Төр энэ удаад “Ухаа худаг”-ийн хувиа заавал авах ёстой

Х.Батсайхан
Өчигдөр 08 цаг 01 минут

                  -С.Баяр, Н.Алтанхуягийн хийж чадаагүй ажлыг Л.Оюун-Эрдэнэ гүйцээх ёстой-

“Энержи ресурс” компани Ухаа худагийн ордыг Засгийн газрын тэмдэглэлээр шилжүүлж авсан баримтыг УИХ-ын дарга асан З.Энхболд ил болгосны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тавантолгойн ордын нэг хэсэг болох "Ухаа худаг"-ийг "Энержи ресурс" компанид хэрхэн олгосныг шалгаж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан билээ. 

Ингэснээр, Монголын төр алдагдсан ордоо авах оролдлогыг дахин нэг удаа зоригтойгоор хийх юм байна гэсэн итгэл улам батажлаа. Учир нь, төр өмнө нь “Ухаа худаг”-ийг буцааж авахыг нэг биш удаа оролдсон ч чадаагүй юм.

Эхлээд С.Баяр бүлэг ордын лицензийг төрд шилжүүлж авсан ч Ухаа худгийг алдсан. Н.Алтанхуяг мөн асуудлыг гаргаж тавьсан ч чалдаагүйгээр үл барам "Эрдэнэс Тавантолгой"-г гуравдагч хөршийн бодлоготой уях гээд хүчин мөхөсдсөн. 

Чадаагүйн учир нь, нэгд, “Энержи ресурс” хэтэрхий хүчтэй,  хоёрт, баялгийн сангийн талаарх олон нийтийн ойлголт маш сул, тэр утгаараа төрдөө үзүүлэх дэмжлэг бага байсантай холбоотой байв.

“Хөгжлийг бий болгоход хүний хөгжил хамгийн чухал, харин хүнээ хөгжүүлэхэд цаг хугацаа хэрэгтэй” гэдэг л болсон хэрэг. Тийм ч учраас 13 жилийн өмнө хийчих байсан ажилтай одоо Л.Оюун-Эрдэнэ зууралдаж яваа юм. Тэгэхээр энэ удаад төр “Ухаа худаг”-аас хувиа олж авах зайлшгүй шаардлагатай.  

Ардчилсан нам хүчгүйдсэн Тавантолгойг эргэлтэд оруулах, “Ухаа худаг”-ийн 51 хувийг авах ажиллагаа

Түүх давтагддаг гэж үнэн юм. Эсвэл болох ёстой юм болох л ёстой буюу ард түмний баялаг ард түмнийх л байх ёстой гэмээр ч юм уу. Одоо болж байгаа үйл явцыг ингэж тодорхойлж болох мэт.

Засгийн газар аль 13 жилийн өмнө “Ухаа худаг”-ийн 51 хувь, “Тавантолгой” ХК-ийн хувийн хэвшлийн эзэмшдэг 49 хувийг төрд шилжүүлж авах асуудлыг хөндөж, үйл явдлууд өрнөж байсан юм.

С.Баярын Засгийн газар Оюутолгойг хөдөлгөсөн ч Тавантолгойг чадаагүй гэдгийг дээр өгүүлсэн. Учир нь, энэ том орд хөрөнгийн бирж дээр гарч байж л жинхэнэ утгаараа хөдлөх байсан юм. Харин ингэх сонирхол “Энержи ресурс”-д байгаагүй. Тэдэнтэй нэг тал гэж хэлж болох Ерөнхий сайд Сү.Батболд БНХАУ-ын “Чалко”-той нууц заалт бүхий алдагдалтай гэрээ хийж, “Эрдэнэс Тавантолгой”-г хөрөнгийн бирж дээр гарах боломжгүй болгох ажлыг гардан хэрэгжүүлсэн гэж хэлж болно.

 Ухаа худаг л болж бүтэж байгаа мэт, ерөөс төр том ордыг авч явах чадамжгүй мэт суртал ухуулга хийх, улмаар Стратегийн орд гэх ойлголтыг үгүй хийж, мөнгөтэй хэдхэн хүн хувааж авах боломж ингэж бүрдсэн юм. Хөрөнгийн бирж дээр IPO хийх нөхцлийг бүрдүүлэх учиртай Үнэт цаасны тухай хууль гацаж байсныг ч дурдаж болно.

Харин Ардчилсан намд ордыг хөдөлгөе гэсэн бодол үнэхээр байсан бөгөөд 2012 оны сонгуулийн өмнө буюу Засгаас гарсныхаа дараа л шууд энэ асуудлыг хөндөж, “Энержи ресурс”-ын 51 хувийг төрд авах асуудлыг мөн ярьж эхэлсэн байдаг.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Ухаа худагийг “Энержи ресурс”-т өгсөн үйл явцыг шинжлэн судлах Ажлын хэсгийг О.Алтангэрэл сайдаар ахлуулан байгуулж, 34, 51 хувь байтугай 100 хувь алдаж магадгүй байдалд /Ухаа худагийг “Энержи ресурс”-т Засгийн газрын тэмдэглэл төдийгөөр шилжүүлж өгсөн байдаг/ оруулж байгаатай ялгаагүй үйл явц тэр үед ч өрнөж байсан гэсэн үг.

Сонгууль дөхчихсөн, иргэд “Тавантолгойн хувьцаанаасаа хэзээ ашиг хүртэж эхлэх вэ” гэдэг асуултаар эрх баригчдыг сандаргаж, эрх баригчид тэрнийх нь дагуу ажиллах юм шиг болж байсан үе. Улмаар яг одоогийнх шиг холимог тогтолцоогоор сонгуулиа хийж, Ардчилсан нам ялсан.  

Тэр үед ард иргэд олигтой дэмжээд өгсөн бол, одоогийнх шиг мэдлэг мэдээлэлтэй байсан бол өдийд олон орд ар, араасаа эргэлтэд орж, улсын хөгжил, иргэдийн ахуй амьдрал ч өөр байх байв.

Учир нь, Ухаа худаг бол эргэлтэд орчихсон орд байсан бөгөөд шууд л ногдол ашиг хуваарилж, иргэдийн ойлголтыг бататгах боломжтой байсан юм.

“Энержи ресурс” “Ухаа худаг”-ийн талаар эхнээсээ л худал мэдээлэл тарааж байсан

Ухаа худаг бол Тавантолгойн бүлэг ордын хамгийн сайн судлагдсан, нөөц нь баттай тогтоогдсон төдийгүй хамгийн чанартай гэдгээрээ "Тавантолгойн өрөм" гэж нэрлэгдэж байгаа орд болохыг бид одоо мэднэ. Гэвч 2008 оны эхээр буюу Засгийн газрын хурлын тэмдэглэл төдийгөөр шилжүүлж авах үед Тавантолгойн ордын хоёр хувийг авч үлдэж, 98 хувийг нь төрд өглөө гэсэн суртал ухуулга явуулж байсан юм. Бүр байчихаад "Нөөц нь тогтоогдоогүй хоосон газар авлаа"ч гэж байсныг мэдэх хүмүүс байгаа л байх.  

Гэвч “Судлагдаагүй” гээд байгаа орд газарт хуучнаар БНМАУ, ЗХУ-ын геологичидын хамтарсан экспедицийнхэн судалгаа хийгээд бүх нөөцийг нь тогтоосон баримт сүүлд нь гарч ирснийг хэвлэлийнхэн илчилсэн. Тодруулбал, Ухаа худаг ордын нөөцийн талаарх тоо баримтууд БНМАУ-ын ГУУЯ-ны сайд З.Барсаар ахлуулсан Зөвлөлт-Монголын геологичдын ажлын хэсэг 1989 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн 08 тоот тайланд бичсэн байсан гэх бөгөөд хайгуул, судалгааны ажилд тухайн үеийн ханшаар 3.5 сая долларын хөрөнгө зарцуулж, техник эдийн засгийн үндэслэл, тайлан тооцоо, хайгуулын ажил, нөөцийн дүгнэлт гээд бүгдийг нь жин тан болгосон байсан хэмээн учир мэдэх хүмүүс өгүүлж байв. Тодруулбал, бүх нөөц нь 411 сая 539 мянган тонн, үүнээс коксждог нүүрс нь 252 сая 101 мянган тонн, чулуун нүүрс нь 149 сая 53 мянган тонн гэсэн тооцоо гаргасан байсан гэдэг. Сүүлд “Энержи ресурс” хайгуулж хийж нөөц нэмснийг үгүйсгэхгүй.

“Энержи ресурс”-ыг иргэдийн мөрөөдлийг булшилсных нь төлөө гэсгээх ёстой

2010, 2011 он бол Монгол Улс эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд толгой цохиж, “Ирээдүйн Катар болно” гэж магтагдаж байсан үе. Баялгийн сангийн хууль байгаагүй ч ижил төстэй Хүний хөгжил сангийн хууль батлагдаж, иргэдэд жилд 120,000 төгрөгийн хишиг хувь хүртээх ажил хэрэгжээд дуусчихсан, олон нийт “Стратегийн ордуудыг эргэлтэд оруулсны ашгаас иргэдэд хувь хүртээх юм байна“ гэсэн ойлголтыг авч эхэлж байв.

Гэвч энэ ойлголт гэнэтхэн 180 градус эргэж, “Ер нь Стратегийн ордын жагсаалт гэж юм байх хэрэггүй юм байна. Хувийн хэвшлийнхэн л авч явж чадна” гэдэг суртал ухуулга хүчтэй явагдаж, ордууд нэг, нэгээрээ алдагдаж эхэлсэн юм.

Стратегийн 50 шахам ордоо жижгээс нь эхлээд эргэлтэд оруулж, өгөөжүүдийг нь цуглуулснаар асуудлаа шийдэж, катарчууд шиг биш юм гэхэд байгаагаасаа дээр амьдрах нь гэсэн монголчуудын хүслийг ийнхүү олигархи бүлэглэл өөрсдөөс нь асуулгүйгээр гишгэж хаясан түүхтэй.  

Хүмүүнлэг ардчилсан нийгэм бол ширэнгийн хуулиар явдаггүй. Иргэд сайхан амьдрахын тулд өөрсдөө хичээхээс гадна төр зөв бодлого явуулж, улсаа хөгжүүлснээрээ ачааг нь хөнгөлж, нөөц боломжоо илүү ашиглах боломжийг бүрдүүлдэг үндсэн зарчимтай.

Энэ боломжийг олигархиудын шунал үгүй хийсэн юм. Энэ бүхний цаана “Энержи ресурс” гол үүрэгтэй байсныг мэдэх нэг нь мэдэж л байсан. Одоо харин үгээ хэлж, хариуцлага тооцох цаг ирж байх шиг байна. Тавантолгойг өөртөө авахын тулд олон улсын тендерүүдийг гацааж байсан 10 гаруй жилийн цаана монголчуудын амьдрал хөнгөрөх 10 гаруй жил бас байгаа гэдгийг хэлэхийг хүсэж байна.

“Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хувийн хэвшлийг боомилоогүй, харин ч боломж олгож байгаа  

Эрх ашиг нь хөндөгдөж байгаа хэсэг бүлгийн зүгээс Баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт нь хувийн хэвшлийг устгах гэж байгаа мэт суртал ухуулгыг явуулж байна.

Гэхдээ, Хүний хөгжил сангийн тухай хууль хэрэгжиж байх үед Стратегийн ордууд дахь төрийн хувь эзэмшил одоогийнх шиг 34 хувь биш, 100 хувь байна гэж төсөөлж явж байсныг энд заавал дурдах ёстой. Харин 2020-2024 оны Парламент 34 хувь байх хууль баталж, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хэрэгжүүлэхээр ажиллаж байна.  

Энэ бол өмнөх алдаа завхралдаа дүн шинжилгээ хийж, “Төр муу менежер” гэдгийг хүлээн зөвшөөрсний шинж мөн. Аливаа компанийн чухал шийдвэрүүд 2/3-оос дээш хувийн саналаар гардаг. Энэ утгаараа 34 гэдэг тоо ач холбогдолтой бөгөөд компанийг удирдах биш, гарах гэж байгаа чухал шийдвэрүүдэд оролцоно гэдгийг харуулдаг юм. Тэгэхээр, хувийн хэвшлийг бүрмөсөн баллаж хаях гээгүй, харин ч өмчийнхөө менежментийг хувийн хэвшлээр хийлгэж өөд нь татах бодлого барьж байгаа гэж харагдана. Учир нь, огт эргэлтэд ороогүй ордууд ч зөндөө байгаа шүү дээ.

"Тавантолгой" ХК-ийг яах вэ

Төрийн өмчийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөц нь тогтоогдсон Таван толгойн бүлэг ордоос хувийн хэвшилд шилжсэн бас нэг хэсэг нь орон нутгийн гэгддэг "Тавантолгой транс" буюу одоогийн “Тавантолгой ХК. Энэ компани Зүүн Цанхид 169 га талбай эзэмшдэг. Үүний 51 хувь нь орон нутгийн өмч, 36 хувь нь "Ажнай" Д.Бат-Эрдэнийн мэдэлд байдаг. “Ажнай”-н дараа орох хувьцааг “Шандас импекс” ХХК эзэмшдэг бөгөөд тус компанийн 50 хувийг Сэмбээжавын Мөнхжаргал, үлдсэн 50 хувийг Их Британи Умард Ирландын Вант улсад бүртгэлтэй "Word Resources" ХХК эзэмшдэг гэх баримт бий.

Тавантолгойн нүүрсний энэ "жижигхэн" уурхайг 1966 оноос хойш ил аргаар ашиглаж Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн төв болон ойролцоох сумдын нүүрсний хэрэгцээг хангаж ирсэн юм билээ. Эл уурхайн асуудал 2012 онд “Ухаа худаг”-тай хамт хөндөгдөж, олон нийт рүү гарсан 49 хувийг төрд авах асуудал яригдаж байлаа. Гэвч мөн л ажил хэрэг бололгүй өнгөрсөн.

Эсэргүүцэл буюу эрх ашгийнхаа төлөө улсаа хорлохоос буцахгүй байдал үүсгэх эрсдэл

Мөнгөтэй бүлэглэл эрх ашгаа хамгаалахын тулд улс орны хөгжлийг, иргэдийн арай дээр нөхцөлд амьдрах боломжийг олон жилээр хойшлуулахаа юман чинээнд боддоггүй.

“Ухаа худаг”-ийг эзэмшдэг бүлэглэл жишээ нь, “Эрдэнэс Тавантолгой”-г үхмэл байлгаж, өөрсдөө оролцож байж л эргэлтэд оруулах сонирхолтой байсан.

Орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн эзэмшигчид харин хувь эзэмшлийг нь төр авах сургаар өөр, хоорондоо хувьцаагаа хэтэрхий өндөр үнээр худалдаж, үнийн хөөрөгдөл үүсгэж байв. 50,000 төгрөгийн хувьцааг 500,000 төгрөгөөр өгөлцөж, авалцаж байсан бөгөөд энэ нь төрөөс нөхөн олговор нэхэх зорилготой хэдхэн хүний санаатай үйлдэл байсныг тогтоосон байдаг. Түүнчлэн, “Долоон жилийн дараа нөөц нь дуусна” гэдэг цуурхал ч тарааж байлаа.

Гэвч нөөц нь дуусаагүйгээр барахгүй, 2036 он хүртэл нүүрс зөөх эрхтэй хэвээр байна. Энэ бүхнийг нуршихын учир нь, тэд одоо ч хүчтэй, мөнгөтэй хэвээрээ, төрийн бодлогыг 13 жилийн өмнө зогсоосон шигээ зогсоохын тулд бүхнийг хийнэ гэдгийг сануулахын тулд юм.

Орон нутгийн “Тавантолгой” ХК сүүлийн гурван жил дараалан түүхэндээ хамгийн өндөр ногдол ашиг тараалаа. Засаг унагах акцын ард “Энержи ресурс” байгаа гэлцэж буй. Энэ үед олон нийтийн дэмжлэг л хамгийн чухал байдаг. 



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.117.64
    17 цагийн өмнө

    100% butsaaj avah estoi, yuin 34%…

    Хариулах
  • 59.153.115.107
    22 цагийн өмнө

    За даа эцсийн үр дүнг л харая оюук бол ээ дээ зальтай өөрөө эзэн суух вий дээ бурхан минь

    Хариулах
  • 66.181.161.123
    Өчигдөр

    Zuv

    Хариулах
  • 157.15.7.113
    Өчигдөр

    Манай экс ерөнхийлөгч агсан П.Очирбат гуайн Тэнгэрийн цаг гэл үү компани Энэржи ресурсд хувь эзэмшдэг гээ биз. Манай удирдагчид ийм л өчүүхэн байгаа юм даа, юун улс орон ард түмнийг бодох.

    Хариулах
  • 66.181.161.120
    Өчигдөр

    С.Баяр,С.Батболд гэх мэт улсаа хорлосон гарууд байх юмаа

    Хариулах
  • 66.181.191.191
    Өчигдөр

    Яаг үнэнг бичижээ Төмөр замыг хүртэл элгээр хулгайч нар увайгүй уос төрчидтэй нийлж гацааж бгаад өөрсдөө авч 5н толгойг үнэгүйдүүлж авах гэж бсаншдээ.

    Хариулах