Засгийн газар “унах” хэмжээнд хүртлээ муу ажилласан уу

Zuv.mn
4 цаг 29 минутын өмнө

МАН дотроо хагарч, шатаж, буцалж байсан ч түүнийгээ ил гаргалгүй нууж чаддагаараа алдартай. Гэвч одоо хамгийн сайн чаддаг жүжиглэлтээ хэрэглээд ч олон нийтээс нуух аргагүй болжээ. Чуулганы танхимд нэгдмэл улс төрийн хүчин харагдах гэж хичээж байгаа ч  бүлгийн хурал, намын байрандаа талцаж, бие биенийхээ муу муухайг дуудалцаж байгаа дуулдана. Эцэстээ Ерөнхий сайдыг огцруулах асуудал гарч ирснээр хоолны төлөө зодоон гэдэг нь тодорхой болов. 

Засгийн газар огцорно гэдэг байдаг зүйл боловч улс төрийн тогтоворгүй байдлын нэг үзүүлэлт учир сайны шинж бас биш. Тиймээс шалтгаан нь том байж л Засгийн газраа солих асуудлыг ярих учиртай. Тэр нь эдийн засгийн нөхцөл байдалтай илүү холбоотой байдаг. Макро, микро түвшинд манай үзүүлэлтүүд тогтвортой байгаа. Гадаад өрийн нөхцөл байдал сайжирсан уу гэхээс муудаагүй.

Хамтарсан Засгийн газартай байгаа үед бүр ч сайн бодох ёстой.

Л.Оюун-Эрдэнийн хувьд, эрх баригч, УИХ-д үнэмлэхүй олонхийг бүрдүүлэгч намын дарга байхдаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Парламентын засаглалаа баталгаажуулан “Ерөнхийлөгчийн засаглал руу явчих вий” гэх сэтгэлийн чилээсийг сулласан, сонгогчийн саналыг гээдэггүй холимог тогтолцоог сонгож, УИХ-ыг олон намын төлөөлөлтэй болгосон зэрэг намд нь ашиггүй ч улс оронд хэрэгтэй, нийгмийн захиалга болсон өөрчлөлтүүдийг хийсэн, үүгээрээ хувийн юм уу, хэсэг бүлгийн эрх ашгийг хамгаалагч биш гэдгээ уг нь харуулчихсан хүн. Улс төрийн намууд ч, олон нийт ч засаглалын тал дээр Монгол Улс зөв зам дээрээ бат зогслоо, цаашдаа бэхжүүлээд явна гэдэг итгэлтэйгээр сонгуульд орцгоосон. Одоо ч энэ итгэл хэвээрээ байгаа.    

Гэтэл МАН-тай нийлээд үнэмлэхүй олонх болох хэмжээний суудалтай АН, ХҮН намтай хамтарсан Засаг байгуулж,  танхимаа 100 хувь УИХ-аас бүрдүүлж дархлаагаа тогтоосон гээд тогтвортой байх бүх л нөхцлийг хангасан Л.Оюун-Эрдэнэ яагаад гэнэт огцруулах ёстой хүн болж хувирав гэдэг маш сонирхолтой асуудал. Ажлын тухайд, үнэндээ Мега төслүүдээ явуулах гэж алдагдалтай төсөл оруулж ирснээс өөр том гээд хэлчих гэм Засгийн газарт байхгүй.   

Чин үнэнийг хэлэхэд, хугацаанаасаа өмнө огцрохдоо “Ашгүй надтай хариуцлага ярих боломжгүй боллоо, сонгогчдын урдаас хэлэх үгтэй болчихлоо” гэж баярладаг болов уу гэмээр шалтаг шалтгаан тоочоод явж байдаг Ерөнхий сайд нар байдаг. Хамтарсан Засгийн газар бол тэгээгүй.

Хэрэгжүүлэхээр зорьсон 14 мега төслүүдээ 2028 оны сонгуулиас өмнө дуусгах төлөвлөгөө зурснаараа дүн тавиулах итгэлтэй байгаагаа харуулсан зоригтой Засгийн газар. Бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд жил болоогүй байхад Гашуунсухайт-Ганцмодны хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Тавантолгойн ДЦС-ын тендерийг дуусгасан, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын зээлийн хэлэлцээрийг эцэслэж, ажил эхлэхэд бэлэн болгосон. Мега төслүүдээс эдийн засагт хамгийн их нөлөөлөл үзүүлж, бусад залбаруудаа дэмждэг нь эрчим хүч, төмөр зам байдаг. Энэ төслүүд цаашид Монголыг олон жил тэжээх нь тодорхой гэдэг утгаараа нэг жилийн дотор зарим Засгийн газрын дөрвөн жилд амжуулаагүйг амжуулж яваа л гэж хардаг. Ийм нөхцөл байдал дээрээс “Хүүхэд нь найз охиндоо үнэтэй бэлэг өгчээ” гэдэг асуудлыг буюу Засгийн газран ажилтай холбоогүй асуудлыг огцруулах шалтгаан болгох гэж оролдож байгаа нь үнэхээр чамлалттай л санагдаж байна. Энэ нь магадгүй, өөлөх өөр дорвитой шалтгаан олдоогүй юм байна гэсэн утгыг ч илэрхийлнэ.

Эдийн засаг өсөлттэй. Эдийн засгаа өсгөсөн хэмжээгээр тооцвол Л.Оюун-Эрдэнэ бараг үе, үеийн Ерөнхий сайдуудыг тэргүүлэх байх. Яг одоо цагт нүүрсний үнэ бууж, төсвийн орлого тасарсан ч хямдхан өгөөд ч болтугай нэг хэсэг амьдарчих чадалтай улс. Өмнө нь тэр байтугай хямд өгч байсан, даваад гарсан. 

Магадгүй, ажил нь гайгүй явж, хүмүүсийн эрх ашгийг хөндөөд байгаа юм болов уу ч гэж санагдана.

Уг нь хүүхэд нь орлогоо нотолж чадаж л байвал монголчуудын хэлэх хамгийн дуртай, ам бардам хэлдэг “Bөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү” л байхгүй юу. Өөртөө зарцуулна уу, буяны үйлсэд хандивлана уу, найз охиноо өгнө үү хамаагүй гэсэн үг. Огцруулах асуудал бол хүү нь Л.Оюун-Эрдэнэнийн мэдүүлсэн ХОМ-т бичсэнээс их мөнгийг ааваасаа авдаг нь тогтоогдсон тохиолдолд л яригдах асуудал. Хүү нь хөрөнгө орлогоо нотолж чадахгүй байсан ч Л.Оюун-Эрдэнэд нэг их хамаагүй гэсэн үг л дээ. Засгийг огцруулах асуудал буруу, эрэмбэ дараалалгүй яваад байна.    

Тиймээс иргэд одоо Засаг огцруулах биш, хүүг шалгаад ямар үр дүн гарах вэ гэдэг илүү анхаарах учиртай. Тэрний дараа Засгийг огцруулсан тохиолдолд ямар үр дагавар байх вэ гэдгийг бодох ёстой байх.

Үнэн юм гэвэл, манайд өнгөрсөн 30 гаруй жилд бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан Засгийн газар байгаагүй. Олигтой хөгжөөгүй, ажилуулаагүй, яг хөгжүүлэх гэж байсан чинь огцруулсан гэж ярьдаг Ерөнхий сайд нар л олширсон. Дөрвөн жил яс ажиллуулж боломжийг нь олгоод хариуцлага ярих нь л хамгийн зөв гэж байлтай.  



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 109.252.128.244
    52 минутын өмнө

    Шударга 5 гэсэн хамаатангууд гаднаас маш их монго авч жагсаад. Торийн эрхийг хууль бусаар булаан авсан шуу дээ ард тумэн уунийг сана.

    Хариулах
  • 59.153.112.10
    1 цагийн өмнө

    Хэдэн залуучуудад нилээд мөнгө өгөөд л жагсаал болж байгаа

    Хариулах
  • 192.82.88.3
    1 цагийн өмнө

    За даа хэдэн хүн хэдэн халтар мөнгө аваад орилох болгонд засгаа унгаагаад байвал мөхийн цондон энэ талбай дээр орилоод байгаа хүмүүс мөнгө өгөхнүй бол үхсэн заяандаач гарч жагсахгүй шүү.

    Хариулах