Монгол–Энэтхэгийн Гадаад хэргийн сайд нарын хэлэлцээний гол үр дүн

Х.Есү
1 цаг 4 минутын өмнө

Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзлээ дахин нотлов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр ярьж, тохирсон ажлуудыг эрчимтэй хэрэгжүүлэхээр санал нэгдэв.

Монгол–Энэтхэгийн хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн хэрэгжилтийг саадгүй урагшлуулж, төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахын чухлыг онцлов.

Худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, худалдааны бүтэц, нэр төрлийг төрөлжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр болов.

Монголоос Энэтхэг Улсад коксжих нүүрс болон бусад уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох боломжийг идэвхтэй судлахаар санал нэгдэв.

Хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, түүхий эдийн нийлүүлэлт, боловсруулах үйлдвэрлэл, технологийн хамтын ажиллагаа, хүний нөөцийн солилцоог нэмэгдүүлэхээр тохиров.

Тээвэр, логистикийн шинэ гарц, холболтыг хөгжүүлэх, гуравдагч улсын боомт болон тээврийн коридорын боломжийг хамтран ашиглахаар болов.

Улаанбаатар–Дели чиглэлд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг дэмжиж, агаарын харилцааг өргөжүүлэхээр тохиролцов.

Боловсролын салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлж, тэтгэлэг, сургалтын хөтөлбөр, мэргэжил дээшлүүлэх боломжийг нэмэгдүүлэхээр болов.

Монголын хөдөө орон нутгийн сургуулиудад англи хэл заах, англи хэлний багш бэлтгэх хамтарсан төсөл хэрэгжүүлж, Энэтхэгийн багш нарыг ажиллуулах боломжийг бүрдүүлэхээр тохиров.

Эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, хиймэл оюун ухааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр болов.

Энэтхэгийн фермерүүдийн малын бэлчээр, эрүүл мэндийг ухаалаг технологиор хянах туршлагыг Монголд нэвтрүүлэх боломжийг судалж, хамтран ажиллахаар ярилцав.

НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг улам бэхжүүлэхээ харилцан нотлов.

Энэтхэгийн дэмжлэгтэй хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэр, Энэтхэг–Монголын Найрамдлын сургууль, Мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн төв зэрэг төслүүдийн хэрэгжилтийг сайшаав. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна