Ухаа худагийн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг “Энержи ресурс” компанийн толгой компани болох Mongolian Mining Corporation (MMC) 2025 оны гуравдугаар сарын 26-ны өдөр АНУ-ын Нью-Йоркт жилийн 8.44% хүүтэй, 2030 онд төлөх нөхцөлтэй 350 сая ам.доллар босгосон гэсэн мэдээлэл гарчээ.
Тус компани босгосон мөнгөөрөө 2026 он төлөх ёстой өрөө дахин санхүүжүүлэхээс гадна үйл ажиллагаандаа нэмэлт санхүүжилт хэлбэрээр ашиглана гэж мэдээлэлд дурдсан байна.
“Төлөхөд туслах эрхийн бичиг” (senior notes) гэх энэ хэлбэрийн санхүүжилт нь богино хугацаанд их хэмжээний санхүүжилт босгож болдгоороо давуу талтай гэнэ.
Ноцтой нь, Mongolian Mining Corporation (MMC) буюу “Энержи ресурс” нь Ухаа худагийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг хууль бусаар орж авсан гэдгийг Засгийн газраас байгуулсан Ажлын хэсэг тогтоосон бөгөөд УИХ-ыг алгасаж, Засгийн газрын тэмдэглэлээр шилжүүлсэн асуудлыг нь УИХ хүлээж авах эсэх нь тодорхойгүй, хүлээлтийн байдалтай байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ухаа худаг орд “Энержи ресурс”-т хууль бусаар очсон уу, хуулийн дагуу очсон уу гэдгийг эцэслээгүй байх үед энэ гүйлгээг хийсэн байна.
Ухаа худагийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг судлах Ажлын хэсгийг Засгийн газар өнгөрсөн хоёрдугаар сарын 17-нд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээр ахлуулан байгуулсан юм.
Ажлын хэсгийн ахлагч О.Алтангэрэл ч идэвхтэй ажиллаж, Засгийн газрын 2025 оны хоёрдугаар сарын 26-ны ээлжит хуралдаан дээр дүгнэлтээ танилцуулсан байдаг. Дүгнэлтээ “…Үйлдвэр, худалдааны сайд, “Энержи ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал нарын 2008 онд гуравдугаар сарын 21-нд гарын үсэг зурсан гэрээ гэх баримт бичиг нь стратегийн ач холбогдол бүхий орд газрын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоосон агуулгатай байгаа нь хуульд заасан УИХ-ын шийдвэрлэх эрхэд халдсан, хууль бус шийдвэр болсон гэсэн дүгнэлт гаргалаа” гэж онцолсныг уншигчид санаж байгаа байх.
Энэхүү дүгнэлтийг танилцуулснаас хойш удалгүй тогтоолын төсөл боловсруулан УИХ-д өргөн барьсан байдаг.
Тодорхой байхгүй бол болохгүй нарийн асуудал учраас цаг хугацаа болон сайдын мэдэгдлийг оруулчихъя. Засгийн газрын 2025 оны гуравдугаар сарын 6-ны хуралдааны дараа О.Алтангэрэл “…Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаахудагийн ордыг хувийн хэвшилд эзэмшүүлсэн хууль бус шийдвэрийг хуульд нийцүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Үүнийг шийдвэрлэх эрх хэмжээ нь гагцхүү УИХ-д байгаа учраас Засгийн газраас төсөл өргөн мэдүүлнэ. УИХ-ын тогтоол гаргах ёстой. Уг тогтоолоор олгогдсон эрх хэмжээний дагуу Засгийн газар “Энержи ресурс” ХХК-тай хэлэлцээ хийж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтооно” гэж мэдээлсэн юм.
Ингээд асуудал таг чиг болсон бөгөөд хэвлэлүүд, түүний дотор манай сайт УИХ уг асуудал дээр эс үйлдэхүй гаргаж байж болзошгүй гэдэг сэдвийг хөндөж байсан.
Харин өнгөрсөн сарын 17-ны өдөр Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Ухаа худагийн ордын асуудлыг УИХ-аар оруулахгүй 31 хонож байна, цаашаа хоног тоолъё” гэж мэдэгдсэн. Энэ нь ММС буюу “Энержи ресурс” тогтоолын төсөл УИХ-д шилжсэнээс хойш зээл босогосон гэсэн үг юм.
ММС, “Энержи ресурс”-ын цаад эзэд нь “Эм Си Эс”-ийн Ж.Оджаргал. Тэд “Хангад эксплорейшн” компаниараа эзэмшдэг, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийж, нөөц тогтоосон Баруун нарангийн нүүрсний ордынхоо 20 хувийг 88 сая ам.доллараар Jiyaou International гэх компанид зарж байсан бөгөөд энэ үйлдэл нь Баялгийн санд хураагдах магадлалтай учир зарсан байж магадгүй гэх сэжгийг зүй ёсоор төрүүлдэг.
Тэгвэл “Энержи ресурс”-ээр эзэмшдэг “Ухаа худаг”-ийн асуудал нь шийдэгдээгүй байх хугацаанд олон улсын банк санхүүгийн байгууллагаас 350 сая ам.доллар ийнхүү босгосон байна.
“Стратегийн ордуудыг эзэмших эсэхээ сайн бодохгүй бол өр авчих ч магадлал байна” гэж Н.Учрал сайд хэлээд байсан удаатай. Гэхдээ үүнийг нь Баялгийн сангийн тухай хууль гарахаас өмнө зарагдаж, хөрөнгө босгосон ордуудад хамаатай гэж олон нийт ойлгож байсан юм. Гэтэл тэр үед л өр зээлээ хөцөлдөж, босгож байсан болж таарав.
350 сая ам.долларыг Mongolian Mining Corporation (MMC) Morgan Stanley & Co. International plc болон The Hongkong and Shanghai Banking Corporation Limited (HSBC)-ээс босгожээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна