​ Э.Алтан-Очир: Эмэгтэй дугуйчдын амжилт маш хурдан сэргэх боломжтой

Х.Батсайхан
2025/03/07

Дугуйн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Э.Алтан-Очиртой ярилцлаа. Тэрбээр одоо эмэгтэй шигшээ багаа ахлан Вьетнамын олон өдрийн уралдаанд оролцож яваа  юм.

-Монголын эмэгтэй дугуйчид 12 жилийн дараа олон улсын өндөр зэрэглэлийн олон өдрийн уралдаанд оролцох гэж байна. Үүний цаана Монголын дугуйн холбооны ямар бодлого, зорилт байгаа талаар манай уншигчдад ярьж өгөөч?

-Оны өмнө их хурлаа хийж, шинэчлэгдэн зохион байгуулагдсан Дугуйн холбооны бодлогод эмэгтэй тамирчдаа дэмжиж хөгжүүлэх зорилт орсон. Энэ дагуу Азийн аваргад дэмжсэн. Вьетнамын олон өдрийн уралдаанууд үүний үргэлжлэл гэж хэлж болно. Сая Азийн аваргын тэмцээний үеэр Вьетнамын дугуйн холбоотой уулзаж урилга аваад оролцох боломжоор хангасан. Энэ бол Монголын дугуйн холбооны шинэ удирдлага эмэгтэй дугуйчдаа дэмжиж ажиллах амлалтдаа хүрч байгаагийн нэг илрэл гэж бодож байна. Олон улсын дугуйн холбоо ДАШТ-ээс эрэгтэй, эмэгтэй багийн уралдааныг хасаж, холимог багийн тэмцээнийг оруулж ирсэн. Ингэснээр улс орнуудад эрэгтэй, эмэгтэй багаа зэрэг чанаржуулж байж амжилтад хүрэх нөхцөл үүссэн юм. Манай улсын хувьд өнгөрсөн оны ДАШТ-д холимог багаа анх удаа оролцуулж 15 дугаар байрт орсон. Энэ удаа тивийн аваргад очиж чансаагаа үзье гэдэг зорилготой Тайландад очсон. Эндээс олон өдрийн уралдаануудад олон удаа орох ёстой юм байна гэдэг дүгнэлтийг хийсэн гэж ойлгож байгаа.

Манай эмэгтэй элит тамирчид хамгийн сүүлд 2013 онд Олон улсын дугуйн холбооны ангилалд багтсан олон өдрийн тэмцээнд оролцсоноосоо хойш дахиж оролцоогүй байсан. Энэ жилээс уламжлалаа сэргээж байгаад баяртай байгаа.

-Дугуйн спорт монгол эмэгтэй хүнд ер нь хэр зохимжтой вэ. Монголын эмэгтэйчүүд дугуйн спортоор өндөр амжилт гаргах боломж байгаа юу?

-Монголын эмэгтэй дугуйчдад дэлхийд дээгүүр өрсөлдөх боломж маш их бий. 2012 оноос дугуйн спортоор хичээллэж, 2013 онд нь Ази тивийн аварга болсон Т.Энхжаргал эгч үүний тод жишээ. Монголын дугуйн спортын түүхэнд Ази тивийн аварга анхны эмэгтэй тамирчин болсон тэрбээр 2014, 2015 оны тивийн аваргаас хүрэл медаль авч, тивийн АШТ-ээс гурван жил дараалж медаль авсан мөн л анхны тамирчин болсон. Тийм учраас цаашдаа хөрөнгө мөнгөөр дэмжээд явбал манайхан дэлхийд дээшээ үзэх боломжтой.

Бүсгүйчүүд маань эрэгтэй U23-ын гаргадаг цагийг Монголдоо үзүүлдэг болчих л юм бол олон улсад дээгүүр өрсөлдөнө гэсэн үг. Эмэгтэй тамирчид эрчүүдтэйгээ ойрхон байж, хамт бэлтгэл хийх нь амжилтад сайнаар нөлөөлдөг. Манай Монголын хувьд эмэгтэйчүүд нь эрчүүдтэйгээ ойрхон, үлгэр жишээ авах, үзүүлж байгаа амжилтыг нь харах боломж харьцангуй их байдаг учраас тамирчдадаа итгэл хүлээлгээд, найдаад явж байна.

-Цуурай нь намдаж амжаагүй байгаа Ази тивийн АШТ-ээс ярилцлагаа эхэлье. Багийн ахлах дасгалжуулагчаар ажилласан хүний хувьд, алдаа оноо, сургамж юу байв?

-2025 оны эхний том тэмцээн болох Ази тивийн АШТ-дээ амжилттай оролцоод ирсэндээ баяртай байна. Миний хувьд анх удаа шигшээ багийн тамирчдаа ахалж явлаа.

Манай багаас эрэгтэйчүүдийн элит ангилалд ОУХМ С.Жамбалжамц хүрэл, 23 хүртэлх насны залуучуудын ангилалд СМ Х.Тэмүүлэн мөнгөн медаль авсан. Ахмадууд маань мөн амжилттай уралдаж, алт, мөнгө, хүрэл медалиудыг хүртлээ.

Энэ амжилтыг гаргахад Монголын дугуйн холбооны хүчин чармайлт, өндөр зохион байгуулалт чухал үүрэг гүйцэтгэснийг энд зориуд тэмдэглэж хэлье. Холбооны зүгээс тамирчдыг тэмцээний өмнө яг тэмцээн болох газарт нь 16 хоногийн цугларалтад хамруулж, замтайгаа танилцаж, цаг агаартаа дасан зохицох боломжийг олгосон.

Үүний дүнд залуу тамирчин Х.Тэмүүлэн мөнгөн медаль авсан. Тойрог зам руу орохоос өмнө ямар ч сандралгүй, нутагтаа уралдаж байгаа юм шиг л итгэлтэй уралдсан. Улмаар “Тасралт гарах гэж байна шүү. Гараарай” гэхэд маш амжилттай тасарч гарсан. Тасралтад гарахаасаа өмнө идэх, уух зүйлээ авсан. Ахмадууд мөн замтайгаа эрт танилцаж, хаана яаж явахаа тооцоолчихсон байсан нь амжилт гаргах нэг үндэс байлаа.

Арын албанд бүх зүйлийг хариуцаж ажилласан Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон, ЕНБД Т.Төгөлдөр, Шүүгчдийн зөвлөлийн дарга А.Эрдэнэболд, Д.Мөнхзаяа, дасгалжуулагч нартаа нартаа баярлалаа гэж хэлье. Бид бүгд дор бүрнээ хариуцсан ажлаа чамбай гүйцэтгэснээр амжилттай уралдаад ирлээ. Мөн дасгалжуулагч А.Алтансүх ах маань маш сайн ажилласан. Бид хоёр тамирчдынхаа массажийг долоо хоногийн өмнөөс эхлүүлж, санаа тавьж ажиллах боломж гарсан. Өмнө нь ийм боломж байгаагүй. Эхний тэмцээндээ ингэж амжилттай орсон юм чинь цаашдын зам маань дардан байх болов уу гэж бодож байна.

-Аливаа тэмцээн уралдаан тамирчин бүрт харилцан адилгүй болж өнгөрдөг. Боломжоосоо дээгүүр уралдах тамирчин байна. Доогуур оролцох нь ч бий. Багаа дасгалжуулж, тамирчдынхаа бэлтгэлжилтийг мэдэж байсан хүний хувьд энэ тал дээр юу гэж хэлэх вэ?

-Энэ жил өсвөр үеийн баг маань тивийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцсон. Анхных гэдэг утгаараа туршлага хуримтлуулах гол зорилготой ч медаль авчих болов уу гэж бодож байсан. Элит холимог багаа бас сайн уралдана гэж бодож байлаа. Гэхдээ манай элит эмэгтэйчүүд бөөн гараатай уралдаандаа маш сайн оролцсон.

Залуучуудын ангиллын цуваа гараанд уралдсан Э.Сайханбилэгийгээ медаль хүрчих болов уу гэж найдаж байсан. Гэхдээ медаль авч чадаагүй ч сайн уралдсан гэж хувьдаа дүгнэж байгаа. Энэ бол эхлэл.

Элит эрэгтэйчүүдийн ангилалд манай ОУХМ С.Жамбалжамц уралдсан. Жамбаагаа алтан медаль авна гэж зорьсон. Гэхдээ тээр хол 160, 170 км-ийн цаанаас уралдаж ирээд хүрэл медаль авсанд мэдээж баяртай байна. Тамирчин ч, дасгалжуулагч ч ялгаагүй, том зорилго тавьж байж амжилтад хүрдэг.

Уралдаан ерөнхийдөө маш хүнд 40-өөс дээш градусын халуунд болж байсан учраас ус, мөс бэлдэхээс эхлээд арын албаны үүрэг маш их байсан. Тайландад очсон хүн бүр уралдаж байгаа тамирчдынхаа ар талд ажилласан учраас амжилт гарсан гэдгийг хэлэхэд таатай байна. Арын албанд зүтгэсэн хүн бүрт “Баярлалаа” гэж хэлье.

Дугуйн спортын амжилт олон зүйлээс шалтгаалдаг, хүнд спорт учраас тэр сул талуудаа нөхөх ёстой юм байна гэсэн бодолтой ирлээ.

-Тамирчин хүнд зорилго, амбийц байдаг шиг, дасгалжуулагч хүнд бас байж таарна. Таны цаашдын зорилго юу вэ?

-Нэгэнтээ дугуйн дасгалжуулагчаар ажиллаж, улсаа төлөөлж байгаагийн хувьд, тамирчдаа амжилтад хүргэхийн тулд бүхнээ зориулж ажиллаж байна. Одоогоор 2028 оны олимпын эрх авч, монгол дугуйчдын олимпын буухиаг үргэлжлүүлэх гол зорилго байна. Үүний тулд олимпын шинэ цикл эхэлж байгаа Азийн аваргаас U23 ангилалд медаль авах нь чухал байлаа. Тэмцээний өмнө Монголын дугуйн холбооны ЕНБД Т.Төгөлдөр эрэгтэй элит болон U23 насанд медаль авах шаардлагатай гэж хэлсэн байсан.

Энэ зорилгыг биелүүлж, Х.Тэмүүлэн маань мөнгөн медаль авсан. Өсвөр насанд Э.Сайханбилэг сайн уралдсан. Монголын дугуйн холбоо хамгийн боломжит хувилбараар тамирчдадаа хамгийн орчин үеийн дугуй унуулж уралдуулсан. Баг хамт олны ойлголцол, сэтгэл үүнд их чухал байсан.

Элитийн эрэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаанд орсон манай таван залуу нэгнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Тэдэндээ талархаж байна. Дугуйн спорт бол багийн спорт. Цаашдаа ч гэсэн яг энэ чигээрээ багийн амжилтын төлөө зүтгэж чадах юм бол амжилт ойрхон байгаа гэдгийг харуулсан сайхан тэмцээн боллоо.

-Дасгалжуулагч хүн тэмцээнээс тэмцээнд туршлагаждаг. Энэ тэмцээнээс таны ойлгож авсан хамгийн чухал зүйл юу байв?

-Манай тамирчид тэмцээндээ амжилттай оролцсоны гол шалтгааныг арын алба сайн ажилласантай холбож ойлгож байгаа. Нэгд, МДХ тамирчдыг тэмцээн болох газарт цугларалтад гаргаж, замтайгаа танилцах, цаг агаартаа дасан зохицох боломж олгосон. Энэ нь Алтансүх ах, бид хоёрын хувьд тамирчдадаа санаа тавьж, хоол унд, массаж, өөр бусад асуудалд анхаарч ажиллах боломжийг бүрдүүлсэн. Холбооны удирдлагууд маань тамирчин хүнд яг юу дутагддаг, яавал амжилт гаргах магадлал өсөх вэ гэдгийг мэддэг, тэр тал дээр дэмжиж ажилласан учраас амжилт гарлаа. Дугуйн спортод маш жижигхэн асуудлаас том алдаа, эсвэл том амжилтууд орж ирдэг. Энэ удаад бид алдаа бага гаргалаа л гэж бодож байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 185.243.215.226
    Өчигдөр

    шилдэг дасгалжуулагч, шилдэг хамт олон шүү, мөн ард түмний дэмжлэг байхад удахгүй илүү том амжилт биднийг хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье

    Хариулах