2025 оноос монголчууд юу хүлээх вэ

Х.Батсайхан
2025/04/08

-Хамгийн сайн халамж бол ажлын байр-

2025 оноос монголчууд яг юу хүлээх ёстой вэ. "Баялгийн сан"-д цуглах их мөнгийг баталгаа болгож амьдрал ахуйгаа дээшлүүлэх, аль болох их ноогдол ашиг хүртэх үү. Үгүй ээ. Гадаад нөхцөл байдал, төр засгийн үйл хөдлөлөөр илэрдэг далд хэл бүхэлдээ 2025 онд үүцээ нөөцлөх, угтан ирэх хүнд нөхцөл байдлыг даван туулахад гэр бүлийн гишүүн бүр үүрэг оролцоогоо нэмэгдүүлэх үе ирсэн болохыг илтгэж байна.   

Хүн бүр ажил хийж, хайгаад ч ажил олдохгүй хэмжээнд хүрсэн үед төр засгаас ажлын байр нэхэхэд ч бодитой. Хувь хүний идэвх санаачилга үүнд чухал үүрэгтэй юм. 

Цар тахалд ид нэрвэгдэж, төсөв санхүүгийн гарлагатай байх үед иргэдэд “Ирэх жилд хэцүүдэх нь” гэсэн айдас байсан нь нууц биш. 2021 онд, дараа нь 2022 онд, сүүлд 2023 онд дампуурлаа зарлах нь гэж муу амлаж байсан үе ч бий. Сайн ч муу ч төр засаг ажлаа хийж дампуурлыг түр ч болов холдуулсан. 

Гэвч экспорт голлосон эдийн засагтай БНХАУ гол түнш АНУ-аас тусгаарласнаар бэлтгэн нийлүүлэгч улсуудынх нь орлого ашиг байнга биш гэхэд учраа ололцтол нь нэг хэсэгтээ буурах нь тодорхой болж байна. Түүхий эд бэлтгэн нийлүүлж, бэлэн бүтээгдэхүүн авч хэрэглэдэг манай улсын хувьд энэ бол сорилт мөн.  

Гэхдээ тэглээ гээд бууж өгч болохгүй.  Хүндрэл бэрхшээлийг боломж гэж харвал даваад гарна, бүр ч илүү хүчирхэг болон босож ирдэг. 

Бидний зорилго бол эдийн засгаа эргээд хэвийн хэмжээнд аваачих бус, түүхэн боломжийг ашиглаад цар тахал гараагүй хэвийн явахад очих байсан тэр цэгээс ч илүү гаргах явдал. Өмнө нь хийх гээд янз бүрийн шатгаанаар хийж чадаагүй бүхнээ гүйцээж амжуулан цаашдын хөгжлийн хурдаа нэмэх нь төрийн хүлээсэн үүрэг болж хувирлаа. Бүр тодорхой хэлбэл, төр иргэдийнхээ өмнө алдаагаа засаж цайруулах боломжийг олж аваад байна. Үүний тулд их биш, ухаалаг ажиллах нь чухал. 

Монголын олон зовлон цөөн шалтгаантай. Зовлонгийн үүсвэр нь шалтгаан. Шалтгаан шийдэгдвэл зовлон үгүй болно. Тэгвэл нэг шалтгааныг л шийдэхэд нэлээд зовлонгоос ангижрах нөхцөл одоо бидний хувьд зол болж хувирах нь. 

Засгийн газар өмнө нь олон жил яригдсан хил дамнасан төмөр зам, газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг асуудлыг шийдээд явж байгаа ч цаана нь өөр олон төсөл бий. Баялгийн солилцоо хийгээд, зарим ордоо түрүүлж эргэлтэд оруулаад ямар нэг байдлаар хямралыг боломж болгож хувиргах шаардлага бодитойгоор тулгарлаа. 

“Хамгийн сайн халамж болж ажлын байр” зарчимд шилжъе

Монгол Улсад төр, хувийн хэвшил нийлээд 1 сая орчим ажлын байр бий болгодог. Энэ нэг сая ажлын байрыг эзэмшиж ажиллаж хөдөлмөрлөж байгаа иргэд үлдсэн 2 сая 500 мянгаа тэжээдэг гэсэн үг. Тэгвэл энэ харьцааг яаж бүр илүү зохист хэмжээнд аваачих вэ. 

ААН-үүд дээр ирэх дарамтыг бууруулж, иргэдэдээ гар дээрээ арай ахиу цалин авах боломжийг нээх. Өөрөөр хэлбэл, "Хамгийн сайн халамж бол ажлын байр" зарчимд шилжих. Гэхдээ ЖДҮДС гэх мэт сангаар дамжуулж зээл олгохоос зайлсхийх. 

ЖДҮДС эзэндээ хүрдэг байсан бол өдийд хөдөлмөрийн насны бүх хүн ажлын байраар хангагдсан байх байсан биз. Тиймээс одоо татвар ярихдаа санд зориулдаг мөнгөө яг тухайн салбарт ажилладаг ААН-үүдэд татварын хөнгөлөлт байдлаар хуваарилах гэх мэт тэгш хүртээмжтэй аргыг эрэлхийлцгээе.

"Татвар бууруулбал халамжаа яаж тараах вэ" гэдэг хайрцагнаасаа салах хэрэгтэй. Монголд өнгөрсөн 35 жилд хэрэгжиж байсан бэлэн мөнгөний амлалт, халамжийн бодлогыг, ажлын байр санал болгох, ААН-үүдэд тухайн салбарт орж ажиллавал татварын хөнгөлөлт зэрэг таатай боломжуудыг санал болгодог эрүүл зарчимд шилжье. 

Хамгийн сайн халамж бол ажлын байр гэж үг бий. Төр засгаас явуулж байгаа халамжийн бодлого, хөдөлмөрийн харилцаанд бодитоор оршин буй ажил олгогч, ажилтны эрх тэгш бус харилцаа гээд олон сөрөг үр дагаврын шалтгаан нь ажиллах хүч, ажлын байрнаас илүү байсанд оршино. Тиймээс хөтөлбөр амжилттай хэрэгжвэл айл өрхөөс гадна улс гэрийн санхүүгийн чадамж, балансад эергээр нөлөөлөх нь тодорхой юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна