Гадаадын иргэн, харьяатын газар, БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (КОЙКА)-тай хамтран хэрэгжүүлж буй “Гадаадын иргэн, харьяатын газрын хүртээмжтэй үйлчилгээ, менежментийн чадавхыг бэхжүүлэх төсөл” гурав дахь жилдээ үргэлжилж байна.
Уг төслийн хүрээнд хэрэгжүүлж буй энэ удаагийн туршлага солилцох уулзалт, сургалтыг 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 18-ны хооронд Сөүл хотноо зохион байгуулж, төслийн үр дүнг хэлэлцэн, бодлогын судалгаануудыг танилцууллаа.
Төслийн арга хэмжээнд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр, Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал Т.Бат-Орших, БНСУ-ын Цагаачлалын бодлого, судалгааны хүрээлэнгийн дэд захирал И Гю Хун, Цагаачлалын албаны Гадаад иргэдийн бодлогын хэлтсийн дарга И Жун Чол, дэд дарга Жон Ган Соб болон бусад албаны төлөөлөгчид оролцсон юм.
Энэ үеэр БНСУ-ын гадаад иргэдийн талаар авч хэрэгжүүлэх бодлогын 4 дүгээр суурь төлөвлөгөө, тус улсад оршин суугаа Монгол иргэдийн статистик судалгааг танилцуулж, Бодлого, судалгааны хүрээлэнгийн судлаачидтай хоёр улсын гадаадын иргэдийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн.
Мөн Сөүл хотын Цагаачлалын алба, 1345 Гадаад иргэдийн нэгдсэн мэдээллийн төв, Сөүл хотын Гадаад иргэдийг дэмжих төв, Цагаачлалын бодлого, судалгааны хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлав.
БНСУ-ын Цагаачлалын бодлого, судалгааны хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцах үеэр тус хүрээлэнгийн судлаачид гадаадын иргэдийн талаарх мэдээнд дүн шинжилгээ хийж, хэвлэлийн мэдээ гадаадын иргэдийн талаарх ойлголтод хэрхэн нөлөөлж буй талаарх судалгаа, цагаач иргэдийн эдийн засгийн үйл ажиллагаа ба эдийн засаг дахь үр нөлөөллийн цогц шинжилгээний үр дүнг танилцуулж, цагаачлалын бодлогыг улсын хөгжлийн бодлоготойгоо уялдуулах нь чухал гэдгийг судлаачид тодотгов.
Монгол Улсын хувьд ч улсын хөгжлийн бодлогод нийцүүлсэн гадаадын иргэдийн бодлого хэрэгжүүлж, газар нутаг, бүсчлэл, хүн амзүйн бодлоготойгоо уялдуулан нарийн судалгаа, шинжилгээ явуулсны үндсэн дээр урт хугацааны бодлого боловсруулах нь үр дүнтэйг онцолсон байна.
Тиймээс цаашид БНСУ-ын туршлагатай эрдэмтэн, судлаачидтай хамтарч гүнзгийрүүлсэн судалгаа хийх, Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчдыг энэ чиглэлээр мэргэшүүлж, эрдмийн зэрэг, цолтой мэргэжилтнүүдийг бэлтгэх зэрэг үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиролцжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна