Бие, биенээ "Хулгайч"-аар дуудалцан тэмцэлдэх улстөрчид татвар төлөх хүслийг унтрааж байна

Zuv.mn
1 цаг 28 минутын өмнө

-Туулын мөсийг долоох шахаж олсон жаахан юмаа улстөрчдөд өгч тоглуулмааргүй байх юм-

Яг одоо УИХ-аар хэлэлцэгдэж буй Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлт нь зэсийн экспортын орлогоос АМНАТ хэлбэрээр төлөгдөж Баялгийн санд орох ёстой мөнгийг Стратегийн "ордын өгөөж" буюу татварын олон хэлбэрт шилжүүлэн төсөв рүү шилжүүлж авах үр дүн үзүүлэх талаар бид өмнө нь хөндсөн. Тэгвэл энэ удаад Баялгийн санд орж, иргэн нэг бүрийн нэрийн дансанд бичигдэх ёстой мөнгө төсөвт шилжсэнээр улстөрчдийн үзэмжээр зарцуулагдаж, энэ нь бие, биенээ хулгайч зэлгийчээр нь дуудах эрх баригч намын зодооны цуурайтай нийлэн иргэдийн татвар төлөх хүсэлд сөргөөр нөлөөлж байгаа асуудлыг хөндөж байна.   

Манай улс нэн шинэ түүхэндээ дөрвөн төрийн нүүрийг үзэж, Үндсэн хуулиа мөн тоогоор шинэчлэхдээ /1924, 1940, 1960, 1992/ тухай бүрт илүү зүүний чиг баримжаатай болгон өөрчилж байжээ. Өөрөөр хэлбэл, нийгмийн халамжийг түлхүү оруулж өгссөөр ирсэн байна. Нийгмийн халамжид зарцуулагдах мөнгө нэмэгдэхийн хэрээр аж ахуйн нэгжээс авах татварын хувь хэмжээ нэмэгдэх нь мэдээж. Гэхдээ 1992 оноос хойш аж ахуйн нэгжүүд олноор байгуулагдаж, хувийн хэвшил унаж босон хөгжлийн замдаа орж байсан үе тул татвар төдий л нэмэгдэлгүй өдийг хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, татвар нэмэх бус татварын бааз суурь буюу ААН-ийн тоо нэмэгдэж байсан нь бидний өнгөрсөн 30 жилийн аврал нь байжээ. Тийм ч учраас Монгол Улс дэлхийн бусад улсуудтай харьцуулахад татварын хэмжээ нь дундаж гэж тооцогдоно. Монгол Улсын татварын орчин нөхцөл хоёр хөрштэй харьцуулахад хүнд биш. Гэтэл одоо энэ тодорхойлолтыг өнгөрсөн цаг дээр хэлэх болчихлоо. 

Ганц аврал болж байсан ААН-ийн тоо нэмэгдэх биш хасагдаж, төр ААН рүү биш, тэднээс даруй 10 дахин их тоотой ажилчин ангийг шулах  арга руу орлоо. ОУВС-гийн өмнө хүлээсэн үүрэг нэрийн дор нийгмийн даатгалын шимтгэлийг юун түрүүнд нэмэв. Урд хормойгоороо ард хормойгоо нөхөж байсан ААН-үүд нь энэ дарамтыг даалгүй дампуурч, арай дөмөгхөн нь давхар тайлан руу орж байна.

Яагаад ийм болов. Татварын албанд бүртгэлтэй 1600 000 орчим АНН-ийн тал нь үйл ажиллагаа явуулдаггүй, үлдсэн хэдийнх нь  дунд ажил хийдэг нэг иргэний нийгмийн даатгалын шимтгэл, орлогын албан татвараас бага татвар төлдөг нь олон байна. Яагаад ийм болов. Барууны улсууд шиг орлогын талыг татварт өм цөм хурааж авдаггүй хэрнээ яагаад ААН-үүд нь татвар төлөхөөс бултаад байна вэ. Яагаад хувь хүн нь татварт өгөх мөнгөө нууж, олноороо шүүх цагдаагийн хаалга татна вэ. Энэ тал дээр олон асуудал ярьж болох ч ААН-ийн захирлууд, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн өөрсдийнх нь ярьж байгаагаар бол татвар төлөх хүслийг унтрааж буй гол шалтгаан нь төрийн чадамжгүй байдал гэнэ. МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч нь энэ байр суурийг баталж, хэвлэлээр уриалга гаргаж байсан ч удаатай.  

Поп улстөрчид татвар төлөх хүслийг унтрааж байна

Уг нь бол төр иргэдэдээ "Та татвараа төл, төлсөн татвар тань эргээд таны сайн сайхны төлөө зарцуулагдана" гэж хэлэх ёстой. Гэтэл өнөөгийн нөхцөлд ""Та татвар төлөх ёстой, таны төлсөн татварыг яахаа УИХ мэднэ" гэж хэлэх болчихоод байна. Татварт өгсөн мөнгийг нь эрхэм гишүүд тэрбум, тэрбумаар нь хувааж аваад тойрогтоо зарцуулчихна. Эс бөгөөс хадгаламж зээлийн хоршоодод мөнгөө алдсан иргэдэд өгчихнө. Заримдаа бүр ямаанд хуваарилж, ноолуурын бизнес эрхлэгчдэд тарааж өгнө. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр тутам явж буй иймэрхүү мэдээллүүд өөрөө "Та татвараа битгий төл, мөнгө чинь танд эргээд зарцуулагдахгүй төр найдваргүй шүү" гэсэн сурталчилгаа болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн мөнгөнөөс хумслах халбага нь дэндүү олон, даанч том байгаа нь аж ахуйн нэгжүүдийг орлогоо нуун дарагдуулах нэг шалтгаан болж байна. Төсвийн ихэнхийг бүрдүүлдэг томоохон аж ахуйн нэгжүүд энэ байдалд урам хугарч, татвараа нуун дарагдуулж байгаа нь нууц биш юм. Үүнийг нотлох ч шаардлагагүй, орчин нь тийм байдал руу түлхэж байна.   

Татвар төлөхгүй байх 1000 шалтгаан байна

Өндөр хөгжилтэй орнуудад татвар төлөгч байна гэдэг өөрөө том "бахархал" байдаг. Үүнийг "Тэр хүн татвар төлснийхөө үр ашгийг бүрэн эдэлж чаддаг болохоор бахархдаг юм байна" гэж ойлгож ч болно. Гэтэл манайд байдал эсрэгээрээ, татвар нуун дарагдуулснаараа бахархах шахдаг. Татварт өгсөн мөнгө өөрт нь эргэж ирнэ гэсэн итгэлгүй учраас ингэж байна гэхэд хэтрүүлсэн болохгүй л болов уу. Үнэндээ эргэж ирэхгүй ёроолгүй сав руу Туулын мөсийг долоох шахаж байж цуглуулсан хэдэн юмаа цутгахыг хэн хүсэх билээ дээ.

Хэн нэг улс төрчийг "Төсвөөс төрсөн тэрбумтан" гэж цоллоод байхаар хэн татвар өгөхийг хүсэх билээ. Өнөөдөр сонгогчдыг төлөөлж суусан хэдхэн хүн татвар хураамж, шийтгэвэрийг байнга нэмдэг, иргэд эсэргүүцэхгүй дуугүйхэн байвал тэр хэвээр нь явуулж, эсэргүүцвэл болиулдаг дураараа байдал тогтлоо. Зам ашигласны татварыг НИТХ тав дахин нэмээд буцаасан үйл явцаас энэ байдал тод харагдана. 

Дээр нь харалган бодлогууд дэндүү их явуулсан. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангаасаа хэд дахин илүү хөрөнгийг Хүний хөгжлийн санд төвлөрүүлчихээд үр ашиггүй зарцуулж орхисон жишээ хуучраагүй, шийдвэр гаргасан хүмүүс нь одоо ч УИХ-д байж л байна. 

Жижиг аж ахуйн нэгжийн татвар төлөлтийг идэвхжүүлэхийн тулд дээр өгүүлсэн хэвлэл мэдээллээр байнга гарч байдаг сөрөг сурталчилгааг арилгах (хэрэггүй зүйлд төсвийн хөрөнгө зарцуулахгүй байх), татвар төлснийхөө үр шимийг үзнэ гэсэн итгэлийг татвар төлөгчдөд суулгаж өгөх, татварын бодлогоор дэмжих хэрэгтэй юм. Товчхондоо манай улс хэдэн том аж ахуйн нэгжээ тартагт нь тултал "мөлжих" биш, жижиг аж ахуйн нэгжүүдээ дэмжих, татвар төлөгчдийн сэтгэл ханамжийн баталгааг гаргаж өгөх, үүний тулд хэрэгтэй, хэрэггүй зүйлд захиран зарцуулдаггүй байх нь шинэ шударга Монгол Улс бүрэлдэн тогтох гол үндэс суурь юм.

НӨАТ-ын буцаалтыг 5 биш юм гэхэд 3 хувь болгох ёстой 

НӨАТ бол юуны түрүүнд хяналтын тогтолцоо гэдгийг уншигчдын ихэнх нь мэдэх биз. Буцаалт бол иргэдийг баримт уншуулах хөшүүрэг, идэвхжүүлэлт бөгөөд одоо байгаа 20 хувийн /Худалдан авалтын 2 хувь/ буцаалт үүргээ хангалттай гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилүүдэд НӨАТ-аас төсөвт орох орлого тасралтгүй өсөх графикаар явсан байдаг. Энэ тоо хэмжээ багассан тохиолдолд төр НӨАТ-ын буцаалтын хувь хэмжээг нэмж, идэвхжүүлэлт хийх учиртай. Тэгвэл манай улс яг одоо ийм алхам хийх цаг нь ирээд байна. Улсын төсөвт төвлөрүүлэх НӨАТ-ын хэмжээ буураагүй ч НДШ-ийн хувь хэмжээ өндөр, их орлоготойгоос их, бага орлоготойгоос багыг авах шаталсан татварын тогтолцоо нь өөрөө далд эдийн засаг бий болгох суурь нөхцлийг хангалттай бүрдүүлж айгаа бөгөөд төр өөрөө ийм байдлыг бий болгож байгаа бол сөрөг арга хэмжээ болгож заавал арга хэмжээ авах ёстой. Тэр нь НӨАТ-ын буцаалтын хувь хэмжээг нэмэгдүүлэх юм. Бага худалдан авалтад буцаалтыг бүтэн олгох арга нь буруу биш бөгөөд дээр нь нэмээд нийтэд нь ядаж гурван хувь болгож гэмээ нь шинэчлэлээсээ  ухрахгүй байх боломжийг бий болгох юм. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.113.226
    33 минутын өмнө

    Төр. Иргэддээ. Боломжийг. Нь. Сайн. Олгоод. Эргүүлээд. Татвараа. Сайн. Төлүүлж. Төлсөн. Татвар. Болгон. Эх. Орны. Сайн. Сайхны. Төлөө. Зарцуулагддаг. Бол. Хүмүүс. Дуртай. Төлнө. Шүү. Дээ.

    Хариулах