Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос тавьсан саналыг хүлээн авч өчигдөр /2026.04.14/ салбарын ҮЭ-ийн холбооны тэргүүлэгчид, анхан шатны ҮЭ-ийн хорооны дарга нарын төлөөлөлтэй уулзалт хийжээ.
Тус уулзалтаар дараах асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг санал болголоо. Үүнд:
Цалин хөлс
Эрүүл мэндийн салбарт үүссэн хоёр үндсэн цалинтай байгаа асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх,
Оны сүүлийн хагас жилд буюу 8-р сараас 12-р сар хүртэл 9 хувиар нэмэгдэж нийт 45 хувийн нэмэгдлийг шийдвэрлэхэд улсын 2026 оны төсөвт тодотгол хийхэд тодорхой хувийг тусгах,
Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудын цалингийн нэмэгдэл болон 3 жил тутамд олгох тэтгэмжийн асуудал,
Хөдөлмөрийн хуулийн хүрээнд байгууллага Хамтын гэрээгээрээ ажилтнуудынхаа үндсэн цалинг нэмэгдүүлэн олгож байгаатай холбоотой гарч буй гажуудал,
Үр дүнгийн мөнгөн урамшуулал болон шөнийн цагийн нэмэгдэл хөлсний асуудал,
Нарийн мэргэжлийн эмчийн алсын дуудлага болон өвчтөн тээвэрлэж буй нийслэл, орон нутгийн эмч, ажилтанд томилолтын мөнгө, бусад асуудал,
Нийгмийн хамгаалал
Орон сууцны ипотекийн зээлд хамруулах асуудал,
Түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулах,
Эрүүл мэндийн салбарт 15-аас доошгүй жил ажилласан ажилтны нэг хүүхдийг төрийн өмчийн их дээд сургуульд үнэ төлбөргүй суралцуулах асуудлыг Эрүүл мэндийн тухай хуульд тусгах,
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй ХАБЭА-н тухай хуулийн 26.2 дахь заалтаар төсвийн байгууллага тухайн жилийн батлагдсан төсвийн 0,5%-иас доошгүй хэмжээний хөрөнгийг ХАБЭА-н болон ҮОХХМШӨ-өөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулах асуудал ажил болохгүй байгааг төсөвт тусгах,
Эрүүл мэндийн салбарын төсвийн зардлын ангилалд “зөөлөн эдлэл, нормын хувцасны зардал” гэсэн хоёр өөр зардлыг нэгтгэж төсөвт тусгадгаас шалтгаалан эмч ажилтны ажлын хувцсаа иж бүрнээр авч чадахгүйгээр барахгүй сүүлийн 3-4 жил ажлын хувцас буюу нормын хувцсаа аваагүй эмч ажилтнууд байсаар байгаа зэрэг асуудлаар мэдээлэл хийж цаашид нийгмийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллахыг хүслээ.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар салбарын эмч, ажилтнуудад тулгамдаж буй хоёр үндсэн цалингийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлж, салбарын хүний нөөц, эмч, ажилтнуудын тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч, энэ оны 5 дугаар сарын 1-нээс эхлэн нэг үндсэн цалин болж, 30% -иар нэмэгдсэн үндсэн цалингаас нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг тооцон олгох бөгөөд цаашид 8-р сараас эхлэн сар бүр 9%-иар нэмэгдэх бүрд нэмэгдсэн цалингаас тооцож олгоно гэдгийг мэдэгдлээ.
Мөн Орон сууцны ипотекийн зээл, түрээслээд өмчлөх хэрэгцээг салбарын хэмжээнд судалж хамтран ажиллахаа илэрхийлэв. Цаашид салбарын ҮЭ-ийн холбоотой хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлуудаар санал солилцон шийдвэрлэхийн төлөө ажиллана гэдгээ илэрхийлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна