Сангийн сайд Б.Жавхлан валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцууллаа

Х.Батсайхан
4 цаг 4 минутын өмнө

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг холбогдох сайд, албан тушаалтнууд танилцууллаа.

Сангийн сайд Б.Жавхлан “Засгийн газрын өмнөх хуралдаанаас Экспортыг богино хугацаанд нэмэгдүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсгийг эмхлэн байгуулсан. Ажлын хэсэг ажилдаа шуурхай орж, эхний шийдвэрүүдээ гаргалаа.

Өчигдөр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдсан. Мөн Санхүүгийн зохицуулах хороон дээр зарим шийдвэрүүд гарлаа. Бирж дээр ч түр журам батлагдлаа. Ингээд энэ талаарх мэдээллийг Засгийн газрын хуралдаан дээр танилцууллаа. Өөрөөр хэлбэл Ажлын хэсгийн анхны тайлангаа Засгийн газарт тавилаа. Цаашдаа хуралдаан бүр дээр ажлаа танилцуулж, яаралтай шийдүүлэх асуудлаа оруулж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгөх, мөн хуралдааны дараа олон нийтэд товч мэдээлэл өгөөд явна.

Юуны түрүүнд, Ажлын хэсэг эхлээд зорилтоо тодорхойлсон. Ажлын хэсэг байгуулагдах үед Монгол Улсын валютын нөөц 4.5 сая орчим ам.доллар байсан. Үүнийг тавдугаар сар гэхэд 5.5 тэрбум ам.доллар буюу нэг тэрбумаар нэмэгдүүлэх зорилт тавьж ажиллаж байна. Манай улсын валютын нөөц түүхэндээ хамгийн дээд тал нь 5.4 тэрбум ам.доллар байсан. Үүнийг давуулах, улмаар импортын хэрэгцээг 4.5 сар хангах хэмжээнд байгааг 5-6 сар хүргэхийг зорьж ажиллахаар боллоо. Зорилгоо биелүүлэхийн тулд оношоо зөв тавих ёстой.

Өнөөдөр Монгол Улсын урд хилийн Булган, Шивээхүрэн, Ханги, Гашуунсухайт зэрэг боомт дээр 9.5 сая тонн нүүрсний овоолго үүсчихээд байгаа юм. Та бүхэн санаж байгаа бол ковид цар тахлын үед 20 сая тонн хүртэл овоолго үүсэж байсан шүү дээ. Одоогоор арай ч тэр хэмжээнд хүрээгүй, гэхдээ 10 орчим сая тонн нүүрс овоорч, гацаа үүссэн байна.

Тэгэхээр, энэ нүүрсийг хөдөлгөхөөс нааш бирж дээр арилжаа явагдах шинжгүй болчихоод байгаа юм. Шалтгаан нь, өнгөрсөн оны сүүлийн хагас жилд хийгдсэн гэрээ, энэ оны эхэнд хийгдсэн 50 орчим гэрээ байна. Бид хил хүртэл хүргэж өгөх үүрэг хүлээсэн гэрээнүүд гэж хэлж болно. Гэтэл сүүлийн саруудад нүүрсний үнэ бараг 30-40 хувь унаснаас болоод худалдан авагч тал маань нэгэнт их алдагдал хүлээсэн учраас таталт хийхээ больсон. Түүнээс биш эрэлт буурсан учраас авахгүй байгаа юм биш.

БНХАУ бол жилд дөрвөн тэрбум тонн нүүрс хэрэглэдэг улс. Гэтэл бид 100 хүрэхгүй сай тонныг л нийлүүлж байгаа шүү дээ. Өнгөрсөн жил 83 сая тонн, энэ жил 85 сая тонныг нийлүүлье гэж ярьж байгаа. Хятадын дотоодод эрэлт буурлаа, буурлаа гэхэд таван хувь дотор л хэлбэлзэнэ үү гэхээс 30-40 хувь буурна гэж байхгүй. Дараагийн арилжаанд орохгүй, тэнд овоолго үүссэнээс болоод таг гацчихсан.

Нэгэнтээ өндөр үнээр худалдан авалт хийчихсэн компаниуд нь үнэ буурсны дараа татан авалт хийхээ больсонтой холбоотой. Татан авалт, биржийн арилжаа мөн 40-50 хувиар буурчихаад байна.  

Үүнийг зохицуулах хэд, хэдэн гарц байна.

Нэгдүгээрт, үнийн хэлбэлзэл хэт их байхаас сэргийлэх боломжийг бүрдүүлсэн журмыг одоо хүчин төгөлдөр байгаа хуулийн хүрээнд баталлаа. Үүнээс өмнө Сангийн яам худалдан авагч талтай ч ярилцсан, банкууд, СЗХ, Хөрөнгийн бирж гээд холбогдох төрийн байгууллагууд ч оролцсон. Ингээд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл дээр өчигдөр ярилцаад баталлаа.

Ингээд Биржийн арилжаа сэргэх боломж гарч ирж байна. Цаашдаа Биржийн тухай хуульдаа идэвхжүүлэх тал дээр анхаарсан өөрчлөлтүүд хийх шаардлагатай. Гэхдээ ил тод байх зарчмаасаа ухрахгүй. Үүнийг хийхэд долоо хоногийн хугацаа хэрэгтэй. Тэр болтол шинэ журмаараа явна.

Ажлын хэсгээс өнөөдөр Засгийн газрын тогтоол гаргуулж, тодорхой үүрэг, чиглэлийг яамдууд, агентлагууд, ААН-үүд, банкуудад өглөө. 10 орчим зүйл заалттай тогтоол гарна. Тогтоолыг танилцуулья.  

Ингээд эхний ээлжинд нэгэнтээ бид валютынхаа нөөцийг нэмэгдүүлэх гэж байгаа юм чинь зөвхөн экспортдоо биш, импортдоо бас анхааръя гэсэн. Эхний ээлжид төрийн өмчит үйлдвэрүүд, компаниудын гадагш төлөх төлбөрүүдийг эрэмбэлж хойшлуулах, шинээр эхэлж хөрөнгө оруулалт хийх төслүүдийг эхний хагас жилд бүрэн зогсоох үийдэлд хүрсэн. Үүн дээр манай “Эрдэнэт” УБҮ санаачилгатай ажиллаж, эхний төлөвлөлтөө гаргасан. Тухайлбал, энэ жил шинээр эхлэх байсан 100 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт, дагаж гарах байсан 70 сая ам.долларын төлбөрүүдээ хойшлуулж, 2026 он руу татъя гэж байна. Мөн борлуулалтаасаа үл хамаараад валюын нөөцийг нэмэгдүүлэхэд 100 гаруй сая ам.доллараар туслах боломжтой гэсэн байгаа. ...Гэх мэтчилэнгээр дөрвөн компанитай тохирсон. Энэ жил “Эрдэнэс Монгол” нэгдлийн 10 гаруй охин компани 3.8 тэрбум ам.долларын борлуулалт хийнэ гэж тооцсон байсан бол 550 сая ам.долларын борлуулалт илүү хийх үүрэг авцгаасан. Дээр нь Ерөнхий сайд эдгээр компаниудад ойрын хугацаанд валютын нөөцийг тэрбум ам.доллараар нэмэгдүүлэхийг хатуу үүрэг болгосон. Мөн Биржийн шинэ журмаа шуурхай хэрэгжүүлж, хил дээр үүссэн овоолгыг багасган дараагийн арилжаанд оролцох боломжийг бүрдүүлэхийг Ажлын хэсэгт үүрэгдсэн.

Мөн зөвхөн төрийн өмчид байгаа А лиценз эзэмшигч компаниудтай биш, гаднын бодон дотоодын хөрөнгө оруулалттай ААН-үүдтэй холбогдож боломж бололцоог нь судлах үүрэг өгсөн” гэлээ.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна