Монгол Улс бүсчилж хөгжих үзэл баримтлалаа боловсруулж, хуулиа 2003 онд баталсан ч түүнээс хойш тооцоо судалгааг чамбайруулж, хуулиа шинэчилж байснаас бус ажил хэрэг болгох тал дээр дорвитой ахиц гараагүй билээ. Гаднын зээл тусламжаар ццорхойгоо нөхдөг төсөвтэй, тийм учраас эрчим хүч, дэд бүтцийн төслийг төр өөрөө дааж хийх боломжгүй, хувийн хэвшилтэй хамтарья гэх нь ээ том ААН—д байхгүй гэх мэт аргагүй байдалтай 20 шахам жилийг элээсэн байдаг.
Харин сүүлийн 5-6 жилд эдийн засгийн өсөлт тогтмолжиж, дагаад төсөв ч боломжийн болж ирсэн тул Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаа эргэн харж, Засаг захиргааны нэгжүүдийг нарийн судалгааны үндсэн дээр Говийн, Хангайн, Баруун, Төвийн, Хойд, Зүүн, Улаанбаатар гэсэн долоон бүсэд хуваасан.
Улмаар 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих” жил болгон зарлаж, сонгуулийг бүсчилсэн тойргоор зохион байгуулснаар Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал цаашид тогтвортой хэрэгжих, Монгол төрийн бодлого болсныг баталж харуулсан билээ.
Ингэснээр аргацаасан, “тойрог усалсан” төсвийн хэрүүл зогсож, дорвитой хөрөнгө оруулалт хийх боломж бүрдсэн. ААН-үүд ч өсөж томрсноор хувийн хэвшилтэй хамтраад богино хугацаанд их ажил амжуулах боломж бий болчихсон байсан. Ингээд өнгөрсөн 30 жилд явагдсан хот руу чиглэсэн их нүүдэлийг буцаах, бүс нутагт жигд хөгжлийг хангах Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал эрчээ авсан түүхтэй.
“Монголын эдийн Засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил 2024”-өөс “Бүсийн зөвлөлийн Анхдугаар чуулган 2025” хүртэл...
Монгол Улс одоогоос жилийн өмнө “Монголын Эдийн засгийн чуулган”-ыг “Бүсчилсэн хөгжил” сэдвээр зохион байгуулж, хэлэлцүүлэг өрнүүлэн, оролцогчдоос санал авахын зэрэгцээ олон нийтэд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг таниулж, тайлбарлаж байсан.
Тэгвэл өнөөдөр Архангайн алдарт “Ара” цогцолборт Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар чуулган амжилттай болж өнгөрлөө.
Чуулганд Хангайн бүсийн Архангай, Өвөрхангай, Баянхонгор гурван аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, О.Пүрэвдорж, Д.Мөнхсайхан, тус бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж оролцлоо.
Жилийн өмнөх чуулганы үеэр хэлэлцсэн асуудлууд онолын, ирээдүйд чиглэсэн шинжтэй байсан. Харин энэ удаад илүү ажил хэрэгч, бодитой ойлголттой, хийсэн, хийж байгаа ажилтай, бүсчилсэн хөгжлийн бодлого бүх түвшинд хэрэгжиж эхэлсэн гэдгийг харуулснаараа онцлог байлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жилийн өмнөх чуулганы үеэр гарсан санал бүрийг анхаарч, бодлогодоо тусгахыг хичээнэ гэж ярьж байсан бол энэ удаад Монгол Улс бүсчилж хөгжихөөр тогтолцооны өөрчлөлт хийсэн, Хангайн бүсийг Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс болгон хөгжүүлнэ гээд хийсэн ажлуудаа тайлагнаж байна.
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв болон урт, дунд, богино хугацааны хөгжлийн хөтөлбөрүүдэд тусгалаа олж, 30 жил хот руу чиглэсэн их нүүдлийг буцаах их ажил нэгэнтээ эхэлжээ.
Өнөөдрийн чуулган бүс нутагтаа хамгийн алдартай “Ара” цогцолборт зохион байгуулагдсанаас эхлүүлээд л бүсчилж, дэм дэмэндээ хөгжихийн учрыг таниулсаар бүтэн өдөр үргэлжилсэн юм.
Чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн захиргааны байгууллагууд, Хангайн бүсийн Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн төлөөлөл, бүсийн зөвлөлийн гишүүд, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, хангайн бүсийн аймаг, сумдын бүх шатны төрийн байгууллагын төлөөлөл, хувийн хэвшил, олон улсын байгууллага, эрдэмтэд, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 500 орчим төлөөлөгчид оролцож
Хангайн бүсийн хувьд малчин өрх, малын тоогоор улсдаа тэргүүлдэг онцлогтой. Нийт хүн амын 8.3 хувь буюу 300 орчим мянган хүн амтай ч нийт малчин өрхийн 25 хувь, мал сүргийн 20 хувь нь энэ бүс нутагт байдаг. ДНБ-ий хэмжээ адилхан 800 тэрбум гаруй төгрөг, бүтцээр авч үзвэл хамгийн их хувийг буюу 52.6%-ийг хөдөө аж ахуйн салбар, 32.2%-ийг үйлчилгээ, 15.2 %-ийг үйлдвэрлэл эзэлдэг гээд адил төстэй тул нэгдсэн бодлогоор хөгжүүлэхэд дөхөмтэй аж.
Түүхэн дурсгалт газрууд олонтой, тэр дундаа улсдаа танигдсан, эмчилгээний чанартай халуун рашаан ихтэй тул Эрүүл мэндийн аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой. Гэхдээ хөгжүүлэхийн тулд нөгөө л эрчим хүчний нэмэлт эх үүсвэр, дэд бүтэц хэрэгтэй болж байгааг аймгийн удирдлагууд онцолсон.
Харин УИХ, Засгийн газрын гишүүд асуудлуудыг нь сонсож, тулгамдсан асуудлууд нь Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан эсэх, туссан бол хэрхэн хэрэгжих зэрэг шаардлагатай мэдээллийг өгөх, зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх байдлаар оролцоогоо хангаж байлаа.
Жишээ нь, эрчим хүчний салбарт 10 мВт-ын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний станц, 20 мВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуурын станц энэ онд тендер нь зарлагданэ гэдгийг УИХ-ын Иннлваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Г.Хосбаяр өгсөн бөгөөд энэ маягаар, хийсэн, шийдсэн ажлууд олон байсан нь онцлог байлаа.
Хангайн бүсийн зөвлөлийн даргаар Б.Цэрэннадмид ажиллана
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы тушаалаар бүс нутгийн хөгжлийг дэмжих талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, бүсийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлыг зохицуулах чиг үүрэг бүхий “Бүсийн зөвлөл”-ийн дарга нар томилогдож байгаа аж. “Бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан”-ыг бүс тус бүрээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд бүсийн зөвлөлийн даргыг аймгуудын нэрний цагаан толгойн үсгийн дарааллаар сонгохоор тогтсон. Уг заалтын дагуу Хангайн бүсийн зөвлөлийн даргаар Архангай аймгийн Засаг дарга ажиллахаар болжээ.
Эдийн засгийн бүс, хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн шинэ үзэл баримтлалын хүрээнд Хангайн, Баруун, Хойд, Төвийн, Зүүн, Говийн, Улаанбаатарын гэсэн эдийн засгийн 7 бүс тэдгээрийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг баталсан бөгөөд 2024-2028 онд буюу ирэх 4 жил төрөлжих чиглэл болон дэд бүсийг баталсан. Үүнд:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна