Улсаа эмх замбараагүй болгож, Ерөнхийлөгчийн засаглалтай болох гээгүй л бол Ашигт малтмалын тухай хуулийн 5.7 дугаар заалтыг өөрчлөх хэрэгтэй

Х.Батсайхан
8 цаг 16 минутын өмнө

Монгол Улс /чухамдаа МАН/ ээлжит Засгийн газраа унагаж, шинээр бүрдүүлэх гэж байгаа билээ. Энэхүү шийдвэрээ эрх баригчид сонгуульд ялалт байгуулсан гэдгээр зөвтгөж буй. Гэвч шинэ Засгийн газар байгуулагдлаа гэхэд Хамтарсан Засгийн хувь заяаг давтахгүй гэх баталгаа алга. 

Учир нь, ийм нөхцөл байдлыг үүсгэх заалтыг хуульд шургуулчихсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 5.7 буюу Стратегийн ордод нэг буюу нэгдмэл сонирхолтой этгээдийн хувь эзэмшлийг 34 хувиар хязгаарлах заалт олигархиудыг Засгийн газрын эсрэг турхирч, улмаар төр засаг тогтворгүй, ойр, ойрхон солигдох нөхцөл байдлыг үүсгэж болзошгүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 5.4, 5.5, 5.6 бол хэрэгжинэ, ямар ч асуудал байхгүй. Учир нь, эзэмшигчид нь 56 хувь буюу хяналтын багцаа аваад үлдчихнэ. Орд нь хэдий ард түмнийх ч гэсэн эргэлтэд оруулахын тулд гаргасан хөдөлмөрийг нь үгүйсгэж хэзээ ч болохгүй. Стратегийн ордыг эргэлтэд оруулах чадамж ААН болгонд байдаг ч юм биш. 

Гэтэл нөгөө талаас, хуулийг УИХ баталдаг, Засгийн газар хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг. Ерөнхий сайд хэн байхаас үл хамаараад хууль хэрэгжүүлнэ, Стратегийн орд эзэмшигчдэд 34 хувийг л үлдээж, үлдсэнийг нь бусдад шилжүүлнэ гэж зүтгэнэ. Хөрөнгөтнүүд мэдээж, хөрөнгөө зүгээр өгөхгүй. Хэн ч хөдөлмөрөө бусдын хоол болгохгүй. Тиймээс тэмцэнэ, Засгийн газрыг огцруулж хугацаа хожно. Ийм мөнхийн эмх замбараагүй байдлын цикл рүү орчих эрсдэл маш өндөр болчихлоо.

Энэ нь сүүлдээ Парламентад үл итгэх, Засгийн газарт үл итгэх байдал руу түлхэж, ард түмэн өөрсдөө Ерөнхийлөгчийн засаглалыг хүсэмжлэхэд хүргэж болзошгүй. Энэ бол Парламентын ардчилалд аюул учирна л гэсэн үг. Ерөнхийлөгчийн засаглалын үед Ерөнхийлөгч нь дуртай цагтаа Парламентыг тарааж, Засгийн газрыг огцруулж, өөрөө ганц тогтвортой субъект болдог. Улмаар эрх мэдлээ ихэсгэх, хугацааг нь сунгах гэх мэт шат дарааллаар цааш явдаг. Мэдээж, Монгол Улс ямар ч засаглалтай бай оршин тогтносоор байх нь маргаангүй. Тэгээд ч засаглалын хэлбэр болгон өөрийн гэсэн давуу, сул талуудтай байдаг. Гэхдээ нэгд, бид парламентын засаглал л Монголын ардчиллыг бага ч гэсэн удаан хадгалах арга юм байна гэдэг дээр тогтчихсон, хоёрт шилжилт хийхийн тулд хуваагдана, талцана, зовж, хохирч ч магад.  

Энэ эрсдлээс зайлсхийхийн тулд УИХ одоо эртхэн дээр нь Засгийн газарт тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлж өгөх нь чухал байна. Арга нь Ашигт малтмалын тухай хуульд орсон хэт хатуу заалтуудаа өөрчлөх. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулиас 5.7-г хасах, эс бол хувь хэмжээг нь 51-ээс дээш болгож өөрчлөх, хууль бусаар эзэмшсэн бол шууд хураана, өмнөх жилүүдийг тооцож, нөхөж төлүүлнэ, төлүүлэхдээ шууд төлүүлнэ гэх мэт радикал бодлогоо эргэж харах.

Нөхөн төлүүлж болно, гэхдээ удаан хугацаанд төлүүлж болно. Монгол Улс мөнх байна, монголчууд мөнх байна, Баялгийн сан мөнх байна гэж итгэж байгаа л бол нөхөж төлөх мөнгийг ордыг ашиглаж дуусах хугацаатай уялдуулж, жил бүр хуваарьтайгаар төлүүлж болно. Тэгэхгүй, “Шууд төл” гэж дайрах нь Засгийн газрыг “Бид энэ эрх мэдэл дээрээ удахгүй” гэдэг байр сууринаас дарамталж байгаа юм шиг харагдаж байгаа юм. Хуулиа, бодлогоо өөрчлөхгүй л бол яг л ийм юм болно.

Монгол Улс хувийн хэвшилд тулгуурлаж хөгжих ёстой гэдэг ч бодит байдал дээр өөр байгаа. Стратегийн орд эзэмшигчидтэй тохиролцохын оронд тулгалт хийж байгаа мэт аяглах нь нийт хувийн хэвшлийнхийг айлгаж байгааг УИХ хүлээн зөвшөөрөх ёстой. Өнөөдөр Засгийн газар унагахыг дэмжиж байгаа хүчний багагүй хэсгийг эдийн засаг дахь төрийн оролцоо их байгаад бухимдсан либералууд бүрдүүлж байгаа нь үүнтэй шууд холбоотой.  

Ард иргэдийн хувьд, эцсийн эцэст, үйл ажиллагаа хэвийн явуулдаг, ашигтай ажилладаг орд уурхайнууд л баялгийн санд хөрөнгө төвлөрүүлнэ гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Энэ боломжийг ажиллах бололцоог нь өгөөд хяналтаа сайн тавьж байж л хэрэгжьүүлэх боломжтой. Тэгэхгүй бол ямар ч том орд ашиггүй ажиллах эрсдэлтэй. Энэ бол Баялгийн санд хөрөнгө хуримтлагдахгүй гэсэн үг. Баялгийн сангийн хууль хэрэгжлээ гээд Монголын уул уурхайн салбарын өнөөгийн хүрсэн түвшинг дордуулж болохгүй. Харин ч улам илүү дээшлүүлэх ёстой.

Эцэст нь, Засгийн газар нь тогтворгүй, сүүлдээ Ерөнхийлөгчийн засаглалтай болох гээгүй л бол Ашигт малтмалын тухай хуулийн 5.7 дугаар заалтыг УИХ заавал өөрчлөх хэрэгтэй. Энэ бол гадны хөрөнгө оруулалттай ч холбоотой. Ирээдүйд Оюутолгой, Тавантолгой дахиж нээгдэх боломжийг хааж байгаа нь үнэн. Учир нь том орд олж, 5.7-гоос зөръе гэвэл заавал Засгийн газартай тохирох болчихоод байгаа юм.

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ

5.4.Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашигласан тохиолдолд тухайн хуулийн этгээдийн хувьцааны 50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүйгээр эзэмших бөгөөд төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож болно. Төрийн эзэмшлийн хувь, хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болно.

/Энэ хэсгийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсэгт 2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

5.5.Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр үнэ төлбөргүйгээр эзэмших бөгөөд төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож болно. Төрийн эзэмшлийн хувь, хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болно.

/Энэ хэсгийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсэгт 2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

5.6.Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина.

5.7.Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 34-өөс дээш хувийг аливаа этгээд дангаар болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшихийг хориглоно.

/Энэ хэсгийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна