Хүн төрөлхтөн хөгжлийнхөө явцад бий болгосон том боломжуудын нэг бол хөрөнгө оруулалтаар дамжуулан бусад улсын эдийн засагт нэвтрэх, бусад улсын хөрөнгө оруулалтыг өөрийн улсдаа татах билээ. Тэгвэл улс орнуудын ард түмний өмч хөрөнгөд суурилсан, Үндэсний баялгийн сан гэж нэрлэдэг хөрөнгө оруулалтын сангуудын бизнесийн орчин онцгой юм.
Ард түмний баялаг бол алдаж асгаж болохгүй хөрөнгө. Тийм ч учраас улс орнуудын хөрөнгө оруулалтын сангууд эрсдлээ хаах зорилгоор маш нарийн шалгуур, хатуу шаардлагын дор нэгдсэн холбоо үүсгэж, найдвартай, өгөөжөө бат өгөх төслүүдэд харилцан хөрөнгө оруулах замаар ашиг орлогоо нэмэгдүүлж буй. Манай улс ч энэхүү боломжоос хүртэхээр Чингис хаан үндэсний баялгийн сан нэгдлийг үүсгэн байгуулаад байна.
Үндэсний баялгийн сан-Алдаа, оноотой эхлэл, эрсдлээ хаасан ирээдүй
Анхны баялгийн сан 1950-иад оны үед Кувейт, Кирибати, Венесуэльд байгуулагдаж байжээ. Харин оргил үе нь XX, XXI зууны заагт тохиосон гэж хэлж болно. Энэ үед улс орнууд дор бүрнээ баялгийн санг маш эрчимтэй байгуулсан байдаг. Хөгжлийнхөө эхэн үед баялгийн сангийн нөлөөлөл харьцангуй бага байсан бол улс ороныхоо эдийн засагт үзүүлэх үүрэг роль нэмэгдэхийн хэрээр эрсдлийг хаахад төвлөрч, хамгийн найдвартай бизнесийн загвар, аюулгүй эко системийг бүрдүүлэх чиглэлд анхаарчээ.
Улмаар хүрсэн үр дүн нь 2008 онд 26 улсын Үндэсний баялгийн сан хамтран бичсэн Үндэсний аялгийн сангуудын хүлээн зөвшөөрөгдөх 24 суурь зарчим буюу Сантьягогийн зарчимууд, үүн дээр суурилан 2009 онд үүсгэн байгуулсан Олон улсын баялгийн сангийн форум (IFSWF) юм.
Сантьягогийн зарчмууд нь улс орны Үндэсний баялгийн сангийн засаглал, хөрөнгө оруулалт, эрсдэлийн удирдлагын практикийн дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн стандартууд гэж ойлгож болно. Эдгээр стандарт буюу зарчмууд нь сайн засаглал, хариуцлага, ил тод байдал, болгоомжтой буюу эрсдэлгүй хөрөнгө оруулалт хийх боломжийг дэмжих зорилготой байдаг бол 2009 онд байгуулагдсан Олон улсын баялгийн сангийн форум (IFSWF) нь гишүүдийнхээ нийтлэг ашиг сонирхлын асуудлаар тогтмол уулзаж, санал бодлоо солилцох зорилгоор 2009 онд байгуулагдсан баялгийн сангийн сайн дурын бүлэг гэж хэлж болно.
Харилцан хүлээн зөвшөөрсөн зарчимд нийцсэн буюу итгэж олох сангуудын хамтрал үүссэнээр бие, биедээ харилцан тааламжтай нөхцөл олгож эхэлснээр тэдгээр сангуудын ашиг орлого тогтвортой нэмэгдэж эхэлсэн бөгөөд эзэмшигч улсуудын хөгжил ч хурдасч, баялгийн сангийн эзэд болох ард иргэдийн амьдралд өгөөжөө өгч эхэлсэн юм. Тэр хэрээр баялгийн сангүй улсууд шинээр байгуулах, өмнө нь байгуулчихсан байсан улсууд шинийг нэмэх үйл явц өрнөсөн байдаг.
Сантьягогийн зарчимыг 26 улсын Баялгийн сан хамтран бичсэн бол өдгөө дэлхий дээр 65 улсын 130 гаруй Үндэсний баялгийн сан ажиллаж байгаа бөгөөд удирдаж буй нийт хөрөнгийн хэмжээ нь 17 их наяд ам.долларт хүрчээ. Энэ дотор бидний сайн мэдэх, 2.048 их наяд ам.доллар удирддаг Норвегийн “Government Pension Fund of Norway”-гоос эхлээд 100 сая ам.доллартай Экваторын Гвинейн “Réserves pour Générations Futures”, Мавританийн “National des Revenus des Hydrocarbures” ч бий. Манай Чингис хаан үндэсний баялгийн сан нэгдэл ч үүнд багтана.
Үндэсний баялгийн сан хөгжлийн боломж болж хувирсан шинэ нөхцөл байдал
Улс үндэсний болон орон нутаг мужийн түвшний нийт 140 орчим баялгийн сан 65 улсад үйл ажиллагаа явуулж байгаа талаар дээр дурдсан. Найман жилийн өмнө л энэ тоо хоёр дахин бага /48 улсын 70 гаруй баялгийн сан, нийт хөрөнгө найман их наяд орчим ам.доллар/ байсан бөгөөд тоо нь олширсон гол шалтгаан нь Олон улсын баялгийн сангийн форум (IFSWF), түүгээр дамжиж бий болдог асар их боломж бололцоог олж аван ард түмнийхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх, хөгжлөө тэтгэх зүй ёсны ашиг сонирхол юм.
Эдгээр сангууд, ялангуяа шинэ тутам байгуулагдсан хөгжиж буй улсуудын баялгийн сангууд үйл ажиллагаагаа Сантьягогийн зарчимд нийцүүлж Олон улсын баялгийн сангийн форум (IFSWF)-д хүлээн зөвшөөрөгдөх, өөрөөр хэлбэл форумын гишүүн улсуудын бие, биедээ харилцан олгодог бизнесийн таатай нөхцлийг олж авахыг эрмэлзэж байна. Хэрвээ чадвал өөрийн улсын хязгаарлагдмал нөөцийг бусад улсаас нөхөх, ингэхдээ маш эрсдэл багатайгаар хөрөнгөө өсгөх боломжийг бүрдүүлдэг. Баялгийн сангуудын удирддаг хөрөнгийн хэмжээ огцом өссөн нь энэ механизм үр дүнтэй ажиллаж байгааг харуулах нэг баримт юм.
Үндэсний баялгийн сан бол улс орны бүгдийнх нь хувьд “Эрсдэлийн сан”, амьдрал хэцүүдсэн үедээ гаргаж хэрэглэх хадгаламжаас гадна эдийн засгаа “солонгоруулах” арга хэрэгсэл, хөгжлөө хурдасгаж, иргэдийнхээ аж амьдралыг тэтгэх боломж юм. Зорилгоосоо шалтгаалаад хөрөнгөө эргэлтэд оруулж байгаа арга хэлбэр нь ялгаатай, гэхдээ тухайн сангийн өөрийнх нь засаглалыг сайн байлгах, хөрөнгө оруулалтын найдвартай байдал буюу даатгал, давхар даатгал гээд эрсдэл хаах чиглэлд илүү анхаардгаараа адилхан гэсэн үг.
Улс орнуудын нэг хэсэг нь баялгийн сангаасаа гаднын улс орнуудад хөрөнгө оруулалт хийж ашиг хүртэн, төсвийн зардлаа нөхдөг бол зарим нэг улсын хувьд шинэ төсөл эргэлтэд оруулж, үндэсний баялгийг шударга, тэгш хуваарилах хэрэгсэл болгодог.
Тухайлбал, Баялгийн сангаа төсвийн орлогын эх үүсвэр болгосон орны тоонд Арабын нэгдсэн Эмират Норвеги, Азербайжан зэрэг улсууд орно.
Газрын тосноос өөр экспортын орлогогүй Арабын нэгдсэн Эмират улс эдүгээ ДНБ-ийхээ 20 гаруйхан хувийг нь л “хар алт”-наас олж байна. Үлдсэнийг нь “Emirates investment authority” тэргүүтэй, нийт 2.751 их наяд ам.долларын хөрөнгө удирддаг нэр бүхий найман хөрөнгө оруулалтын хүчирхэг сангийн орлогоос бүрдүүлдэг болсныг энд дурдаж болно.
Дээрх сангуудыг үүсгэн байгуулснаар Арабын нэгдсэн Эмират улс ганц газрын тосны салбараас хараат байхаа больж, санхүүгийн эх үүсвэрээ “солонгоруулж” чадсан байдаг.
Оройхон гарсан ч ширүүхэн дайрах Монголын боломж
Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн лхагва гараг, билгийн тооллын зуны дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр “Эрдэнэс Монгол” нэгдлийн шинэчлэл, бүтцийн өөрчлөлтийн талаар авах арга хэмжээний тухай тогтоол баталж, “Чингис хаан үндэсний баялгийн сан” ХХК-ийг “Эрдэнэс Монгол” нэгдэлд нэгтгэж, нэрийг нь “Чингис хаан баялгийн сан нэгдэл” хэмээн өөрчилсөн билээ.
“Эрдэнэс Монгол” нэгдэл байгуулагдсан цагаасаа төрийм өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудыг нэгдсэн удирдлагаар хангах чиглэлээр ажиллаж ирсэн. Засгийн газрын тогтоол батлагдсанаар уурхай удирддаг байгууллагаас үндэсний баялаг удирддаг байгууллага болж буй.
Өөрөөр хэлбэл, шинээр зохион байгуулагдсан “Чингис хаан баялгийн сан нэгдэл” нь,
Ингэснээр, дээр бичсэнчлэн, дэлхийн улс орнуудын Үндэсний баялгийн сангийн бий болгосон “хөрөнгө оруулалтын бизнес”-ийн таатай экосистемд нэвтэрч, хөрөнгө оруулах замаар өгөөж хүртэх, өөрийн төслүүдийг бусад улс орны Үндэсний баялгийн сан болон бусад хөрөнгө оруулалтын сангуудад санал болгож, өгөөжийг нь нэмэгдүүлэх үйл ажиллагаа эрхлэх болж байна.
Энэ хүрээнд компанийн дүрмийг шинэчилж,
-Төрийн өмчийн стратегийн хөрөнгийг нэг бодлого, нэг удирдлагаар удирдах эрх зүйн суурийг бүрдүүлэх,
-Өмчлөгчийн бодлого, хөрөнгийн удирдлага, компанийн өдөр тутмын үйл ажиллагааны чиг үүргийг тодорхой зааглаж, улс төрийн оролцоог бууруулна.
-Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэд аудит, эрсдэл, хөрөнгө оруулалт, нэр дэвшүүлэлт, байгаль орчин, тогтвортой хөгжлийн байнгын хороод ажиллаж, шийдвэр бүр мэргэжлийн үнэлгээ, хяналтад тулгуурлах
-Төрийн өмчит компаниудыг IPO хийх, хөрөнгө татах, дотоод болон олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах эрх зүйн суурийг бүрдүүлэх зорилтыг нэн тэргүүнд тавьжээ.
Узбекистан улс төрийн өмчит компаниудын шинэчлэлийг эрчимжүүлж, дэлхийн тэргүүлэх хөрөнгийн удирдлагын байгууллага болох “Franklin Templeton”-той хамтран төрийн өмчийн хөрөнгийн үнэ цэнийг өсгөх, IPO-д бэлтгэх, олон улсын хөрөнгө оруулалт татах шинэ тогтолцоог бүрдүүлж буй.
“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК энэ жишгээр явах бөгөөд ингэснээр төрийн өмчийн компаниудад давхардал хийдэл арилж зардал буурах, улмаар үнэ цэн өсөн нэмэгдэх үр нөлөө гарна гэж буй. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Монгол” нэгдлийн шинэчлэл, бүтцийн өөрчлөлтийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг танилцуулахдаа Ерөнхий сайд Н.Учрал, “Чингис хаан баялгийн сан нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалайн дурдсан үр ашиггүй 14 ТӨК-ийг татан буулгасан /заримыг нь чиг үүрэг давхардсан ААН-ид нэгтгэсэн/ шийдвэр нь эрх мэдлийн шилжилт гэхээсээ сайн засаглалын чигт хийгдэж байгаа алхам, шинэчлэлийн эхний үр дүн юм. Хөрөнгө удирдах компани бусдад итгэл төрүүлэхүйц байхын тулд засаглал сайн байх ёстой, ийшээ чиглэснээр хүссэн хүсээгүй ТӨК-иудын ашигт ажиллагааны түвшин өсөх нь тодорхой.
Зарим нь салбартаа монополь байдлаар ажиллаж, асар их ашиг олдогч тэр хэрээр худалдан авалт хийж ашиггүй тайлан гаргадаг, худалдаж авсан хөрөнгөө дараа нь дансны аргаар халаас руугаа гулгуулдаг ТӨК-иудын өнөөгийн дүр төрх өөрчлөгдөнө гэсэн найдлага байна.
Энэ төлөвлөгөө амжилттай хэрэгжвэл монголчууд гаднын улс орнуудад хэрэгжих ашигтай төслүүдээс өгөөж хүртэх боломж бий болно. Түүнчлэн, өөрт байгаа төслүүддээ хөрөнгө оруулалт татах ч боломжтой. Товчхондоо, монголчууд баялгийн сангаараа дамжуулаад гаднын Оюутолгой, Тавантолгой шиг төслүүдээс өгөөж хүртэнэ үү, өөрт байгаа төслүүдээ хөрөнгө оруулалт татаж хоёр дахь, гурав дахь Оюутолгой, Тавантолгойгоо бий болгоно уу, бидний сонголт болж хувирна гэсэн үг.
Хөрөнгө оруулалтын сангуудын үр өгөөж сайн байгаа учир дэлхийн улс орнууд Баялгийн сан байгуулах нь нэмэгдэж, энэ үйл явц огтхон ч зогсохгүйи байна. Дэлхийн хүчирхэг гүрэн АНУ гэхэд хиймэл оюун ухааны хөгжүүлэлтэд чиглэсэн шинэ сан байгуулж байгаа бол Канад улс хоёрхон сарын өмнө дотоодын төслүүдээ санхүүжүүлэх Баялгийн санг шинээр байгуулахаа зарлалаа.
Эргэлдүүлж буй хөрөнгийн хэмжээгээр ялгаатай ч сүүлд байгуулагдаж буй Баялгийн сангуудын өгөөж, өсөлтийн хурдац өмнөхөөс хамаагүй өндөр байгаа байдал ажиглагдаж байгаа. Үүнд сайн менежмент нөлөөлж буй. Тодруулбал, хараат бус, мэргэжлийн хөрөнгө оруулалтын менежментийн компанид удирдлагыг хариуцуулснаар ийм үр дүн гаргаж байна.
Энэ тал дээр, “Чингис хаан үндэсний баялгийн сан” ХХК /Одоогийн “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК/ нь өнгөрсөн жилээс үйл ажиллагаагаа /дээр тодорхой танилцуулсан/ Сантьягогийн зарчимд нийцүүлэх талаар судалгаа эхлүүлээд явж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна