МАН-ын генсек Я.Содбаатар ахыгаа "АВРАХ"-ын тулд Д.Цогтбаатарыг хамгаалдаг уу

Zuv.mn
7 цаг 15 минутын өмнө

                                                    -Д.Цогтбаатар буруугүй юм биш биз-

Хөгжлийн банкинд ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж “Мон дулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-д давуу байдал олгосон нь гурван шатны шүүхээр тогтоогдон Дээд шүүхээс ял авсан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өнөөдрийг хүртэл чуулганы хуралдаанд сууж, хууль батлалцаж байгаа билээ.

УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн нь Шүүхээр эцэслэн тогтоогдсон бол бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх Үндсэн хуулийн заалт байдаг ч Д.Цогтбаатар ийнхүү Үндсэн хуулиас дээгүүр гишгэн жаалж буй.

Хууль хэрэгжүүлэх үүрэгтэй Хуульзүйн сайд О.Алтангэрэл Д.Цогтбаатарын талаар “Хуулийн мухардалд орсон” гэсэн бол Хуульзүйн сайд асан Б.Энхбаяр “Хууль мухардалд орно гэж байдаггүй юм. Мухардсан бол Үндсэн хуулийн цэц шийдвэрлэх ёстой” гэж мэдэгдсэн. 

Б.Энхбаярын хэлснээр бол УИХ гишүүнийхээ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандах ёстой ч одоо болтол хандаагүй хэвээр байна. Эндээс Д.Цогтбаатар УИХ-ыг “атгасан” мэт дүр зураг харагдана.

Үүнээс гадна, иргэн Р.Мөнхзул гэгч түүний асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж, дарга Г.Баясгалан нь гишүүн Б.Болдбаатарт хуваарилсан байдаг.

Хуулиараа 30 хоногийн дотор шийдэх хугацаатай ч Д.Цогтбаатарынх шиг тов тодорхой хэрэг дээр одоог хүртэл таг чиг байгаа нь Д.Цогтбаатар Үндсэн хуулийн цэцийг ч "атгасан" мэт дүр зургийг үүсгэж буй.

Д.Цогтбаатарын өөрийгөө өмгөөлдөг үндэслэл нь их хөгийн, Үндсэн хуулийн 29 дүгээр зүйл “...Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна”, УИХ-ын тухай хуулийн 9.1.5-т "УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол бүрэн эрх энэ хуулийн 7.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно” гэснийг “УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдвол гэж байгаа биз дээ.

 Би УИХ-ын гишүүн болоод гэмт хэрэг үйлдээгүй” гэж зүтгэдэг. Хүний амины хэрэгт холбогдоод, УИХ-ын гишүүн болсных нь дараа Шүүхээр хүн алсан нь нотологдвол яах вэ. Ийм л энгийн асуудлыг УИХ ч, ҮХЦ ч шийдвэрлэж чадахгүй байгаа нь яах аргагүй түүний холбогдсон хэрэг рүү анхаарал хандуулахад хүргэж байна.

Учир нь, тэрбээр өөрийг нь гишүүнээс эгүүлэн татах нөхцөл үүссэн талаар сэтгүүлчид асуухад “Хөгжлийн банкинд миний дээд талын албан тушаалтан Янгүгийн Сод-Эрдэнэ гэдэг хүн яагаа ч үгүй байгаа. Дэд захирал буюу газрын захирал байсан хүн. УИХ-ын гишүүн Ганбямбын хүү Дөлгөөн гэдэг хүн бас яагаа ч үгүй хоцорсон. Мөн дээд шүүхээр ороод цагаадаад гарсан Отгонбатын Батбаатар гэдэг захирал байгаа. Цагаадаад гарсан. 

Миний дээд талд байсан албан тушаалтнуудад нөхцөл байдал өөрөөр үйлчилсэн, над дээр өөрөөр үйлчилсэн учраас би гайхаад байгаа юм” гэж хэлсэн. Тэрбээр сэтгүүлчид асуулт асууж байхад дээрх нэрсийг үргэлжлүүлэн хэлсээр байсан нь “Хэлье гэж хэлж байгаа” мэт санагдсан бөгөөд үнэхээр ч үүнээс хойш түүний хэрэг замхрах тийшээ явсан юм.

Тэр бүү хэл “Эргүүлэн татах ёстой” гэж байр суурь илэрхийлж байсан гишүүн хүртэл байр сууриа 180 хэм эргүүлснийг уншигчид санаж байгаа байх. 

Эндээс “Д.Цогтбаатар тодорхой нэрсийг хэлснээрээ тэдэнтэй барьцаж, шантаажилжээ” гэдэг хардлага шууд төрнө. Хөгжлийн банкны хэрэгтнүүд дунд байсан 2016-2021 оныг хүртэл Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Хяналт шалгалт, тамгын газрын захирлаар ажилласан Я.Сод-Эрдэнэ, 2016-2018 онд Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан Г.Дөлгөөн, Хөгжлийн банкны хэлтсийн дарга асан Д.Ринчиндорж нар хэргээ тусгаарлуулж, сугарч үлдсэн нь үнэн бөгөөд, давуу байдал олгож зээл олгосон гэх компаниудыг нь харьцуулж харвал Д.Цогтбаатартай “Бэрэн групп”-ээр холбогдож байгаа нь харагдана.

АТГ-аас холбогдуулж шалгасан компаниуд

Д.Цогтбаатар: “Мон дулаан”, Газ Импорт”, “Бэрэн” ХХК

Г.Дөлгөөн: “Пирамид орд”, “Монгол мах экспо”, “Монгол эм импекс концерн”, “Инжир”, Ганхүдэр орд”, “Болор шүр”, “Газ импорт”, “Бэрэн”, “Баруун баян транс”

Я.Сод-Эрдэнэ “Бэрэн групп”, “Инжир”, “Баруун баян транс”

Дээрх хоёроос УИХ-ын гишүүн Н.Ганбямбын хувьд одоогоор улстөрд нөлөө бүхий этгээд биш. Өөрөөр хэлбэл, УИХ, ҮХЦ-ийн ажлыг саатуулах нөлөө байхгүй. Харин Я.Сод-Эрдэнийн дүү, МАН-ын ЕНБД Я.Содбаатарын хувьд боломж арай өндөр. Эрх баригч намын дээрээсээ хоёр дахь албан тушаалтан.

Тиймээс Д.Цогтбаатарын хэрэг удаашраад байгаагийн цаана Я.Содбаатарын нөлөө байна уу гэсэн хардлага байна.

Д.Цогтбаатарын УИХ-ын гишүүний намтар дээр /УИХ-ын албан ёсны сайт болох Parliament.mn дээр ч хүртэл /Хөгжлийн банкинд хэлтсийн захирлаар ажиллаж байсан гэж байдаг ч ямар хэлтсийн захирал байсан талаар нь мэдээлэл байдаггүй.

 Гэхдээ түүний мэдэгдлээс улбаатайгаар isee.mn сайт Г.Тэмүүлэнгээс тодруулга авахад " Би 2016-2018 онд Хөгжлийн банкны дэд захирлаар ажилласан. Харин  Д.Цогтбаатарын хувьд надтай хамтарч ажиллаагүй мөн хамт шалгагдаагүй. Намайг 2018 оны нэгдүгээр сард ажлаа хүлээлгэн өгсний дараагаас хэлтсийн захирлаар ажиллаж эхэлсэн юм билээ. Түүнээс өмнө миний удирдлага, харъяанд бол одоогийн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар гэдэг хүн огт ажиллаж байгаагүй. Тэгэхээр өчигдөр хэвлэлд өгсөн мэдээлэл бол худал мэдээлэл. Тамгын газарт аж ахуй хариуцсан мэргэжилтнээр Д.Цогтбаатар ажиллаж байсан болов уу гэж санаж байна. Түүнээс бол Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын даргын албанд ажиллаж байхад миний удирдлагад тухайн хүн ажиллаж байгаагүй” гэсэн байдаг.

Я.Сод-Эрдэнэ нь Хөгжлийн банкинд Хяналт шалгалт, тамгын газрын захирлаар ажиллаж байсан юм.

Эндээс Д.Цогтбаатар нь Я.Сод-Эрдэнийг “Миний дээд талын албан тушаалтан” гэж тодотгосны учир тайлагдаж байх шиг. 

Түүнчлэн, Д.Цогтбаатар Я.Сод-Эрдэнийн зааварчилгаар янз бүрийн хууль бус үйлдэл хийж байсан ч байж магадгүй, тэрийг ч Д.Цогтбаатар илчлэхээр шантаажилж байгаа учраас дүү Я.Содбаатараараа хамгаалуулж байж магадгүй гэх хардлага ч төрж байна.

 Өөрөөр хэлбэл, аж ахуй хариуцсан мэргэжилтэн байсан хүнийг Зээлийн хэлтсийн захирлаар тавиулах эрх мэдэл хэнд байж болох вэ гэдгийг ч бодож үзэхэд гэмгүй мэт. Ямартай ч Дээд шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон Д.Цогтбаатар одоо болтол УИХ-ын гишүүний ажлаа хийж, хууль батлалцсаар байна.     



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна