“Silkroad Innovation Hub” болон Мэдээллийн технологийн үндэсний парк хамтын ажиллагааны уулзалт хийжээ

Zuv.mn
1 цаг 3 минутын өмнө

Төв Евразийг АНУ-ын Цахиурын хөндийтэй холбож, гарааны бизнесүүдийг олон улсын зах зээлд таниулах зорилготой, экосистем хөгжүүлэгч Silkroad Innovation Hub-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ассет Абдуалиев 2026 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Мэдээллийн технологийн үндэсний паркт зочилж, хамтын ажиллагааны уулзалт хийжээ.

Уулзалтын үеэр талууд өмнөх хугацаанд хэрэгжүүлсэн хамтын ажиллагааны үр дүнг дүгнэж, гарааны бизнесийн экосистемийг дараагийн түвшинд хөгжүүлэх боломжуудын талаар санал солилцжээ. Мөн ойрын жилүүдэд хэрэгжүүлэх хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг тодорхойлон, инновацын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд тохиролцоонд хүрлээ.

Тухайлбал, Монгол Улсад “AI Leaders” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, гарааны бизнес болон инновацын экосистемийг дэмжих хамтарсан санаачилгуудыг өргөжүүлэх талаар хэлэлцсэн байна. Энэ нь бүс нутгийн стартапуудыг олон улсын зах зээлд гарах нөхцөлийг сайжруулах, хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Уулзалтын хүрээнд мөн Мэдээллийн технологийн үндэсний паркийн гарден талбайд инкубатор компаниуд болон технологи, инновацын салбарын төлөөллүүдийг хамруулсан нетворкинг арга хэмжээ зохион байгуулжээ. Оролцогчид бизнесийн санаа, туршлагаа солилцож, гарааны бизнесийг хөгжүүлэх дараагийн шат, хөрөнгө оруулалт татах арга зам, мөн Төв Ази болон АНУ-ын зах зээлд нэвтрэх боломжийн талаар санал солилцсон байна.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатарын урилгаар Узбекистаны IT Park-ийн захирал асан, зөвлөх Абдулахад Кучкаров Монгол Улсад хүрэлцэн ирж, МУИС-д болсон хэлэлцүүлэг, уулзалтад оролцож, Узбекистаны IT Park-ийн туршлага, бүс нутгийн технологийн хөгжлийн загварыг танилцууллаа. Мөн Монголын технологийн салбарын төлөөллүүд болон Мэдээллийн технологийн үндэсний паркийн удирдлагуудтай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцсэн юм.

Тэрээр Узбекистаны IT Park нь 2019 онд байгуулагдсан бөгөөд Төв Азийн хамгийн том технологийн экосистемүүдийн нэгт тооцогддог. Тус паркийн резидент компаниуд дэлхийн 90 гаруй улсад программ хангамж, аутсорсинг болон дижитал үйлчилгээ экспортолж, 2800 гаруй IT компани нэг дор төвлөрөн үйл ажиллагаа явуулж байна.

Энэхүү уулзалт, хэлэлцүүлгүүд нь Монголын гарааны бизнесийн экосистемийг бэхжүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын туршлага болон хөрөнгө оруулалтын боломжийг дотоодын стартапуудад хүргэх, улмаар инновацын салбарын хөгжлийг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна