БНХАУ: АНУ-тай ямар ч хэлбэрээр дайтахад бэлэн

Zuv.mn
5 цаг 24 минутын өмнө

АНУ БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулах гаалийн татварын хэмжээг өсгөснөөрөө “Худалдааны дайн”-ыг эхлүүлсэн, үүнд экспортоос хамаарсан эдийн засагтай БНХАУ илүү хохирно гэсэн байр суурь давамгайлж байгаа.

Тэгвэл Бээжингийн хувьд ямар ч тохиолдолд эдийн засгаа тогтвортой өсгөнө гэлдэг байр суурийг бүх түвшиндээ бат илэрхийлж байна. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян өчигдөр нээгдсэн Парламентын нээлтийн хуралдаанд тавьсан илтгэлдээ 2025 онд эдийн засгаа бат тогтвортой байдлаар төсөөлсөн нь анхаарал татаад байна. Түүний тавьсан илтгэлийн ихэнх нь эдийн засаг буюу төсөв зардалтай холбоотой байсан бол төсөв зардлын багагүй хэсэг нь батлан хамгаалах, зэвсэглэлтэй холбоотой байжээ.

Илтгэлд БНХАУ эдийн засгаа энэ онд 5 хувь өснө гэж таамагласан бол батлан хамгаалах зардлаа түүнээс илүү буюу 7.2 хувиар өсгөх гэнэ. Үүнийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл, 1.78 их наяд юань буюу 246 тэрбум ам.доллар аж. Энэ мэдээж, АНУ-ын батлан хамгаалах зардлаас хамаагүй бага. Гэхдээ, Вашингтоны үе, үе мэдэгддэгээр, Бээжин батлан хамгаалахын зардлаа ил хэлдэггүй бөгөөд зарласнаасаа 40 хувиар илүүг зарцуулдаг гэсэн таамаг байдаг аж.

Д.Трампын тавьсан гаалийн татварыг сөргүүлж хийсэн мэдэгдэлдээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулна гэснээс өөр юм хэлээгүй.

АНУ-ын Жуд Бланчет зэрэг мэргэжилтнүүд БНХАУ цаанаа бол Д.Трамптай учраа олж, Худалдааны дайнаас зайлсхийхийг хичээж байгаа гэж мэдэгдэж буй.

Гэвч АНУ дахь БНХАУ-ын ЭСЯ өчигдөр “БНХАУ ялагдахгүй. Бид худалдааны болон дурын өөр хэлбэрийн дайнд бэлэн байна” гэсэн хурц мэдэгдэл хийжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна