-Дотоодын аялал жуулчлалын өнөөгийн төрх-
Монгол Улс өнгөрсөн жил гадаадад давхардсан тоогоор 3.4 сая жуулчин илгээж, 810 мянган жуулчин хүлээж авчээ. Зөрүү нь 2.6 сая. Гадагш аялсан нь Монгол Улсын хүн ам бүтнээрээ, зөрүү нь хүн амын бараг 80 хувь гэсэн үг. Монголчууд гадагш жуулчилдаг улс болчихож, энэ бол факт. Яагаад ийм болов. Дэлхий дээр хамгийн эртний төрт улсыг байгуулсан, хаа ч байхгүй онгон байгальтай, хүн ам цөөн манайх шиг улсад гаднаас ирсэн аялагч жуулчид гадагшаа аялсан дотоодын жуулчдаас тоогоор ямагт давж байх ёстой биш бил үү. Гэтэл тийм биш ажээ. Монголчууд мөнгөтэй болчихсондоо ингэж гадагшаа их жуулчилж байгаа ч юм биш. Гадныхан зохион байгуулалттайгаар үнээ хямд байлгаж чадаж байгаад л гол учир нь байгаа юм. Хямд байх гол нөхцөл нь аялал жуулчлалын дэд бүтцийн хөгжил юм.
Хөвсгөл далай, Байгаль нуур руу хийх аяллыг аваад үзье л дээ. Байгаль нуур руу аялах бол бол дурын компанид 450 мянган төгрөг тушаагаад л дөрвөн өдөр, гурван шөнийн хөтөлбөрт хамрагдаж болно. Гэтэл Хөвсгөл рүү хөтөлбөр санал болгох компани цөөн учраас нэг бол бүхнийг бие дааж зохион байгуулах, нөгөө бол өрсөлдөгч багатай компаниудын тогтоосон хямд биш үнэтэй аялал сонгох болдог.
Үүнийг арай хатуугаар, Монголын тур операторуудын санаачилгагүй байдлыг ОХУ-ын компаниуд ашиглаж, үнэ ханшаа буулган Хөвсгөл далайн маршрутыг монголчуудаас хулгайлж байна гэсэн ч болох юм. Нэг гэр бүл ойролцоогоор сая төгрөгөөр дотоодын аялал хийлээ гэхэд талыг нь шатахуунд зарцуулдаг. Энэ нь дотоодын аялал жуулчлал орон нутгийн хөгжлийг гэхээсээ илүү ОХУ-ын эдийн засгийг дэмжиж байгааг харуулж байна.
Түүнчлэн, зочид буудал, ресторан гэх мэт дэд бүтэц хүрэлцээгүй тул 810 мянган гаднын жуулчид дотоодын жуулчидтай хэрэгцээгээ булаацалдах болсон нь үнэ өндөр байх нөхцлийг үүсгэж байна.
Тэгвэл энэ гажуудлыг арилгах гол арга нь дотоодын аялагчдад тохирсон хөтөлбөрийг санал болгох явдал юм. Жуулчдыг бөөнөөр нь зохион байгуулалтад хамруулснаар хүн нэг бүрээс гарах зардлыг 2-3 дахин бууруулдаг. Энэ боломжийг ашиглан тодорхой хөтөлбөрийн дагуу аялах нөхцлийг дотоодын аялагчдад бүрдүүлж өгвөл энэ салбарт маш том өөрчлөлт гарна.
Монголчууд маань эх нутгаараа аялах нь нэг үеэ бодвол их болсон. Гэвч очсон түүхийн дурсгалт газрынхаа сайн, сайхныг үзэж харах боломж хомс хэвээр байна. Учир нь “Аялал жуулчлалын бүс” гэгдсэн байгалийн үзэсгэлэнт болон түүхийн дурсгалт газруудад очих зам харилцаа муу хэвээр, тогтоосон үнэ ханш дотоодын аялагчдын хувьд хэтэрхий өндөр байгаа юм.
Хөдөө орон нутгийн иргэд-Аялал жуулчлалын шинэ нөөц
Монгол Улс 2024 онд 3.4 сая жуулчин гаргасан тухай дээр дурьдсан. Энэ бол асар том тоо. Гэхдээ дотоодын аялал жуулчлалын салбарт шинээр зохион байгуулалт хийснээр энэ аялагчдын тодорхой хэсгийг татах боломжтой.
Монгол Улс 3.5 хүн амтай. Түүний талаас илүү хувь нь хөдөө орон нутагт оршин суудаг. Эдгээр иргэд эх орондоо аялах маш их сонирхолтой байдаг ч аялах боломж тэр бүр гардаггүй. Уг нь бол говийн хүмүүс хангайд, хангайн хүмүүс говьд очихыг, Монголд байтугай дэлхийд алдартай эх нутгийнхаа нэгээхэн хэсэгттэй танилцахыг бусдын л адил хүснэ. Тэгвэл эдгээр иргэдэд боломжийн нөхцөл санал болгосноор аялал жуулчлалын салбарт “тэсрэлт” хийх боломжтой.
Аялал жуулчлалын дэд бүтцийг дэмжих ажлыг бодлоготойгоор эрчимжүүлье
Үйлдвэр, үйлчилгээний газрууд ихэвчлэн түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж, энэ нь хэрэглэгчдэд очих бараа, бүтээгдэхүүний үнэ өндөр байх шалтгаан болдгийг олж харсан ОХУ-ын эрх баригчид Ажлын байр худалдаж авахад зориулсан ипотекийн зээлийн үйлчилгээ гаргасан жишээ бий. Үүн шиг, аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэхэд зориулсан механизмыг яаралтай бодож олох шаардлагатай байна.
Залуус Монгол орныхоо үзэсгэлэнт нутгаар аялахыг хүсч байна. Аялж ч байна. Гэвч газар бүрт шаардлага хангасан үйлчилгээний газар алга. Бид уг нь гадны баячуудыг халаасаа тэмтэртэл, сүүлчийн ганц зоосоо Монголд үрсэн мөртлөө л сэтгэл хангалуун инээмсэглээд гарч явахуйц орчныг бий болгох ёстой. Гэтэл монголчуудынхаа сэтгэл таарах үйлчилгээг ч санал болгож чадахгүй байгаа нь гашуун үнэн. Тиймээс 21 аймгийг хамарсан амралт, сувилал, аялал жуулчлалын компанийн сүлжээ байгуулж, сонголт өгч чадвал үнэ хямдрах боломж бий.
Аялал жуулчлалын байгууллагуудын хүчин чадал нэмэгдэж, сүлжээ бүрэн хүчин чадлаараа ажиллаад ирэхийн цагт Монгол орны хаанаас ч, хаана ч боломжийн хугацаанд (3 өдөр, 2 шөнө, 4 өдөр, 3 шөнө гэх мэт), байж болох хамгийн хямд үнээр, чанартай үйлчилгээ авч амрах боломж бүрдэнэ. Аялахын тулд заавал баг бүрдүүлдэг, шатахуундаа нэмэр болгох гэж замын таних, танихгүй хүн дайж амь нас, эд хөрөнгөө эрсдэлд оруулдаг үе ард хоцорч, хямдхан, үйлчилгээ сайтай, даатгалтай, дэг журамтай, архигүй шинэ цагийн аялал жуулчлалын үе ирэх юм.
Аялал жуулчлалын салбар 2023 онд тэрбум гаруй ам.доллар олж, хөдөө аж ахуйн салбарыг гүйцэж түрүүлсэн. Энэ амжилтаа өнгөрсөн жил бүр ч асулсан байдаг. Гэвч зөрөөд давхардсан тоогоор бүгд гадагшаа аялж, хоёр тэрбум гаруй ам.доллар зарлагаджээ. Ингэснээр, аялал жуулчлал нь гадаад валютын нөөцөд нэмэртэй бус халтай болж хувирсан.
Утаа, түгжрэлээс зугтсан иргэд өвлийг дулаан оронд өнгөрүүлэхийг эрмэлзэж, нүүрс, зэс, алт зарж олсон жаахан валютыг гадагш урсгаж байгааг болиулах ганц арга нь дотоодын аялал жуулчлалын өртгийг багасгах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна