АЛДАГДСАН ОРДУУД 7: “Гуравдагч хөрш”, түүнээс салгах сонирхол хэнд байдгийг харуулсан Дорнодын ураны орд

Х.Батсайхан
19 цаг 8 минутын өмнө

“Баялгийн сан”-д хөрөнгө төвлөрүүлэх боломжтой Стратегийн ордуудын танилцуулга Дорнодын ураны ордоор үргэлжилж байна. 

Тухайн ашигт малтмалынхаа онцлогоос болоод ураны орд газрууд нь үргэлж төрийн онцгой анхааралд байсаар ирсэн бөгөөд эдийн засгийн үнэлгээнээсээ үл хамааран  улс орнуудын хоорондын дипломат харилцааны нэг хэрэглүүр болж иржээ. Өөрөөр хэлбэл, ураны ач холбогдол ураны үнэ ханшаас хамаардаггүй бөгөөд энэ нь ЗХУ нарийвчилсан үнэлгээгээр 2300 тонн ураны нөөцтэй гэж тогтоогдсон Мардайг ашиглахдаа хот байгуулж байснаас харагддаг. Түүнчлэн, яг энэ онцлогоосоо болоод Стратегийн жагсаалтад багтсан ураны гурван ордыг "Алдагдсан" гэж шууд хэлж болохгүй,  төр хуулиараа гарцаагүй хувиа эзэмшиж, шаардлага гарсан үед лицензийг нь цуцлах ч боломжтой юм. Гэхдээ, тухайн үед байсан урантай холбоотой ашиг сонирхол, эрсдэлтэй нөхцөл байдлууд одоо хадгалагдаж байгаа тул Дорнодын ураны ордыг эхлэн танилцуулахаар шийдлээ.  

Монгол Улс ураны энэ онцлогийг гуравдагч хөршийн ашиг сонирхлыг бий болгох, улмаар хамтын ажиллагаа хөгжүүлэх бодлогодоо ашиглахыг өмнө нь нэг удаа оролдсон ч чадаагүй бөгөөд уг гашуун туршлага энэхүү Дорнодын ураны ордтой холбоотой өрнөсөн байдаг юм.

Мардайгаас 10 дахин их нөөцтэй ордыг ОХУ, Канадын компанитай хамтарч ээзэмшихээр болов

Баяндун, Дашбалбар сумын нутагт орших, 28868 тн буюу Мардайгаас бараг 13 дахин их баталгаажсан нөөцтэй уг ордыг ордыг анх Орос, Монголын хамтарсан экспедицийн хайгуулчид илрүүлсэн бөгөөд ашиглах зорилгоор 1998 онд Орос, Канад, Монголын хамтарсан ‘Төв Азийн уран” / Central Asia Uranium Corp/ компанийг байгуулж, Дорнодын орд газарт үйл ажиллагаа явуулах 237А дугаар бүхий тусгай зөвшөөрлийг тухайн үеийн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас авсан байдаг. Тухайн үед ‘Төв Азийн уран” компанийн 21 хувийг ОХУ-ын “Атомред-метзолото” эзэмшиж үлдсэн 21 хувь нь Төрийн өмчийн хорооны мэдэлд байжээ. Харин 58 хувь буюу хяналтын багцыг Канадын “Хан ресурс” /Хан Вермуда/  компани эзэмшиж байв.  

Канадын компанийг шахаж гаргалаа

Ингэж байтал 2007 онд Ашигт малтмалын тухай шинэ хууль батлагдаж, уг хуульд орсон “Төсвийн хөрөнгө оруулалтаар илрүүлсэн ордын 51 хувийг Монгол Улс эзэмшинэ” гэх заалтын дагуу 2009 онд Монголын Засгийн газар, Цөмийн энергийн газраас “Мон-Атом” компанийг байгуулж, “Хан Вермуда”-гаас 22 хувийг, “Атомред-метзолото”-гоос найман хувийг авч, монголчууд ‘Төв Азийн уран” компанийн 51 хувийг эзэмших болсон байдаг. Улсын төсвөөр хайгуул хийж, нөөц нь тогтоогдсон орд газрын 51 хувийг төр эзэмших ёстой” гэсэн хуулийг биелүүлсэн гэж компанийн удирдлагууд тэр үед мэдэгдэж байв.

Гэтэл манай улсын эрх баригчид үүнээс хойш “Хан ресурс”-ын эсрэг “тууштай” ажилласан юм. Ерөнхий сайд С.Баяр 2009 оны тавдугаар сард “ОХУ ба Монгол улс Монголын нутаг дэвсгэр дээрх ураны орд газрууд дээр хамтран уран олборлох болно. Энэ бүх ажил хэзээ эхлэх нь нэг их чухал биш. Хамгийн гол нь өнгөрсөн зуны 90-ээд оны үед зогсонги байдалд ороод байсан хамтын ажиллагаагаа эхлүүлж байгаа нь гол” гэсэн мэдэгдэл хийсэн.

Улмаар 2009 оны долдугаар сарын 16-нд Цөмийн энергийн тухай хууль баталсаны дараахан ‘Төв Азийн уран” компанийн эзэмшилд байдаг Дорнодын ордод Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалт хийж, “Нөхөн сэргээлт хийгээгүй” гэсэн шалтгаанаар лицензийг нь гурван сарын хугацаатайгаар түдгэлзүүлж, дараа нь Цөмийн энергийн хуулийн дагуу Цөмийн энергийн газар ураны лицензүүдийг өөртөө төвлөрүүлж, ‘Төв Азийн уран” компанийн 237А дугаар бүхий тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.

Тусгай зөвшөөрлөө алдсан “Хан ресурс” компани Цөмийн энергийн газрыг Монголын шүүхэд өгсөн боловч үр дүнд хүрээгүй билээ. Тухайн үед оросууд Монголын Засгийн газарт шахалт үзүүлж, лицензийг хүчингүй болгуулсан гэсэн яриа гарч байв.

Хоёр хөрш, "Гуравдагч хөрш"-ийн ашиг сонирхол 

Харин үнэн хэрэгтээ хятадууд хувьцааг нь худалдаж авахын тулд “Хан ресурс”-д их хэмжээний мөнгө санал болгосон нь Засгийн газрыг нүүр буруулахад хүргэсэн үнэн учрыг тухайн үед “Монатом” компанийн захирал байсан Р.Бадамдамдин хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байдаг.

Тодруулбал, “Хан ресурс” нь 22 хувиа “Мон-Атом”-д шилжүүлж, хяналтын багцаа алдсаныхаа дараа үлдсэн 36 хувиа зарахаар БНХАУ, ОХУ-ын төрийн өмчит цөмийн эрчим хүчний компаниудын дунд үнэ хаялцуулж, БНХАУ-ын талд зарахаар тохирсон байсан юм.

ОХУ-ын төрийн өмчит “Атомред-метзолото” хувьцаа нэг бүрийг нь 65 канад центээр, Хятад 95 канад центээр авах санал тавьсан байдаг. Энэ бол нэг талдаа уран хэдий чухал ашигт малтмал ч болгоомжтой хандахгүй бол гуравдагч хөрш гомддог, гарч явъя гэвэл маш амархан, хоёр хөршид хувиа зараад л болно гэдгийг харуулна. Мөн гэрээ цуцалбал олон зуун сая ам.долларын өрөнд орох бөгөөд энэ мөнгийг хатгаж шийдвэр гаргуулсан байж магадгүй улс, эсэргүүцэн тэмцсэн тэмцэгчдийн хэн ч төлөхгүй гэдгийг харуулсан.  

Нөгөө талаар, зарим тохиодолд төр засаг ОХУ-ын талд хэт үйлчилсан нь тухайн үед гуравдагчийг хөөн зайлуулах хоёр хөршийн бодлого өндөр түвшинд буюу Ерөнхий сайд, Засгийн газрыг лоббидох хэмжээнд  явж байсныг харуулдаг. Харин манай түшмэдүүд энэ үед шуудайд хийсэн үхрийн эвэр шиг байснаар “Аль ч үгүй” болж хувирах үүд хаалгаа нээжээ.

“Хан ресурс” хэдийгээр хувьцаагаа аль өндөр үнэ хэлсэнд нь зарах гэж байсан ч гэсэн энэ асуудлыг манай Засгийн газар оролцохгүйгээр шийдэж болохгүй учир манайх нэг их сандрах хэрэггүй байв. Гэтэл ОХУ-тай санамж бичиг байгуулж гүйгээд, дээрээс нь Япон, Франц гээд шинэ гуравдагч хөрш хайгаад эхэлсэн нь хоёр хөрш, “Хан ресурс”-ын аль алиных нь дургүйг хүргэсэн гэдэг. Р.Бадамдамдин тэргүүтнийг Япон явж их хэмжээний хөрөнгө босгоод ирсний дараа хойд хөршийн Ерөнхийлөгч Д.Медведев ирж, тэдэнтэй жич уулзсан. Улмаар цөмийн энергийн газар “Хан ресурс’’ -ын лицензийг хүчингүй болгож, Орос Монголын хамтарсан “Дорнод уран” компанийг байгуулсан юм. Хамгийн чухал эзэмшлээ алдсан Канадын компани Монголын Засгийн газрыг олон улсын шүүхэд өгч байгаагаа зарлаж, 285 сая ам.долларыг нэхэмжилсэн билээ. Энэ шүүхэд Засгийн газар ялагдаж, 100 сая ам.долларын өрөнд орсон. Дараа нь дахин хэлцэл хийж байж 70 сая ам.доллар болгож бууруулсан байдаг юм.

Дорнодын ураны ордын сургамж 

БНХАУ, ОХУ хоёулаа “Хан ресурс”-ын хувьцааг худалдаж авахын тө­лөө тэмцэлдсэн. Эцэст нь БНХАУ ОХУ-ын санал болгож ча­дахаас хамаагүй илүү үнэ хэл­сэн нь өмнөд хөрш ураны тө­лөө “амиа тавьж” байгааг тод ха­руулсан юм. Нөгөө талаар уран нь эдийн засгаас гадна улс төрийн бодлого явуулах хүчтэй хэрэгсэл бөгөөд гуравдагч хөршийн бодлогод чухал үүрэгтэй. Тиймээс хоёр хөрш уран олж авахаас гадна гуравдагч хөршийг энэ чухал салбараас зайлуулах соирхолтой байсан ч байж болно.

Сэтгүүлчийн өнцгөөс дүгнэхэд, тухайн үедээ БНХАУ мөнгөтэй байсан бол, ОХУ Монголын улс төрд лоббитой байж, түүгээ асуудлыг шийдсэн мэт харагддаг. Одоо улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөн байж болох ч хоёр хөршийн сонирхол огт өөрчлөгдөөгүй бөгөөд уран ашиглахыг эсэргүүцэж, “Орано” групптэй байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах тэмцлийн цаана Францтай харилцаа хөгжүүлэх боломжийг хаах, улмаар дэлхийн 10 том ордын нэгд тооцогдож буй Зөөвч Овоо, Дулаан Уулын ордод эзэн суух хоёр хөршийн санаархал ч явж байж мэдэх юм.  





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна