НҮБ-ын Ерөнхий Ассемблейн чуулга уулзалтад оролцож байгаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, энхийг сахиулах ажиллагаа, боловсрол, эрүүл мэнд, хүнсний хангамж, хүүхэд, эмэгтэйчүүд, далайд гарцгүй орнуудын хөгжил зэрэгт улам илүү анхаарах шаардлагатайг хэлсэн үгэндээ онцолсон билээ.
Тэрбээр хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл байх болно хэмээгээд “Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлыг зөвхөн байгаль орчны асуудал хэмээн ойлгох бус, харин хүнсний хангамж, аюулгүй байдал, усны нөөц, хүн төрөлхтний амьжиргаа, тогтвортой хөгжил, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдалтай уялдуулж цогцоор нь авч үзэх шаардлагатай юм” гэж үзэж байгаагаа дэлхийн удирдагчдын өмнө хэллээ. Бас энэ чиглэлд “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Цэнхэр алт”, ”Эрүүл монгол хүн” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаагаа ч дурдсан байна.
Үнэхээр төрийн тэргүүний хувьд НҮБ-ын индэр дээрээс хэлж байгаа бүхнээ баталсан олон ажил, санал санаачилгыг өнгөрсөн он жилүүдэд хийсэн билээ. “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” гээд үндэсний хүнсний үйлдвэрүүдийг дэмжиж, ноос ноолуурын салбарт гадныхантай өрсөлдөж байгаа дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих чамгүй ажил хийсэн. Гэхдээ дээд түвшиндээ санаачилга гаргаж хичээгээд байдаг дунд, доод түвшиндээ төрийн нэрээр ажилладаг хурган дарга нар гажуудал гаргаж ирсэн цөөнгүй тохиолдол байдаг.
С.Баяр Ерөнхий сайдын үеэс эхлүүлсэн “Атрын аян”-ууд чухал ч бас шат шатандаа гажуудал гарч ирснийг бүгд мэднэ. Тиймээс ирэх долоо хоногт болохоор товлогдсон Хөдөө аж ахуйн салбарын урамшуулал татаас, хөнгөлөлттэй зээлүүдийн үр нөлөө хэр байсныг нийтээрээ үнэлэн дүгнэх УИХ-ын Ерөнхий сонсголыын ач холбогдол тэр хэрээрээ чухал юм. Сайн нь юу байв, алдаа нь юу болов гэдгээ эргэн харж, хамтдаа ярилцах том боломж энэ сонсгол. Дээд түвшиндээ чухал санаачилга гаргадаг ч доод түвшиндээ гажуудуулаад байсан бол алдаагаа олж харах боломж.
Монгол Улс дэлхийн тавцангаас хүнсний хангамж, эрүүл хүн, эрүүл мэнд ямар чухал талаар үгээ дуугарлаа. Гэхдээ энэ бодлогоо зөв хэрэгжүүлэхэд асуудал, зөрчил гаргахгүйн тулд цугтаа суугаад хэлэлцэх чухал индэр ирэх долоо хоногт Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос хийх сонсгол гэдэг нь тодорхой харагдаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна