Төрийн болон орон нутгийн өмчийн тухай (Нийтийн өмчийн тухай) хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн О.Номинчимэгээс тодрууллаа.
Тэрбээр "Сүүлийн 30 жил төрийн болон нийтийн өмчийг тойрсон системийн авлига, шамшигдуулалт практикт нүүрлэснийг бид бүгд харж байна. Тиймээс миний ахалж ажиллаж байгаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай (Нийтийн өмчийн тухай) хуулийн төслийн ерөнхий үзэл санаа нь ерөөсөө л "нийтийн өмчийг шамшигдуулалтаас хамгаалах" тухай юм.
Хуулийн хэрэгжилтийн үр дүнд нийтийн өмчийн ашиглалт илүү ил тод, хяналттай болно. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийн ашиглалт илүү үр ашигтай болно, хариуцлага хяналт сайжирснаар үргүй зардал буурна, иргэдийн мэдээлэл авах, оролцох боломж нэмэгдэнэ.
Төрийн өмчийг хувийн “түрийвч” болгосон нэг хэсэг болон төрийг өмчгүй болгох замаар өөрсдөө эзэмших сонирхолтой бүлэглэлүүд энэ хуулийн шинэчлэл дээр огтлолцож байгаа.
УИХ-ын 77 гишүүнтэй хамт Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг миний бие ахлан боловсруулж өргөн барьсан. Үеийн үед архи, тамхины бизнесээс ашиг олдог бүлэг хүмүүсийн хүчтэй лоббиноос болж нийтийн эрүүл мэндийг хамгаалах хуулиуд гацдаг, эсвэл шүдгүй арслан шиг болж батлагддаг байсан.
Манай парламент "гэнэн хүүхэд" шиг байна. Гуравны хоёр нь анх удаа сонгогдсон учраас өмнөх "бүлэглэлийн" арга барилд баригдахгүй, зөв гэж бодсоноо хийх чин эрмэлзэлтэй байна. Гэхдээ нөгөө талдаа туршлага дутаж балчирдах, хүсэл эрмэлзэл нь бодит ажил хэрэг болох шатанд зарим нэг заль мэхэнд унах тохиолдол гарах нь бий.
Миний хамгийн их шүүмжилдэг зүйл бол амьдралгүй, судалгаагүй хууль. Популизм хийж хууль батлуулсан гэдэг нэр зүүх нь чухал биш, тэр хууль хэрэгжиж үр дүн гарах нь чухал.
Хөгжлийн төлөвлөгөө орж ирэхээр мөрөөдлийн жагсаалт шиг юм орж ирдэг. Харин биелэлтийг нь харахаар 50 хувьтай л байдаг. Биелэлт муу байгаа нь “судалгаа, тооцоололгүй төлөвлөлт” гэж өөрсдөө ч зөв оношоо тавьдаг атал алдаагаа ер засахгүй байна.
Миний хувьд хөгжлийн төлөвлөгөөг нэгдүгээрт хүндээ хөрөнгө оруулах, хоёрдугаарт гажуудсан системээ засах, гуравдугаарт эдийн засгийн өсөлтөө хангахад төвлөрөх ёстой гэж боддог. Иргэд маань өөрсдөө идэвхтэй байж, шүгэл үлээж, хяналт тавьдаг болох тусам төр илүү хариуцлагатай, шилэн болно.
Энэ хаврын чуулганаар хоёр том хууль дээр төвлөрч ажиллаж байна. Эхнийх нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай буюу Нийтийн өмчийн тухай хуулиа батлуулж, өмчийн засаглалд реформ хийх, удаахь нь Тамхины хяналтын тухай хуулиа батлуулж, хүүхэд залуусынхаа эрүүл мэндэд бодит хамгаалалт бий болгох
Хийх ажил их байна, хамгийн гол нь барьж авсан шинэчлэлүүдээ эцсийг нь үзэж, бодит үр дүн гаргахын төлөө ажиллана" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна