Ж.Батжаргал: Махны үнийг тогтворжуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ

Х.Есү
59 минутын өмнө

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал: Ерөнхий сайд цаг үеийн асуудлаар тодорхой мэдээллийг бүлгийнхээ гишүүдэд өглөө. Нийслэлийн Засаг даргыг хүлээсэн үүргээ хангалтай хангаж ажиллаагүй байна гэдэг үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэдэг зүйлийг хэлсэн. Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Хотын даргыг чөлөөлсөн. Энийг намын талцал хуваагдал мэтээр ойлгож болохгүй.

14 цагаас Засгийн газар үнийн өсөлтийн талаар асуудлаа ярина гэсэн. Үүний дараа иргэдэд мэдээлэл өгөхөөр болсон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн.  

Хуулийн төслийн гол зорилго нь санал авах өдөр хүрэлцэн ирж чадахгүй сонгогч санал авах өдрөөс өмнөх 3 хоногийн дотор харьяа санал авах байранд урьдчилан очиж, санал өгч болохоор хуульчилж, сонгогчдын сонгох эрхийг бодитоор хэрэгжүүлэх, санал өгөх боломжийг нэмэгдүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх юм.

УИХ-ын гишүүн С.Пүрэвдорж нарын таван гишүүний өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл, Ж.Баярмаа нарын 34 гишүүний өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах төслүүдийг хэлэлцлээ.

ХХОАТ-ын тухай хуулийн өөрчлөлтийн тухайд сумын төсвийн орлогын 70-80 хувийг бүрдүүлдэг тус татварыг бууруулснаар орон нутагт 2.7 их наяд төгрөгийн тасалдал үүсэж, үүнийг улсын төсвөөс нөхөхөд нийт 5.4 их наяд төгрөгийн нөлөөлөл үзүүлэх тооцоо гарсан. 

Нийслэлийн удирдлагын томилгоо болон орон нутгийн асуудал нь Үндсэн хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэгдэх асуудал бөгөөд үүнийг намын дотоод хагарал, талцалтай холбон тайлбарлах боломжгүй" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна