Гомдогч, хохирогч, ялтан бий болгож байгаа Донорын тухай хууль, журмыг өөрчлөх цаг болжээ

Zuv.mn
2025/03/24

-Донорын хомсдол жилээс жилд нэмэгдсээр байна-

Дархлалын олдмол хомсдол буюу хүний дархлал хомсдлын вирусыг бид хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт өвчин, XX зууны тахал гэгчлэн нэрлэдэг. Өдгөө дэлхий даяар 36 сая хүн энэ вирусын халдвар авч, түүнээс ч олон хүн халдвар авсан гэдгээ огт мэдэхгүй алхаж яваа. Жилд нэг сая хүн ДОХ-ын халдвар авсны улмаас нас бардаг гэсэн статистик бий. Гэтэл түүнээс ч аймшигтай нэг хүчин зүйлийн өмнө хүн төрөлхтөн өвдөг сөхөрч байна. 

Жил бүр эрхтэн шилжүүлэн суулгуулах шаардлагатай ч донор олдоогүйн улмаас нас барж байгаа хэдэн сая хүний эмгэнэлт хувь заяаны талаар энд ярьж байна.

Хүн төрөлхтөн хүсвэл эдгээр өвчтөнүүдийг аварч чадна. Гэвч шашин шүтлэг, хармын сэтгэл, эс бөгөөс хууль эрхзүйн зохицуулалт гэсэн “өчүүхэн” хүчин зүйлсээс болж жил бүр олон сая хүнийг аврах боломжоо алддаг юм. ДОХ өвчний улмаас нас бардаг хүнээс хэд дахин олон хүнийг аврах боломж бидэнд байгаа ч чадахгүй байна. Тийм ч учраас энэ эмгэнэлт байдлыг хүн төрөлхтний оюун санааны дархлааны “хомсдол”, харьцангуй хожуу илэрсэн учраас “олдмол” гэж тодорхойлж болох байх.

Шинжлэх ухаан, технологийн дэвшлийн ачаар хүн төрөлхтөн сүүлийн 10 жилд хүн эмнэлгийн салбарт асар их үсрэлтийг хийж чаджээ. Ялангуяа эрхтэн шилжүүлэн суулгах тал дээр итгэмээргүй амжилтад хүрээд байна. 50 гаруйхан жилийн өмнө анхны шангаа татаж, “Анагаах ухааны гайхамшиг” гэгдэж байсан энэ салбар өдгөө жилд 100 мянгаар тоологдох төлөвлөгөөт хагалгаа хийж, төдий тооны хүнд амьдрал бэлэглэдэг болтлоо хөгжжээ.

Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа гэж үхсэн (Тархины үйл ажиллагаа бүрэн зогссон), амьд боловч эрхтнээ өвчтөнд шилжүүлэхийг сайн дураараа зөвшөөрсөн амьд хүнээс эд, эрхтнийг авч, өвчтөнд шилжүүлэн суулгах үйл ажиллагааг хэлдэг. Дээр хэлсэнчлэн, техник технологийн хөгжил, эмчийн ур чадварын ачаар эрхтэн шилжүүлэх хагалгаа жилээс жилд хялбаршиж, эрхтнийг донороос рефипиентэд хүргэх систем төгөлдөржин зарцуулах цаг хугацаа багассаар байна. Энэ хэрээр олон хүний амь аврах боломж нээгдэж байгаа юм.

ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАСАН ЭРХТНИЙ НАС 20-45 ЖИЛ БОЛЖ УРТАССАН

Энэхүү салбар анх хөгжиж эхлэхэд шилжүүлэн суулгасан эрхтний насжилтыг уртасгах асуудал үндсэн бэрхшээл болж байсан түүхтэй. Бусдаас бөөр шилжүүлэн суулгасан анхны хүн болох Роналд есөн жил амьдарчээ. Донор, реципиентийн физиологийн шинж чанар харилцан адилгүй байдаг учраас ялгаа гардаг.

Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүний бие организм эсэргүүцдэг учраас дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг юм.

Шилжүүлэн суулгасан эрхтний насжилт энэ эмчилгээний үр дүнгээс шууд хамаарна. Орчин үед мэс заслын дараахь эмчилгээний тал дээр асар их ололт гаргасны ачаар насжилт эрхтэн тус бүр дээр эрс нэмэгджээ. Орчин үеийн шинжлэх ухааны хөгжил реципиент ямар эрхтэн шилжүүлэн суулгуулснаасаа, мөн мэс заслын дараахь эмчилгээг хэрхэн хийснээс шалтгаалаад 20-45 жил амьд явах бололцоог бүрдүүлсэн нь үнэхээр гайхамшигтай амжилт юм. Харин эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын тоо олшрохын хэрээр донорын хомсдол гэсэн шинэ бэрхшээлтэй тулгараад байна.

Эрхтний хамгийн анхны амьд донор бол АНУ-ын Роналд Херрик юм. Тэрээр 1954 онд өөрийн ихэр Ричарддаа нэг бөөрөө өгчээ. Энэ түүхэн мэс заслыг гардаж хийсэн эмч Жозеф Мюррей 1990 онд Нобелийн Анагаах ухааны салбарын шагналыг хүртсэн юм. Бөөр авсан Ричард есөн жил амьдарсан бол өгсөн Роналд 79 насалж, 2010 онд нас баржээ.

ӨВЧТӨН ОЛОН Ч ДОНОР ХОВОР ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

Эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай өвчтөнүүдийн жагсаалт энэ төрлийн хагалгаа хөгжсөн улс орнуудад эрчимтэй нэмэгдэж, донор хүлээх хугацаа уртасчээ. Зөвхөн АНУ-д л гэхэд бөөр шилжүүлэн суулгуулах шаардлагатай өвчтөний донор хүлээх хугацаа сүүлийн 20 жилд 400 хоногоос 1100 хоног болж, даруй гурав дахин нэмэгдсэн байна. Донор эрхтний дутагдал дэлхийн бүх л улс орнуудад түгээмэл бэрхшээл болсныг дээрх жишээнээс харж болох юм.  Дэлхий дээр жилд өчнөөн сая хүн нас бардаг байхад яагаад донор эрхтний дутагдалд ордог билээ гэж уншигч авхай гайхаж магадгүй. Энэ ч зүй ёсны асуулт. Хүмүүсийн дунд “Өндөр хөгжилтэй улсын иргэд л эрхтэн шилжүүлэн суулгуулж аврагдах боломжоор илүү хангагдсан байдаг” гэдэг ойлголт бий. Нэг талаар энэ үнэн ч нөгөө талаар бас буруу. 

Донорын олдоц нь тухайн улс донороос зөвшөөрөл авахдаа баримталж байгаа зарчмаас шалтгаалж байна гэсэн үзэл сүүлийн үед хүчээ авчээ. 

Дэлхийн улс орнуудад эд эрхтний донороос зөвшөөрөл авах “Opt Out”, “Opt In” гэсэн түгээмэл хоёр хэлбэр байна. Донорын олдоц энэ хоёр хэлбэрийн алиныг хэрэглэж байгаагаас шалтгаалдаг гэж үзэх болсон гэсэн санаа юм.

Opt-Out хэлбэр нь амьд ахуйдаа донор болохоос албан ёсоор татгалзаагүй л бол нас барахад нь донор болгох боломжтой. Энэ зарчмын үед эмнэлгийн байгууллага нас барагчийн эрхтнийг донор болгосон гэдгийг ар гэрийнхэнд нь мэдэгдэх үүрэг хүлээдэггүй. “Дуугуй байх нь зөвшөөрсний шинж” гээд л эрхтнийг нь авч, шаардлагатай хэн нэгэнд өгч орхидог гэсэн үг. 

Үхсэн хүн үг хэлдэггүй болохоор эрүүл саруул эрхтэнтэй нас барж байгаа бүх хүн эмнэлгийн мэдэлд очдог. Манай хойд хөрш Донорын тухай хуулиа 1990 онд батлахдаа энэ загварыг авсан. Гэвч сүүлийн үед хүний эрхийн байгууллагууд нь энэ загварыг шүүмжилж, олон нийт ч дэмжих хандлагатай болжээ. Нэгэн төрийн бус байгууллага хуулийн энэ загварыг хүний суурь эрхийг зөрчсөн гэж үзээд хандсаныг НҮБ-ын Хүний эрхийн байгууллага энэ оны тавдугаар сард хэлэлцэх гэж байгаа аж. Харин албаны хүмүүс одоо хэрэгжиж байгаа загвараа хамгаалж, “Хэрвээ “Opt in” загвар руу шилжих юм бол тэртэй тэргүй олдоцгүй байгаа донор улам ховордож, одоо жилд хийж байгаа эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны тоо 30 хувиар буурна” гэсэн тайлбарыг өгч байгаа юм. 

ОХУ нэг сая хүнд ногдох эрхтэн шилжүүлэх мэс заслын тоогоор (9.3) дэлхийд хойгуур орж байгаа. 

Энэ загвараа бариад явах нь ядаж донорын хүрэлцээнд эерэг нөлөөтэй гэж үзсэн учраас л өөрчлөхгүй явж байгаа нь дээрх тайлбараас харагдана.

Харин нөгөөх нь Opt-In буюу өвчтөн эсвэл ар гэрийнхний тодорхой зөвшөөрөл авч байж донор болгох загвар. АНУ, Их Британи, Герман зэрэг улс энэ загварыг хэрэглэдэг. Эдгээр орнуудад иргэдээсээ нас барсныхаа дараа эрхтнээ бусдад шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч байгаа эсэх саналыг нь авдаг. Зөвхөн улсдаа төдийгүй олон улсад ийм бүртгэл, мэдээллийн систем ажиллуулдаг байна. 

Хамгийн залуугаараа эрхтний донор болсон тохиолдол 2015 онд гарсан бөгөөд төрөөд 100 хоносон нярайн бөөрийг насанд хүрсэн хүнд шилжүүлэн суулгасан байна.

Ийм загвар хэрэгжүүлж байгаа улс орнууд иргэд өөрсдөө донор болохыг зөвшөөрөх нь донорын дутагдлаас гарах гол зам гэж үздэг учраас энэ талын сурталчилгаа, бүртгэлийг мэдээллийн бүх сувгаар байнга явуулдаг. Гэсэн ч эрхтний донорын дутагдал байсаар. Их Британийн “NHS Blood and Transplant” гэж байгууллага 23 сая гишүүнтэй. 23 сая хүн нас барсныхаа дараа эрхтний донор болох зөвшөөрлөө өгсөн гэсэн үг. Хальт сонсоход хангалттай тоо мэт. Гэвч амьдрал дээр өөр. Хүн нас барсны дараа дотоод эрхтний үйл ажиллагаа хэсэг хугацааны дараа зогсдог. Зуурдаар нас барсан донорыг эмнэлэгт хүргэх боломж цаг хугацааны хувьд хязгаарлагдмал байдаг. Хөгжингүй орнуудад ч энэ асуудлыг бүрэн төгс шийдэж чадаагүй л байна. Улс орнуудад нас барсан донорыг эмнэлэгт хүргэж, эрхтнийг нь авах ажиллагааг шуурхай зохион байгуулах өөрийн гэсэн тогтолцоо бий. Газар нутгийн хувьд ойролцоо хэд, хэдэн улс ийм тогтолцоонд нэгдсэн нь ч байна. Европт гэхэд Балтийн тэнгис орчмын Эстон, Латви, Литваг нэгтгэсэн Балттрансплант (Balttransplant), Австри, Бельги, Хорват, Герман, Унгар, Люксембург, Голланд, Словенийг нэгтгэсэн Евротрансплант (Eurotransplant International Foundation), Швед, Норвеги, Финландыг нэгтгэсэн Скандиатрансплант (Scandiatransplant) гэж бий. 

Гэсэн ч нас барсан донороос авсан эрхтэн нь хэсэг хугацааны дараа шилжүүлэн суулгах бололцоогүй болдог учраас зөвшөөрөл өгсөн бүх хүнийг донор болгож чаддаггүй, зөвхөн эмнэлэгт нас барсан өвчтөнүүдээс донороо хайх болдог байна. 

Их Британид 2016 онд донор болохоор урьдчилж зөвшөөрлөө өгөөд нас барсан хүмүүсийн 457-г нь л ашиглаж, эрхтнийг нь реципиентэд шилжүүлэн суулгасан гэсэн статистик гарчээ. Гэхдээ энэ 457 хүний ачаар мянгаар тоологдох хүний амь нас аврагдсан юм. Донорын хэчнээн эд, эрхтэн эрүүл саруул байна, төдий чинээ хүний амь нас аврах боломжтой байдаг ч дээр өгүүлсэн цаг хугацаа болон бусад хязгаарлагдмал нөхцөл байдлаас болоод чаддаггүй. 

Тиймээс англичууд, ер Англи гэлтгүй, “Opt-In” загвар хэрэгжүүлдэг улсууд сүүлийн үед “Opt out” загварт шилжих талаар эрчимтэй ярьж байна. Үнэхээр ч нэг сая хүнд ногдох донорын (нас барсан) тоог авч үзвэл тэргүүлэгч улс орнуудын дийлэнх нь “Opt out” зарчим хэрэгжүүлж байгаа юм (Хүснэгтээр харуулав).

Хамгийн хөгшин хүнээс эрхтэн шилжүүлэн суулгасан тохиолдол 2016 онд Шотландад гарсан. 107 настай эмэгтэйг нас барсны дараа нүдний болорыг нь реципиентэд шилжүүлэн суулгажээ.

ИРАН, ШРИ ЛАНКИЙН ИЖИЛ БИШ ЗОХИЦУУЛАЛТ

Дэлхийд донорын хомсдол нүүрлэж, жил ирэх бүр хүнд байдалд орж байгааг бид мэдэж авлаа. Нэгэнт эрэлт ихтэй байгаа донор эрхтний хэрэгцээг хэрхэн хангах вэ? Энэ асуудлыг шийдэх хоёр арга өнөөдөр амьдрал дээр хэрэгжиж байна. Эхнийх нь донорын хүсэлтийг урьдчилж авах арга. Энэ нь дотроо донорын зөвшөөрлийг авах, эс зөвшөөрлийг авах гэсэн хоёр хэлбэртэй. Дээр дэлгэрэнгүй өгүүлсэн “Opt-In”, “Opt out” загвар юм. 

Донор болох нь олон хүнд амьдрал бэлэглэсэн буянтай зүйл гэдгийг ятгах аргаар бүр иргэдээ зөвшөөрүүлэх нь энэ зарчмын туйлын зорилго байдаг. Европчуудын хувьд энэ тал дээр тун ч өндөр амжилтад хүрсэн гэж хэлж болно. 

Тухайлбал, Швед улсад иргэдийнх нь 83, испаничуудын 63 хувь нь нас барсныхаа дараа эрхтнээ бусдад ашиглуулахыг зөвшөөрдөг. Нийт Европын хэмжээнд энэ үзүүлэлт 40 хувьтай байна.

Хөгшин хүнээс дотор эрхтэн шилжүүлэн суулгасан тохиолдол АНУ-ын Техаст гарсан бөгөөд тархинд нь цус харваж нас барсан 92 настай хөгшнөөс бөөрийг нь ар гэрийнхнийх нь зөвшөөрлийн дагуу авчээ.

Харин шашин, соёлын хувьд онцлогтой буддын шашинт улсуудад Opt-In арга төдийлөн амжилт олдоггүй аж. 

Монгол Улс хэрхэн зохицуулдаг вэ, шинэчлэх шаардлага тулсан уу

Манай улс opt-in тогтолцоог хэрэгжүүлдэг, донор маш хомсдолтой байдаг. Иргэд ихэвчлэн гаднын улс оронд очиж өндөр өртгөөр эмчилгээ хийлгэдэг. Эдүгээ манай эмнэлгүүд эрхтэн шилжүүлэх хагалгааг дотооддоо хийдэг болж байна. Хагалгаануудад бараг бүгдэд нь ойр дотнын хүмүүс нь донор болж буй. Хэрвээ донор болох зөвшөөрлийг урьдчилж авах, ингэхдээ эрхтнийг тухайлж заалгүй нэг л зөвшөөрөл авдаг болбол хомсдол бага ч болов багасах боломж бий.  Өөрөөр хэлбэл, зөвшөөрөл авсан л бол тухайн донороос авч болох эрхтнийг авч, аврах боломжтой бүх хүнийг аварна гэсэн үг. 

Донорын тухай хуулийн 15 дугаар зүйлд энэ харилцааг зохицуулсан байдаг бөгөөд 

"15 дугаар зүйл.Амьгүй донороос эс, эд, эрхтэн авах

15.1.Тархины үхэлтэй нь тогтоогдсон донороос эс, эд, эрхтэн авна.

15.2.Энэ хуулийн 13.2-т зааснаас бусад амьгүй донороос эс, эд, эрхтэн авахдаа нас барагчийн гэрээслэл, түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, хамтын амьдрал бүхий гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг бичгээр авна гэж заасан. Мөн амьгүй донороос урьчилж болон, ар гэрийнхнээс нь зөвшөөрөл нэг удаа авч, боломжтой бүх эрхтнийг нь ашиглах ч ямар, ямар эрхтэн авсныг ил тод байлгаж, тухайн эрхтэн бүрийг үнэлсэн тодорхой урамшууллын тогтолцоог бүрдүүлэх нь донорын хомсдлыг арилгах нэг арга байж болно. 

Одоогоор амьгүй донор болж эс, эд эрхтэнээ бусдад шилжүүлсэн хүний /даатгуулагчийн/ ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг 3 сая 500 мянган /3,500,000/ төгрөгөөр тогтоосон. Гэвч НДШ төлдөггүй иргэн эд, эрхтнээ бусдад өгсөн ч энэ мөнгө ар гэрт нь олддоггүй байдал эд эрхтнээ хандивлах хүсэлтэй иргэдийн тоог бууруулах нөхцөл болж байна. Одоо олон нийтийн анхааралд буй П.Батчулуун эмч, түүний хохирогчтой холбоотой хэрэг анх яг энэ шалтгаанаар олон нийтэд мэдээлэгдэж, улмаар өнөөгийн нөхцөл байдалд хүрсэн юм. Тодруулбал, талийгаачийн эд эрхтнийг хандивласан ч НДШ төлдөггүй байсан гэдэг шалтгаанаар ар гэрийнхэнд нь нэг ч мөнгө ногдоогүй байдаг.  

Тиймээс энэ зохицуулалтыг илүү нарийвчилж, олгох мөнгийг НДШ-тэй уяхаас татгалзах, хэмжээг шилжүүлсэн эрхтний тоо хэмжээтэй уялдуулах арга хэрэглэвэл асуудал шийдэгдэх боломж бий.   

2012 онд нас барсан Жемима Лэйзелл гэдэг охины эд эрхтнийг есөн хүнд суулгаж, амь насыг нь аварсан нь дээд амжилтад тооцогддог ажээ. Аврагдсан есөн хүний тав нь хүүхэд байв. 





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.