С.Эрдэнэбат: Засгийн газраас эхлүүлсэн ажлаа дуусга гэж шаардмаар байна

Х.Есү
9 цаг 2 минутын өмнө

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 


Тэрбээр "Засгийн газар тогтвортой байх ёстой. Байгуулагдаад жил ч болоогүй байна. Засгийн газрыг огцруулбал, талцаж хуваагдсан, хоорондоо хэрэлдсэн, хийсэн ажилгүй дөрвөн жил өнгөрөх байх. 

Нийлчхээд авлига аваад хулгай хийгээд байгаа бол хариуцлага тооцох нь зөв. Иргэд Засгийн газраас бодит үр дүн нэхэх хэрэгтэй. 

Би үйлдвэрчий эвлэлийн дарга байхдаа Л.Оюун-Эрдэнэд санал, шаардлага тавьж байсан. Цалин хөлсний хувьд 3-4 жилийн хугацаанд нэмэгдүүлсэн. Хөдөө орон нутгийн нэмэгдлүүд, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 400 мянган байсан одооо 792 мянган төгрөг болсон байна. 

Мөн хувьцааны ногдол ашгуудыг олголоо. 12 жил хувьцаатай явсан мөртлөө нэг ч удаа ногдол ашиг авч үзээгүй гээд л. Иймэрхүү бодит үр дүнгүүд байгаа. Цаашдаа илүү өөрчлүүлэх хэрэгтэй болов уу гэж бодож байна. 

Нэлээн олон төрийн өмчийн хулгай луйвартай холбоотой асуудлууд, тендерийн будилааны асуудлууд, орд газруудыг өнгөрсөн 30 жилийн хугацаанд эрх мэдэл албан тушаалд ойр байдлаа ашиглаад гадаад дотоодын хүмүүстэй нийлээд авчихсан асар олон орд газрууд байгаа үүнийг яах юм бэ.

Энэ асуудлыг хөндөөд байгаа учраас ямарваа нэгэн хүмүүст орон зай өгөхгүй байгаад байгаа нөхцөлд одоогийн Засгийг оролдъё ч гэдэг юм уу ийм байдлаар хандаад байна уу гэж хардаж байна. 

Байгуулагдаад нэг жил ч болоогүй Засгийн газрыг оролдоно гэдэг бол Монголчууд цаашдаа эв эегүй байх, төр засаг тогтворгүй байх асуудал үүснэ" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна