М.Нарантуяа-Нара: Миний өргөн барьсан хууль Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиас өөр

Т.Отгонсувд
1 цаг 1 минутын өмнө

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара өнөөдөр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслөө УИХ-ын даргад өргөн барьсан. 

Энэ талаар түүнээс тодрууллаа.

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара "Хуулийн төслийн нэршил нь бусад ижил төрлийн хуулийн төслүүдтэй адил боловч дотоод агуулга, мөн чанараараа тэс өөр. Миний өргөн барьсан хуулийн төсөл нь Үндсэн хуулийн үзэл санааг илүүтэй баталгаажуулж, цар хүрээгээ тэлснээрээ онцлог. Нийгэм, эдийн засагт үзүүлэх үр өгөөж нь харьцангуй өндөр байх боломжтой.

Өнөөдрийг хүртэл УИХ-ын тухай хуульд гишүүнийг эгүүлэн татах тухай зарим зүйл заалт байдаг ч бодит байдал дээр хэрэгжиж, хэн нэгэн гишүүнийг эгүүлэн татаж байсан тохиолдол байхгүй. Энэ нь Үндсэн хуулийг хэрхэн хэрэгжүүлэхтэй холбоотой зарим зүйл заалт нь хүчин төгөлдөр бус, хэрэгжих боломжгүй байсантай холбоотой. Харин шинээр өргөн барьсан хуулийн төсөл нь энэхүү хийдлийг арилгаж, эгүүлэн татах харилцааг Үндсэн хуулиар илүү их бэхжүүлж өгнө. 

Хуулийн төслийг өргөн барьснаас хойш УИХ-аар найман шатны хэлэлцүүлэг явагдана. Энэ шатанд хуулиа хамгаалах нь хамгийн чухал ажил. Би мэргэжлийн хуульч биш ч манай ажлын хэсэг, баг бүрэлдэхүүнд маш олон чадварлаг хуульчид ажиллаж, хуулийн төслийг чамбай боловсруулсан. Цаашид ч хуулиа хамгаалах тал дээр нягт нямбай ажиллана.

Хуулийн төслийг хэлэлцэх явцад УИХ-ын даргатай уулзаж, санал солилцсон. УИХ-ын даргын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хууль, ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатарын санаачилсан хууль, миний өргөн барьсан хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлж, дундын ажлын хэсэг байгуулан зохион байгуулалттайгаар явах нь зүйтэй гэсэн чиглэл өгсөн. 

Миний санаачилсан хуулийн төслийн гол үзэл санаа нь УИХ-ын гишүүнийг ёс зүйгээр далайлган сүрдүүлэх, иргэдийн дуу хоолой болох үйл хэрэгт нь чөдөр тушаа, дарамт болох аливаа зохицуулалтыг оруулаагүйгээрээ онцлог. Харин иргэд, сонгогчид өөрсдөө сонгосон гишүүнээ эгүүлэн татах, Үндсэн хуулийн цэцэд хандах эрх зүйн хүрээ хязгаарыг маш сайн тэлж өгсөн.

Ингэснээр иргэдэд эгүүлэн татах боломж нээлттэй болно. Мөн УИХ-ын гишүүдийн хууль дээдлэх зарчим, ёс зүйтэй байх хариуцлага аяндаа нэмэгдэх суурь нөхцөл бүрдэнэ" гэв. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна