Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны шинэ журам хэрэгжиж эхэллээ

Х.Батсайхан
2025/03/28

-Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны шинэ журам хэрэгжиж эхэллээ-

Уул уурхайн бирж өнөөдрөөс нүүрсний арилжааг шинэ журмаар явуулж эхэлнэ. Ихээхэн итгэл найдвар хүлээлт үүсгэж буй өнөөдрийн арилжаа ямар журмаар, хэрхэн явагдах талаар уншигчдадаа мэдээлэл бэлтгэн хүргэж байна. 

Монгол Улсын Засгийн газраас экспортыг нэмэгдүүлж, валютын нөөцийг богино хугацаанд өсгөх үүрэг даалгавар бүхий Ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлангаар ахлан байгуулсан билээ. Уг Ажлын хэсгээс нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн гол ажлын нэг, Уул уурхайн бүтээгдэхүүний Биржийн арилжаанд мөрдөх Түр журмыг арилжаанд оролцогч талуудад танилцуулах уулзалт өчигдөр “Блю скай” төвд болсон юм. Уулзалтад Ажлын хэсгийн ахлагч Сангийн сайд Б.Жавхлан, Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн,  "Эрдэнэс Тавантолгой" тэргүүтэй уул уурхайн томоохон ААН-үүдийн удирдлагууд, дилер компанийн төлөөлүүд оролцсон юм.  

УУЛ УУРХАЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ЗАРЧИМ ДЭЛХИЙН ЖИШИГТ ОЙРТЛОО

Нүүрсний үнэ өнгөрсөн жил 1400, зарим тохиолдолд 1600 юань хүрч байсан тонн нүүрсний үнэ он гарсаар 800 орчим юань болж буурчээ. Үнийн уналт 45 хувьд хүрч, өнгөрсөн оны сүүлийн хагас, энэ оны эхний саруудад буюу нүүрсний үнэ өндөр байхад гэрээ хийсэн худалдан авагч компаниуд алдагдал хүлээн, татан авалтаа удаашруулснаас хилийн боомтууд дээр нүүрсний овоолго үүссэн аж.    

Нүүрс экспортын гол боомтууд болох Булган, Шивээхүрэн, Ханги, Гашуунсухайт дээр нийт 9.5 сая тонн нүүрсний овоолго үүссэн тул шинэ худалдан авалтууд хийх боломж хязгаарлагдсан аж. Үнэ ханш маш тодорхойгүй, эндээс худалдаж авлаа гэхэд БНХАУ-ын хэрэглэгчдэдээ хүргэж өгөх хооронд үнэ унаж, алдагдал хүлээх магадлалтай болж ирсэн нь мөн үүнд нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл, эрэлт буурснаас болж үнэ унасан биш, арилжаанд оролцогч талууд дээр тусах эрсдэл харьцангуй өөр байгаагаас болж татан авалт багассан байдал харагдана. Энэ нь гаалийн талбай дээр овоолго үүсгэж, шинэ арилжаа хийхэд сөргөөр нөлөөлсөн гэсэн үг.

Тиймээс экспортыг нэмэгдүүлж, валютын нөөцийг богино хугацаанд өсгөх үүрэг даалгавар бүхий Ажлын хэсэг эхний ээлжинд татан авалтыг эрчимжүүлэхийн тулд тээврийн зардлыг бууруулж, төмөр замаар хийх нүүрс тээврийн үнийг 50 хувь бууруулж, манай тал хил хүртэл хүргэж өгөх үүрэг хүлээсэн, одоогоор гүйцэтгэл нь явагдаж буй 50 орчим гэрээний нийлүүлэлтийг эрчимжүүлжээ.

Гэсэн ч БНХАУ талдаа мөн нүүрс бөөгнөрч, шинэ худалдан авалт хийх орон зай хумигдмал байгаа учир цаашид тогтвортой хэрэгжих, арилжаанд оролцогч талуудын эрсдлийг бууруулсан шинэ механизм бодож олсон нь энэхүү уул уурхайн биржийн арилжааг явуулах түр журам юм.

Шинэ журмаар нүүрсний үнийг индесжүүлж тооцохоор болсон. Ингэснээр, үнийн хэлбэлзэл хэт их байхаас сэргийлэхээс гадна арилжаа цаашид тогтвортой, тогтмол явагдах  боломжийг бүрдүүлсэн байна.

Энэхүү журмыг улмаар Биржийн тухай хуульд оруулж өгөх бөгөөд ингэснээр илүү тогтвортой эрхзүйн орчинтой болох юм.

Ажлын хэсгээс худалдан авагчдыг нүүрсний арилжаанд байнга идэвхтэй оролцуулахын тулд үнэ буурсан ч ашгийн маржиныг нь хадгалах маш таатай боломжийг бүрдүүлсэн. Мөн тээвэрлэлтийг хөнгөвчлөх ажлыг хувийн хэвшиолтэй хамтран зохион байгуулж байна.  

Б.Жавхлан: Биржийн арилжаа нүүрсний үнийн хэлбэлзлээс болж зогсдог байж болохгүй

/Сангийн сайд/

Нүүрсний үнийн энэ удаагийн уналтыг бид түр зуурынх гэж харж байгаа. Гэхдээ түр зуурынх гэдэг нь өөрөө хэдий хэр хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, хоёр сар байх нь уу, эсвэл бүх хоёр жил үргэлжлэх үү гэлдэг нь тодорхойгүй гэсэн үг. Тиймээс цаашид бид Бирж байнгын ажиллагаатай, арилжаа тогтмол явагддаг байх ёстой гэдэг зарчимд тулгуурласан шинэ журмыг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд боловсруулж гаргалаа. Уул уурхайн бүтээгдэхүүний бирж гэдэг үнэ өсөхөөр ажилладаг, буурухаар зогсчихдог байж болохгүй. Бирж маань хэдий ашгийн төлөө, хувьцаат компани боловч “Богино хугацаанд их ашиг олох нь бидний эцсийн зорилго биш шүү гэдгийг ойлгох ёстой. Үнэ буурсан ч арилжаа тогтвортой явж байдаг, олбол бүгд олоод, алдвал бүгд алдаад эрсдлээ нэгэн дээрээ үүрүүлэхгүй ийм л тогтолцоо руу орох нь зүйтэй гэдэг байдлаар шийдлүүд гаргалаа.

Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүнээ Биржээр арилжаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд юун дээр алдав, юуг засаж сайжруулах ёстой вэ гэдгээ эргэж харах боломж бас гарлаа. Бидэнд давуу тал их бий. Дэлхийн хамгийн том худалдан авагч, эдийн засаг нь эрчимтэй өсөж буй улсуудтай газар нутгийн хувьд ойр байршилтай. Манай нүүрс, ашигт малтмалын чанар сайн. Тиймээс ирээдүйгээ харсан шийдлүүдийг хийсэн.  

Үнийг уян хатан болгосноор худалдан авагч талд очдог эрсдэл багасна. Үнэ унасан ч худалдан авагч талд ашгийн маржин нь хадгалагдана гэж амлаж байна. Маргааш шинэ журмаар явагдах анхны арилжаа болно. Та бүхэн оролцоорой гэж худалдан авагчидаа урья.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна