Жүжигчин М.Баярбат, Б.Ганчулуун: Хүүхэд насанд "Цагаан сар" хамгийн ГОЁ баяр байлаа, одоо ч сайхан

Т.Отгонсувд
11 цаг 22 минутын өмнө

XVII дугаар жарны элдэв эрдэнэт хэмээх модон жилийг угтаж, үндэсний уламжлалт баярын үнэ цэнэ, утга учир, өв заншлын талаар олон нийтийн болон урлаг соёлын төлөөлөл болсон эрхмүүдийн богино ярилцлагуудыг хүргэж байгаа билээ.  

Энэ хүрээнд "Фантастик продакшн"-ий жүжигчин М.Баярбат, Б.Ганчулуун нартай цөөн хором хөөрөлдлөө. 

Жүжигчин М.Баярбат "Настан буурлуудддаа очиж золгоод сайхан шинэлж байна аа.

Хүүхэд байхдаа их айл хэсдэг байжээ. Одоо бол Монгол түмний их баяр учраас хамгийн эхэнд аав ээж, дотны ах дүүсээрээ явж золголтоо хийдэг. Дараа нь багш нартаа гээд хүндлэл үзүүлэх эрхэм хүмүүс дээрээ очиж золгодог. Шинийн гурван хүртэл тасралтгүй золгуутаар явдаг шүү.

Хүүхэд байхад золгоно гэхээсээ илүү бэлгэнд их явдаг байв. Би багадаа, 10 жилийн сургуульд байхдаа Багахангайд байсан учраас айл бүрт орно. Манайх чинь тэр үед гэр хорооллын 10 гаруй гудамжтай байсан. Түүний 7, 8 гудамжийг дуусгадаг л байлаа. Бэлгээ цуглуулаад өвөр түрийндээ хийгээд л хадгалж, хадгалж их удаан иддэг байжээ"

Жүжигчин Б.Ганчулуун:  Намайг жаахан байхад бэлгийг сонингийн цаасанд ороочихсон байдаг байсан. Юу нь мэдэгдэхгүй. Хүүхэд байсан учраас юуг нь мэдэж чадахгүй. Айлд задалж чадахгүй шүү дээ, аав ээжийнхээ хажууд. Айлаас гараад машиндаа оронгуутаа сонингийн цааснаасаа задлаад үздэг байсан. Хүүхэд байхад цагаан сар дурсамжтай гоё байсан. Одоо ч гоёороо. 

Тэр үед одоонийх шиг хувийн үйлдвэрийн хэвийн боов гэж байгаагүй. Хэвийн боовоо өөрсдөө хийдэг. Хэвийн боовны бэмбий нухна гэж аймаар хэцүү ажил. Нухаад л. Бууз ажиллагаанд оролцоно. Багаасаа л буузны гурил элдэж, арай томроод тоолж явлаа. Бүгдийг нь л хийдэг байсан. Ууцаа ч чанадаг байсан. Боовоо хийгээд, ууцаа чанаад, буузаа хийгээд, гэрээ цэвэрлээд их л ажилтай байдаг байлаа.

Могой жил гарч байна. Сайхан жилд учран золгож байгаа Монгол түмэн минь элгээрээ эрүүл энх, төрлөөрөө түвшин амгалан бүгдээрээ сар шинэдээ сайхан шинэлээрэй".


 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна