М.Нарантуяа-Нара: Махны үнэ зүгээр л Х.Нямбаатарыг унагах шалтаг байсан

Х.Есү
1 цаг 34 минутын өмнө

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагаас цаг үеийн ярилцлаа.

-Амралтын өдрүүдэр Ерөнхий сайд Хүчит Шонхор захаар яваад махны үнэ өссөн гэдэг шалтгаанаар Хотын дарга Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Үүнийг таны хувьд юу гэж харж байна вэ?

-Буруу бүхэн бусдын буруу гэдэг үлгэр болж байна. Н.Учрал Ерөнхий сайдынхаа ажлыг аваад нэг сар болсон байна. Хэн ч Ерөнхий сайд болсон энд нэг үүрэг даалгавар, пракц хоорондын хагарлыг цэвэрлэх ийм л ажлыг хийж байна. Тэгэхээс биш яг бодитоор Монгол Улсыг сайн сайхны төлөө, иргэдийн амжиргаа асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байгаа хүн нэг ч алга гэдгийг ойлгох хэрэгтэй.

Г.Занданшатар Ерөнхий сайд болсноос хойш ч гэсэн энэ асуудлууд маш хүчтэй өрнөж эхэлсэн. Үүний дараагаар Н.Учрал ч гэсэн мөн энэ тэмцлийг эцэслэх цэг дээрээ ирж байна. Нэг талын сайшаалтай. МАН энэ бүлэглэл, пракцаараа удаан хамтдаа оршин тогтнож чадахгүй болсон байна. Тэгэхээр эд нар нэг талдаа гараад явна гэдэг бол өргөс авсан юм шиг Улаанбаатар түгжрэлгүй болж, махны үнэ бууж тэгшрээд, олон асуудлууд нь жигдрэх байлгүй дээ. Тийм болоод л өчнөөн зүйл хийж бүтээсэн хүнээ шахаж гаргаж байна.

Н.Учрал махны үнийг шийдэхийн төлөө Хүчит Шонхор явсан биш. Х.Нямбаатарыгаа унагах шалтаг хайж хамгийн зөв оновчтой юм олсон нь тэр байсан. Өлсгөлөн иргэдийнхээ ходоодоор далимдуулж Х.Нямбаатарыг унагах шалтаг хайж явсан байна. Улс төрийн зодооноо үргэлжлүүлж, баатар болж жүжиглэж байна. Х.Нямбаатар нь явсан ч иргэдийн амьдрал нуруун дээр чинь үлдэж байгаа шүү Н.Учрал аа.

2027 онд Ерөнхийлөгчийн Сонгууль болохтой холбоотой их олон зүйл болж байна. Түүнийх нь нөлөө манай нам дээр ч гэсэн ирсэн л байна.Энэ махны үнэ ханшийг барих чинь Засгийн газрын ажил биш юм уу. Дөнгөж ажлаа аваад А үсэг сурч байгаа хүн шиг л Хүчит Шонхор дээр очиж гэнэ. Тэнд хэзээ нөөцийн мах зарж байсан юм. Зардаггүй шүү дээ. Тэгээд одоо өөрөө махаа олж илрүүлэх байх. Цаашдаа ч их олон юм болох байх. Иргэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Улс төрчид ерөөсөө та нарын төлөө яваагүй. Гагцхүү энд хэн нь мөнгөө эзэмших вэ гэдэг асуудал л яригдаж байгаа.

Х.Нямбаатар өнөөдөр 1,6 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн гээд ярьж байна. Энэ бол маш чухал шүү дээ. Өөр хүн байсан бол энэ мөнгө байхгүй байж болох л байсан. Олон бүтээн байгуулалт ч хийсэн шүү дээ. Хүнийг харлуулахдаа бүх зүйлээр нь харлуулж болохгүй. Үнэхээр нүдэнд үзэгдээд байгаа тэр сайн сайхныг нь хэлж хүнд урам зориг өгдөг байх ёстой. Хэн ч байсан зүрх сэтгэлээрээ ажиллаад муулаад л байх юм бол өмнөх дарга нар шигээ чив чимээгүй гарч ирээд хулгайгаа хийгээд, суудлаасаа буух нь тэд нарт ээлтэй байгаа биз дээ. Тэр дарга нарыг санаж хариуцлага нэхэж байгаа хэн байгаа юм. Гэтэл үхтлээ хийж зүтгэсэн хүнээ өнөөдөр махны шалтгаар буулгалаа. Махны үнэ өсөх нь Х.Нямбаатартай ямар холбоотой юм. Энэ бол эцэстээ МАН-ын л том тэмцэл.

Х.Нямбаатар бол үс нь буурал болтлоо үзэж тарж, хотыг өнгөтэй өөдтэй болгосон шүү. Үүнийг хүмүүс хэлэх л байх” гэлээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.121.181
    49 минутын өмнө

    Нара

    Хариулах
    • 103.229.121.181
      50 минутын өмнө

      Нара браво