэл асаж байгааг харах нь миний ажлаасаа  мэдрэх кайф байсан. Компани байгуулж, хоёр жил захирал аа гэж дуудуулж үзлээ. Гэхдээ яг хийе бүтээе гээд явахаар манай улсын төрийн байгууллагын хүнд суртал, тендерийн наймаа зэргээс болоод ажилчдынхаа цалинг ч тавьж чадахаа байж компаниа зарсан. 

Гэхдээ би өнөөдөр гадаа оймс, дотуур хувцас зарж байгаа нь муудсан гэсэн үг биш. Хүн хичээвэл хаана ч ажил хийж, юуг ч бүтээж болно гэж боддог. Анх нэг муу бардам зантай таньдаг хүн таарвал нүүрээ нуугаад л зугтаад л гүйдэг байлаа. "Нөгөө цахилгаанчин Ганбаа чинь оймс, турсинк зараад зогсож байна. Эвий дээ" гэх хүмүүсийн яриа чихэнд сонсогдож гутардаг л байсан. 

Одоо бол хэзээ ч хэнээс ч ичихгүй. Намайг муу хэлж байгаа хүмүүсээс ч илүүг олж байж магадгүй шүү/ инээв/. Сардаа сая саяар нь мөнгийг эргэлдүүлж байна. 

Зарим хүмүүс Хятад юм зарлаа гэж муу хэлдэг л юм. Өнөөдөр бидний өмсөж, зүүж, хэрэглэж буй бүхэн Хятад л байгаа. Осолдохгүй судсаар урсаж буй цус нь Монгол байна. Үйлдвэрлэгч орон биш юм чинь өөр яах билээ дээ. 

Цагаан сараар оймс их зарагддаг. Хамгийн хэрэгтэй бэлэг чинь л оймс шүү дээ. Би зарж байгаа бараагаа аль болох гадуурх үнээс хямдхан зарахыг л боддог юм. Олон түмний буянаар л энэ захын олон хүн амьдралаа залгуулж байгаа болохоор тэдэндээ хатуурхаад яах билээ. 

Эцэст нь гэж хэлэхэд хөдөлмөрч байгаарай. Хөдөлж байгаа хүн хэзээ ч бусдаас гуйж, хоосон хонодоггүй юм шүү" хэмээн ярилаа. 

Видео ярилцлагыг доорх линкээр үзээрэй. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.92
    Өчигдөр

    chuham uneniig heljee , ajil huniig golhoos , hun ajliig goldgui gedeg ug bii shuu !

    Хариулах