Л.Гантөмөр: Х.Нямбаатарыг сүрхий ажилтай залуу байна гэж харсан

Т.Отгонсувд
47 минутын өмнө

Амралтын өдрөөр Ерөнхий сайд Н.Учрал махны үнийн асуудлаар Хүчит шонхор захаар явж, нөөцийн махны хүртээмж муу байгаа талаар дурдсан. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн нөөцний махнаас 2500 тонн нь олдохгүй байна хэмээн Хотын дарга Х.Нямбаатарыг ажлаас нь чөлөөлж байгаагаа мэдэгдсэн. 

Хотын дарга ч ажлаа хүлээлгэж өгөхөө мэдэгдэж, өчигдөр ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр НЗДТГ-т очиж НЗД-ын нэгдүгээр орлогч Б.Мөнхбатад тамга тэмдгийг гардуулан өгсөн. 

Уг асуудалд ямар байр суурьтай байгаа талаар УИХ-ын гишүүн Л.Гантөмөрөөс тодрууллаа. 

Тэрбээр “Би хоёр янзаар, салгаж харж байгаа. Нэгдүгээрт, махны үнэ. Махны үнийн асуудал нь бол тусдаа. Хотын даргыг чөлөөлсөн асуудал бол тусдаа гэж харагдаж байгаа.

 Хотын даргыг чөлөөлсөн нь, МАН-ын дотоод тэмцэл маш хурцаар эрчимжиж байна. УИХ дахь хуваагдал нь орон нутгийн засаглал руу шилжиж байна.

Махны тухайд, нөөцлөх ажлыг бид сүүлийн 20 гаруй жил хийж ирсэн. Засгийн газар нөөцийн махны ажил бидэнд хамаагүй гэж хэлж болохгүй шүү дээ. Шатахууны хомсдолд оруулсан Засгийн газрын гишүүд нь ч хариуцлага хүлээх ёстой.

Ж.Энхбаяр сайд өнгөрсөн пүрэв гарагт махны нийлүүлэлтэд төр оролцохгүй гэсэн. Би тэгэхэд нь худлаа ярьж байгааг нь мэдээд хэлсэн шүү дээ. Яагаад гэвэл манай МАА-н хөгжил махны нийлүүлэлтийг зах зээлд нь даатгаад хаях хэмжээнд очоогүй байгаа. Одоохондоо ийм чадамжгүй байхгүй юу.  

Эдийн засаг хөгжлийн сайд нь худлаа яриад, хоёр хоногийн дараа Ерөнхий сайд нь гарч ирж популизм хийгээд, зах дээр ямар үнэтэй байгааг мэдэхгүй байна. Амьдралаас ингэж тасарсан байна.

Махны үнэ бол Ерөнхий сайдад тийм ч чухал биш байсан байх. Энэ бол ерөөсөө МАН-ын зодоон үргэлжилж байна. Х.Нямбаатарыг унагах ажил гэж харагдаж байна. Хотын дарга нь ч хоёр хоногийн өмнө нөөцийн мах хангалттай гэж худлаа ярьсан байна. Хаана хаанаа худлаа ярихаа болих хэрэгтэй.

 Х.Нямбаатарын тухайд, би хувьдаа их сүрхий ажилтай залуу байна аа гэж харж байгаа” гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна