Г.Дамдинням VS Л.Мөнхбаясгалан

Х.Есү
1 цаг 23 минутын өмнө

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн иргэд шатахуун түгээх станцын гадна хонон өнжин бензинд дугаарлаж байна. Аж үйлдвэрийн яамнаас нь шатахуун хангалттай орж ирж байгаа, нийлүүлэлт сайн байгаа гэх хариултыг өгсөн ч бодит нөхцөл байдал дээр тэс өөр байна. 

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр, "Ингэж ард түмнээ шатахуунд хонон өнжин дугаарлуулж, үнэтэйг нь шахаж өдий удсаныхаа төлөө Дамдинням байтугай, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ зайлах хэрэгтэй…. 

Биднийг эхлээд шатахууны хомсолд дасгасан. Одоо ямар ч үнээр хамаагүй шатахуун олдож л байвал боллоо гэсэн сэтгэхүйд дасгаж байна. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт пуужиндаж иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрлээ. Засгийн газрыг огцруулах бичгээ өргөн барь гэж намынхаа даргад шаардлага хүргүүлье маргааш" гэжээ. 

Харин энэхүү байр суурийг харсан Г.Дамдинням өөрийнхөө хийсэн ажлыг магтав. 

Тэрбээр, "Арай ч ингэж "үнэтэйг нь шахаж байна" гэж гүтгэж болохгүй л дээ.

Л.Мөнхбаясгалан гишүүн Та манай яамныхантай цуг импортлогч компаниудын агуулахад очиж, хил, гаалийн тоон мэдээг тулган үзэж хамтран ажиллахыг урьж байна.

Аж ахуйн нэгжүүд орж ирсэн болгоныг түргэн шуурхай түгээж байна. Түгээгч, жолооч, хил, гааль, тээврийн цагдаа, төр, хувийн хэвшил гар нийлээд ажиллаж байна. Эргэн тойронд дайн дажинтай. 100% бусдаас импортолдог Монгол улсад хүссэний хэрээр шатахуун олдохгүй байгаа нь үнэн.

Шатахуун бол зөвхөн ихийг олж ирэх тухай өрөөсгөл асуудал биш юм. Импорт, олон эх үүсвэр, нөөцлөх хүчин чадал, газрын тосны үйлдвэр, хайгуул гэсэн иж бүрэн бодлого, шийдэл билээ.

•Гучаад жилийн хоосон яриаг дуусгаж, нөөцийн савны хүчин чадлыг нэмж байна

•Олон эх үүсвэрээс импортолж эхэллээ

•Газрын тосны үйлдвэрийн хөрөнгө санхүүжилтийг гацаанаас гаргаж, ажил нь эрчээ авлаа.

•БНХАУ-ын хөрөнгө оруулагчтай үүссэн 10 гаруй жилийн маргааныг цэглэж, газрын тосны хайгуул, олборлолтоо эрчимжүүлж байна

•Газрын тосны тухай хуулийн шинэчлэн найруулгыг УИХ-д өргөн барихад бэлэн болголоо.

Яг одоо Япон улстай хамтран Монгол улсын стратегийн нөөц хадгалах савны хөрөнгө санхүүжилтийн талаар зарчмын тохиролцоонд хүрээд явж байна. Өөр улс орнуудад очиж ажиллана. Монгол улсаа шатахууны хэт хамаарлаас гаргахын төлөө хичээн ажиллаж байна. Үр дүн гарч байна. Улам илүү хичээнэ.

Дэлхийн байдлыг бид өөрчлөхгүй боловч өөрөөсөө хамаарах бүхнийг хийх нь Та бидний үүрэг.

Олон улсын нөхцөл байдлыг ойлгон, хүлээцтэй хандаж байгаа хүн бүрд талархал илэрхийлье. Монголчууд эвдрэлцэж бус эвлэлдэж, хүндийг даван туулж чадна гэдэгт итгэл төгс байна" гэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна