“УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль” хэлэлцэгдэж амжаагүй байхдаа үр дүн үзүүлж эхэлжээ

Х.Батсайхан
41 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий УИХ-ын тухай хуулийн төсөл санаачилсан нь хэл ам, маргаантайхан шиг Чуулганы босго давж, хэлэлцэгдэхээр хүлээгдэж байгаа билээ. УИХ-ын дарга уг хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хуваарилсан бөгөөд Ажлын хэсэг нь хараахан байгуулагдаж амжаагүй буй.

Хуулийн төсөлд УИХ-ын гишүүнийг ёс зүйн алдаанд нь үндэслэж эгүүлэн татах агуулга тусгагдсан бөгөөд гишүүд ёс зүйг хуульчилж болохгүй гэдэгт санал нэгдсэн ч нэг л үндэслэлийг 100 хувь хүлээн зөвшөөрсөн нь ирц.

Хуулийн төсөлд УИХ-ын гишүүн хавар, намрын чуулганы хуралдаанд 70-аас доошгүй хувьд биечлэн оролцох, хуралд суухаас гадна заавал биечлэн санал өгөх, ирцээ бүртгүүлчихээд танхимаас гарахгүй байх, хэрвээ гишүүн хуралдааны 70 хувьд оролцоогүй, эсвэл санал өгөөгүй тохиолдолд түүнийг эгүүлэн татах үндэслэл бий болно гэж тусгасан юм.

Тэгвэл энэ хуулийн төсөл Чуулганаар хэлэлцэгдэж амжаагүй байхдаа л зарим нэг гишүүнийг сэхээрүүлж амжжээ.

Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын нэгдсэн Чуулганы үеэр УИХ-ын дарга С.Бямбацогт Хаврын Чуулган эхэлснээс хойш нэгдсэн хуралдаанд бүгдэд нь оролцож, нэг ч таслаагүй 14 гишүүнийг танилцуулсан. Эдгээр гишүүдийн дотор таслалтаараа УИХ-ын гишүүд дотроо Х.Баттулгын ддараа эхний хоёрт баарагггүй бичигддэг С.Лүндэг гишүүн багтсан нь анхаарал татав.

С.Лүндэг нь УИХ-д сонгогдсон цагаасаа л хурал тасалж эхэлсэн бөгөөд 2024-2025 оны Намрын чуулган 30 удаа хуралдахад 18-д нь үзэгдэлгүй /14-т нь эмчийн чөлөө авсан/, “Ийм гишүүн байдаг юм уу” гэсэн ярианд орж байсан.

Түүнээс хойш арай дээрдэж, 2025 оныг 69 удаагийн хуралдааны 46-д нь сууж, 23-т нь суугаагүй гэсэн үзүүлэлттэй дуусгаж байв.

Тэгвэл мань гишүүн Хаврын чуулган эхэлснээс хойших есөн удаагийн хуралдаанд бүгдэд нь сууж, А.Ариунзаяа, Б.Заяабал зэрэг хариуцлагаараа тоолгой цохидог гишүүдтэй эн зэрэгцэж эхэлсэн байна. 

УИХ-ын 2026 оны Хаврын чуулганыг нэг ч таслаагүй 14 гишүүн:

А.Ариунзаяа МАН

Б.Батбаатар ИЗНН

Ж.Батжаргал МАН

Р.Батболд ИЗНН

Д.Бум-Очир МАН

С.Бямбацогт МАН

Б.Заяабал МАН

С.Лүндэг МАН

Л.Мөнхбаясгалан АН

Б.Найдалаа ХҮН нам

Б.Пүрэвдорж АН

Д.Энхтуяа АН

Д.Энхтүвшин МАН

С.Эрдэнэболд АН




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна